
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийг энэ лхагва гарагт Цагаан ордонд хүлээн авч уулзана хэмээн Цагаан ордноос мэдээлжээ.
Хоёр улсын төрийн тэргүүнүүдийн уулзалт нь анх төлөвлөсөн өдрөөсөө хоёр хоног хойшлогдсон нь Нью Орлеан муж Айда хүчтэй хар шуурганд өртсөн, мөн Вашингтон Афганистанаас цэргүүдээ татан авч дуусах хугацаа ойртсонтой холбоотой аж.
Цагаан ордноос гаргасан мэдэгдэлд, "Энэхүү уулзалт нь Вашингтон ОХУ-ын түрэмгийллийн үед Украины тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэн, дэмжиж буйн илэрхийлэл юм." хэмээн онцолжээ.
2014 онд ОХУ Крымийн хойгийг ОХУ-ын нутаг дэвсгэрт нэгтгэж, Украины Донбасс дахь салан тусгаарлагчдад дэмжлэг үзүүлснээс хойш Москва-Киев хоорондын харилцаа хурцдсан юм.
Цагаан ордонд болох уулзалтын үеэр хоёр улсын төрийн тэргүүнүүд эрчим хүчний аюулгүй байдлын асуудлыг хөндөх ба Ерөнхийлөгч Ж. Байден Украины Ерөнхийлөгчийн авлигыг таслан зогсоож, ардчиллын үнэ цэнэ дээр үндэслэн өөрчлөлтийг хэрэгжүүлэхээр зүтгэж байгаа явдалд дэмжлэг үзүүлэх талаараа дурдах аж.
Өнгөрсөн сард Вашингтон Украинд их хэмжээний хохирол учруулах ОХУ-аас ХБНГУ руу хий дамжуулах "Северный поток-2" хоолойтой холбоотой асуудлаар ХБНГУ-ын засгийн газартай гэрээ хийснээ мэдэгдсэн билээ.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийгийн нэр АНУ-ын өмнөх Ерөнхийлөгч Доналд Трампыг албан тушаалаас нь огцруулахыг хэлэлцсэн хуралд хоёр ч удаа дурдагдсан билээ. Тодруулбал, Доналд Трамп Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан Жо Байден болон түүний хүү Хантер Байдены эсрэг хэрэг үүсгэхийг Украины эрх баригчдаас шаардсан ба уг шаардлагыг биелүүлэхгүй тохиолдолд Украинд үзүүлэх 400 сая ам. доллар бүхий тусламж дэмжлэгээ зогсооно хэмээн сүрдүүлж байсан аж.
Эх сурвалж: Reuters
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.