Бэлгийн чиг хандлагаар нь гадуурхан, цайны мөнгө өгөхөөс татгалзжээ

Twitter Print
2013 оны 11-р сар 20-нд 12:59 цагт
Мэдээний зураг,

Хүний эрхийг дээдэлдэг, бэлгийн янз бүрийн хандлагуудыг хүлээн зөвшөөрч, дэмждэг гэгддэг Америкт хүний эрхэнд халдсан, бэлгийн чиг хандлагаар нь ялгаварлан гадуурхсан хэд хэдэн тохиолдол гарчээ.

Нью Жерси мужийн нэгэн ресторанд гэр бүлийн 4 хүн 93.55 долларын хоол ундаар үйлчлүүлээд гарахдаа өөрсдөд нь үйлчилсэн тус рестораны зөөгч, хатагтай Дейна Моралесд гар цайлгах мөнгөний оронд зурвас үлдээжээ. Тэр зурваст, “Таны амьдралын хэв маяг бидэнд таалагдахгүй байгаа тул танд цайны мөнгө үлдээгээгүйдээ уучлал хүсч байна” гэсэн байжээ. Хатагтай Моралес хэлэхдээ би тэднийг хооллохоор орж ирээд, миний хариуцсан ширээнд суухад зөөгч хүний үйлчлүүлэгчиддээ хамгийн түрүүнд хэлдэг “Миний нэрийг Дейна гэдэг. Өнөөдөр би та бүхэнд үйлчлэх болно” гэдэг үгийг хэлсэн байна. Гэтэл эхнэр нь “бид таныг нэрээ Дан гэж хэлэх байх даа” гэж бодож байлаа гэж хариулсан байна. Мөн яг ийм шалтгаанаар өөр зөөгч цайны мөнгөө авч чадаагүй байна. Тэр зөөгч бас л цайны мөнгөний оронд зурвас авсан бөгөөд “Таны үйлчилгээ гайхамшигтай сайн байлаа. Танд баярлалаа. Гэхдээ Бурханы зурсан зургаар амьдраагүйн чинь төлөө бид танд цайны мөнгө үлдээхээс татгалзаж байна. Бурханд тэрслэгчид Бурханы ариун хишгээс хүртэх ёсгүй юм. Өөрийгөө өөрчлөхөд хэзээ ч оройтохгүй. Бурхан чамайг өршөөг” гэсэн байжээ.

“Тип” буюу гар цайлгах мөнгийг барууны орнууд, Америкийн нэгдсэн улсад үйлчилгээний газруудад заавал өгөх бичигдээгүй дүрэм үйлчилдэг. Цайны мөнгө өгөх ёстой гэж хэлдэггүй боловч үйлчилгээ авсан хүн бүр гар цайлгах мөнгө өгөх ёстойг багаасаа ойлгож, өгч хэвшсэн байдаг. Үйлчилгээний газрууд, тэр дундаа ресторан, баар, цайны газрууд, үсчин, гоо сайхан, дуудлагаар үйлдчилгээ үзүүлдэг газрууд гээд хүн чамд онцгойлон анхаарал тавьдаг бүх газруудад энэ ёсыг дагадаг. Ийм төрлийн ажил олгогч ажилтантай хөдөлмөрийн гэрээ хийхдээ хүртэл үндсэн цалин дээр гар цайлгах мөнгөө авна гэж тодорхой зааж өгсөн байдаг. Цайны мөнгийг яг тэд гэж заагаагүй ч, ихэнх хүмүүс үйлчилгээ авсан үнийн дүнгийн 15-20 хувиар тооцож өгч хэвшсэн байдаг. Зарим тохиолдолд үйлчилгээ авч буй хүнийхээ сэтгэл ханамж болон хөрөнгө мөнгөний чадамжаас шалтгаалан маш өндөр байх нь ч бий. Сэтгэлдээ хүртэл үйлчилгээ авч чадаагүй бол гар цайлгахаас татгалзаж болох ч ихэнх тохиолдолд үүнийг маш бүдүүлэг үйлдэл гэж үздэг байна.

Дээр дурдагдсан хатагтай Дейна нь гомосексуал бэлгийн чиг хандлагатай, урд нь Америкийн усан цэрэгт алба хааж байжээ. Тэр цайны мөнгөний оронд хүлээж авсан зурвасаа гей хүмүүсийн мэдээлэл солилцдог фэйсбүүк-ээр дамжуулан олон нийтэд хүргэжээ.

Хатагтай Моралес, “намайг ингэж ялгаварлан гадуурхсанд маш их гомдож байна. Ийм хүмүүсийг хамгаалах гээд Тэнгисийн цэрэгт алба хааж хүртэл байсан хүн шүү дээ. Энэ гэр бүл намайг доромжлоод зогсохгүй, үр хүүхдээ хүртэл ийм байдлаар хүмүүжүүлж байгаад үнэхээр харамсаж байна. Ахиад ийм хүмүүс миний амьдралд бүү тааралдаасай гэж залбирч байна" гэжээ.

Энэ зурваст хүмүүс фейсбүүк олон нийтийн сүлжээгээр 4,000 лайк өгч, маш олон хүн сэтгэл санаагаар дэмжиж буйгаа илэрхийлжээ.

“Ийм ёс зүйгүй хүмүүсийн өмнөөс уучлал гуйж байна. Хүмүүс ээ, та нар үйлчилгээ авсан л бол үйлчилгээнийхээ үнийн дүнгийн 15-20 хувиар цайны мөнгө өгөх хэрэгтэй. Энэ бол хууль. Тэр хүн ажлаас гадуур юу хийдэг, яаж амьдардаг нь бусдад хүртээлгүй” гэж түүнийг дэмжигч нэгэн бичсэн байна. 

Бас нэгэн дэмжигч Дейна-гийн авч чадаагүй цайны мөнгийг түүнийг дэмжиж байгаа хүн бүр 1 доллар хандивлан нөхөн өгөхийг уриалсан байна.

Тэрээр өөрийг нь дэмжсэн бүх хүмүүст талархал илэрхийлээд, хэрвээ хүүхдүүд нь байгаагүй бол би тэдэнд хангалттай хариу барьж чадах байсан. Гэвч би хүүхдүүдийн дэргэд ёс зүйгүй үйлдэл хийх хүмүүжил муутай хүн биш ээ гэсэн байна.

Энэ явдал Америкт хэдийнээ олон нийтийн анхааралын төвд орсон бөгөөд маш олон сонин өөр өөрийн өнцгөөр ярилцлага авч нийтэлсэн байна. Нэгэн сонины ярилцлагад, ахиад тэр гэр бүл таниар үйлчлүүлэхээр ирвэл яах вэ? гэсэн асуултанд, “Би ажлаа нэр төртэй хийж, дээд зэргээр боловсон, эелдэг, сайхан үйлчлэхийг л бодно. Энэ бол миний үүрэг” гэсэн байна. 

Сэтгүүлч Ц.Мөнхбаяр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.