Модчины алтан сүх (Грек ардын үлгэр)

Twitter Print
2020 оны 12-р сар 25-нд 18:15 цагт
Мэдээний зураг,

Эрт цагт нэгэн модчин ойгоос түлээ мод бэлтгэн түүнийгээ зах дээр зарж идэх хоол, уух ундны мөнгөө олон борогхон ч гэлээ сэтгэл хангалуун амьдардаг байжээ.

Нэг өдөр тэрбээр урьдын л адил түлээ мод бэлтгэхээр ойд ирэн шаргуу ажиллаж байлаа. Мод огтлон унагаж байх зуур сүх нь гарнаас нь халтирч далий цавчигдаад дэргэдээ урсаж байсан гол руу уначхав гэнэ. Гол ихэд гүнзгий бөгөөд урсгал нь маш эрчтэй байснаас модчин унагасан сүхээ хайгаад олсонгүй аж. Түүнд ердөө ганц л сүх байдаг бөгөөд ийнхүү амь зуулгадаг ганц зүйлээ алдсандаа яах учраа мэдэхээ байн харамсаж голын дэргэд суугаад уйлж эхлэв гэнэ. Модчинг ийнхүү цурхиран уйлж байх хооронд гол дотроос лусын савдаг гарч ирэн учир явдлыг асуухад тэрбээр өөрт тохиолдсон явдлаа бүгдийг тайлбарлан өгүүлжээ.

Лусын савдаг болсон явдлыг сонсоод модчинд голд унагасан сүхээ олоход нь туслахаар болов. Ингээд лусын савдаг гол руу эргэн орж гартаа мөнгөн сүх барьсаар буцан гарч ирэхэд модчин өөрийнх нь сүх биш болохыг хэлэв. Тэрбээр дахин гол руу орж гартаа алтан сүх барьсаар эргэн гарч ирэхэд модчин дахиад л өөрийнх нь сүх биш болохыг хэллээ. “Хүү минь сайн хар. Энэ чинь үнэхээр үнэд хүрэхүйц алтан сүх шүү дээ. Чинийх биш гэдэгт итгэлтэй байна уу?” хэмээн лусын савдаг дахин лавлан асуухад модчин хариуд нь “Үгүй ээ, энэ минийх биш.

Би алтан сүхээр мод цавчиж чадахгүй шүү дээ. Надад огт хэрэггүй эд байна” гэв. Үүнийг сонсоод лусын савдаг инээмсэглэн дахин нэг удаа гол руу орж гартаа төмөр сүх барьсаар гарч ирэхэд модчин сая л нэг баярлан энэ удаад өөрийнх нь сүх мөн болохыг батлаад баярлаж талархсанаа илэрхийлэв гэнэ. Модчины шударга занг хараад сэтгэл нь ихэд хөдөлж, бахдан биширсэн лусын савдаг модчинд өөрийх нь төмөр сүхнээс гадна өнөө алтан, мөнгөн сүхнүүдийг ч давхар бэлэг болгон өгсөн ажээ.

Эх сурвалж: Богино үлгэрүүд

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.