Озоны давхаргыг хамгаалахад иргэн бүрийн оролцоо чухал

Twitter Print
2014 оны 09-р сар 17-нд 16:16 цагт
Мэдээний зураг,

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр жил бүрийн есдүгээр сарын 16-ны өдрийг Озоны давхаргыг хамгаалах олон улсын өдөр болгон тэмдэглэж ирсэн. Озон задалдаг бодисын тухай Монреалын протоколд 1987 оны есдүгээр сарын 16-ны өдөр анх 24 орон гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болж, өнөөдөр дэлхийн бүх улс нэгдсэн томоохон конвенц болж чадсан юм. Энэ жилийн Олон улсын Озоны давхаргыг хамгаалах өдрийг тохиолдуулан БОНХ-ийн Сайд С.Оюун, Озоны үндэсний албаны дарга Ц.Адъяасүрэн, Монголын хөргөлтийн холбооны ерөнхийлөгч Л.Даваасүрэн, холбооны гүйцэтгэх захирал Ш.Энх-Амгалан,Үндэсний зохицуулагч М.Оюунчимэг нар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Озоны үндэсний албаны дарга Ц.Адъяасүрэн озоны давхаргын талаар тайлбарласан юм. Озоны давхарга нь агаар мандлын дээд давхарга дахь хүчилтөрөгчийн гурван атомын нэгдэл бөгөөд нарны хэт ягаан туяанаас амьтан ургамал хүн төрөлхтөний хамгаалагч бамбай юм. Озоны давхарга цоорсноор нарны хортой хэт ягаан туяа дэлхийн гадаргад шууд нөлөөлж, хүний дархлалын системийг доройтуулах, нүдэнд цагаа унах, болор цайх, нүд сохрох, арьсны хорт хавдар үүсгэх зэргээр хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байдаг аж. Тиймээс энэ өдрийг Озоны давхаргыг хамгаалах олон улсын өдөр болгон тэмдэглэж, хүмүүст энэ талаар мэдээлэл хүргэх, мэдлэг тараахыг зорилго болгодог гэсэн юм.

1980-аад оны сүүлээр зарим төрлийн газ болон фтортой ба хлортой нэгдлүүд нь озоны молекулуудыг гэмтээж озоны давхаргыг цоолж байгааг тогтоож, дэлхий нийтээр шуугиан тарьж байжээ. Энэ талаар хурлын үеэр БОНХ-ийн Сайд С.Оюун “ 1980-аад оны сүүлээр түгшүүр төрүүлсэн зүйл болоод байгааг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарласан. Тиймээс Монреалийн протоколыг хэрэгжүүлж, үүний үр дүнд ахуйн хэрэглээ, үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний салбар дахь зарим төрлийн озон задалдаг бодисын хэрэглээний 98 хувийг олон улсын төвшинд үйлдвэрлэл, хэрэглээнээс гаргасан. Ингэснээр Озоны давхарга ирэх хагас зуун жилийн турш нөхөн сэргэх боломжтой болсон” гэдгийг онцоллоо.

Хүн төрөлхтөн хөгжиж, технологи дэвших нь сайшаалтай ч нөгөө талаар озоны давхаргад сөргөөр нөлөөлж эхэлсэн. Эрдэмтэд хлортфтортнүүрстөрөгч хий буюу хөргөлтийн хий агаарт алдагдсанаас шалтгаалж озоны молекулыг задлан, озоны давхарга дахь озоны хэмжээ багасгаж байгааг 1970-аад оны үеэс судлан тогтоосон байдаг. Үүнээс хойш дэлхий нийтээр энэ төрлийн тоног төхөөрөмжүүдээс татгалзаж, цаашид ч байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чиглэх болсон юм.

Манай улс озоны давхаргыг хамгаалах зорилтын хүрээнд хийсэн ажлын талаар БОНХ-ийн Сайд С.Оюун “Монгол Улс 2010 онд озон хадлах CFC төрлийн бодисын импорт хэрэглээг бүрмөсөн зогсоож, олон улсын өмнө хүлээсэн үүргээ амжилттай биелүүлж байгаа. Олон улсын хамтын нийгэмлэгийн дараагийн шатны зорилт болох дэлхийн дулааралд үлэмж нөлөөтэй гидрохлорфторт нүүрстөрөгчийн төрлийн (HCFC) бодисыг бууруулах “Монгол улсын HCFC хөргөх бодисын менежментийн хөтөлбөр”-ийг боловсруулсныг Озоны давхаргыг хамгаалах конвенцийн удирдлага 2011 онд баталсан. Мөн цаашлаад Озон задлах чадвар багатай ч дэлхийн дулааралд үлэмж нөлөөтэй гидрохлорфторт нүүрстөрөгчийн төрлийн бодисуудыг үе шаттай бууруулан хэрэглээг бүрмөсөн зогсоох олон улсын шинэ хөтөлбөрийг 2030 он хүртэл үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. гээд олон ажил байна” гэдгээ хэллээ.

Манай улс озоны давхаргыг хамгаалах үйл ажиллагаанд амжилттай оролцсоныг үнэлэн өнгөрсөн жил “Озоны давхаргыг хамгаалах Венийн конвенц”-ийн нарийн бичгийн даргаас Озоны давхаргыг хамгаалах ажилд сайн ажилласан тухай өргөмжлөл гардуулжээ. Уулзалтын сүүлд хурал зохион байгуулагчид “ Озон задалдаг бодис болон дэлхийн дулааралд нөлөөлөх чадвар өндөртэй HFC агуулсан хөргөгч, хөлдөөгч, хөргүүр, үйлдвэрийн болон ахуйн зориулалттай агааржуулагч, хөргөх лангуу, XPS шахмал полистрол хавтан үйлдвэрлэлийн шугам, хүнсний ногоо болон махны зоорийн хөргөх тоног төхөөрөмжүүдийг худалдан авахгүй байхыг иргэд, аж ахуйн нэгжүүддээ анхааруулах нь зүйтэй юм.

Мөн CFC болон HCFC агуулсан хуучин хөргөгч, хөргүүртэй тээврийн хэрэгсэл, хөргөлтийн бусад тоног төхөөрөмжийг импортлохоос эрс татгалзаж, эрчим хүчний хэмнэлттэй, эх дэлхийд ээлтэй, хэрэглэгчдийн хэтэвчинд хэмнэлттэй, озон задлах бодисыг орлуулах бодис бүхий хөргөлтийн тоног төхөөрөмжийг худалдаж борлуулсан аж ахуйн нэгжийг орлогын албан татвараас чөлөөлж байхаар Монгол улсын Засгийн газар шийдвэрлэсэн. Тиймээс та үр хүүхэд, ирээдүй хойч үеэ хорт ягаан туяанаас хамгаалах нь таны хүн болж төрсний үүрэг, гавьяа юм” гэдгийг Озоны үндэсний албаны дарга Ц.Адъяасүрэн онцоллоо. Мөн Тэрбээр Озоны давхаргыг хамгаалахад иргэн бүрийн оролцоо чухал гэдгийг хэлжээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.