Тун амархан, би доторх ноён Эндорфиноо асаачихдаг юм...

Twitter Print
2022 оны 08-р сар 19-нд 11:20 цагт
Мэдээний зураг,

Би нэг танилынхаа хамт аялж яваад жаахан юм олж идэх санаатай зам дагуух нэгэн кафед түр саатсан юм. Танил маань хот-дог захиалав. Би ихэд өлсөж байсан хэдий ч юу ч захиалаагүй. Мишлений рейтингээр хасах гурван одтой баймаар тэр кафены тогооч нар хот-дог гэдгийг шууд утгаар нь ойлгож халаасан нохойгоор үйлчилдэг юм шиг сэжиг төрснөөс тэр л дээ. Би танилаа цаашлуулах санаатай:

- Чи яаж ийм юм иддэг байна аа? Амьтны эрх хамгаалагчдаас айхгүй байна уу? гэвэл тэрээр:

- Чиний дотор ноён Эндорфин алга

- Хэн гэнэ?...

Танил маань захиалгаа хүлээх зуур мөнөөх ноён Эндорфины тухай надад ярьж өглөө. Захиалга нь гарахгүй нилээн удлаа... тогооч нь хот-дог хийх нохой барихаар явсан уу яасан.

“Миний анх ажилд орсон газар нэг хүн байдаг байлаа. Нягтлан бодогч. Тэрбээр онцлог шинж тэмдэг гэхээр юмгүй... эрэн сурвалжиллаа гэхэд олдохооргүй нэгэн байв. Түүнийг би анх харсан цагаасаа “ямар уйтгартай ах вэ?” гэж боддог байлаа. Шумуул жунгинох мэт инээхийг нь сонсох хүртлээ тэр шүү дээ... Нэг удаа мань эр компьютерийнхаа ард чимээгүйхэн инээж байгаа харагдав. Дэргэдүүр нь өнгөрөхдөө хэрэг дурлан дэлгэц рүү нь шагайж харвал санхүүгийн тайлан бололтой нэг эксел файл байна. Тэгэхэд би “энэ чинь харин зүгээргүй хүн үү үгүй юу?” гэж бодлоо. Нягтлан бодогч нь санхүүгийн тайлан тооцоо хараад хөхөрч суухыг бодоход энэ байгууллагаас бушуухан гарсан нь өлзийтэй бололтой дог гэх шүү юм бодоод өнгөрөв.

Нэг үгээр хэлэхэд мань хүн ёстой догь нэгэн байлаа. Түүний бүх юм ямагт сайн байдаг байв. Ойлгож байна уу? Ямагт. Бүх юм нь. “Гайхалтай”. “Хэвийн” ч биш, “сайн” ч биш... тэр бүү хэл “онц” ч биш. Зөвхөн “ГАЙХАЛТАЙ”.

Ямар ч цаг агаар түүнд гайхалтай санагдана. Нэг өдөр ажилдаа ирж явтал хүчтэй салхитай, ширүүн бороо оров. Миний барьж явсан шүхэр буруу тийш эргэсэн тул би шүхэрний дотор талд байдаг нэхмэлийн зүү шиг олон нарийхан төмрөөр борооны дуслуудыг хоёр тийш хагалан явлаа. Наастр гэж авах юмгүй...

Тэгээд нэг хартал манай нөгөө ах конторын үүдэнд өвдөгөө татсан усанд доошоо харчихсан зогсож байна. Борооны ус зайлуулах систем бөглөрсөн тул борооны ус мань хүний хөлөн дээгүүр гол горхи мэт урсаж байлаа. Намайг хараад “Хараач, яг л уулын ус шиг!” гээд байдгаараа мишээж байна. Машин нь мань хүний хувьд хамгийн шилдэг нь. Нэг удаа намайг дөхүүлж өгөхөөр болж, бид хоёр мөнхийн хөдөлгүүрээр нь “давхиж” явлаа. Харахад ВАЗ-21 юм шиг мөртлөө бөгсөн бие нь Москвич-421-ийг санагдуулах нь хачин... Франкенштейн юм уу хаашаа юм. Мань хүн “Хөдөлгүүрийг нь сонс доо... яг л дуу гэсэн үг” гэж байна. Би ч хэлсэн ёсоор нь хэсэг чагналаа. Стас Михайлов өтөл насан дээрээ л ингэж дуулах байх - пөг пөг ханиалган үе үе унгах мэт.

Мань хүн тэргээ магтаад зогсох шинж алга. “Энэ маань 30-тай шүү дээ. Тэгж хэлхээргүй байгаа биз?”гэж байна. Машиных нь насыг сонсоод би “Та намайг энд буулгачихгүй юу... манайх энүүхэн энд” гээд ойр хавьд огт байшин барилгагүй хов хоосон газар бууж хамгийн ойр метроны буудал хүртэл цаг гаран алхсан юм даг. Амралтын газрууд мань хүний хувьд бүгд гоё. Нэг удаа би түүний зааж зөвлөснөөр Туркд амардаг хүн болов. Мань хүн амьдралдаа өнгөрүүлсэн хамгийн сайхан амралт, сансрынх гэмээр сайхан буудал, төрөл бүрийн амтат хоол бүхий швед ширээний тухай бүтэн өдөржингөө шулагнан ярилаа. Ярьж байхад нь хоёр завьжаар нь шүлс нь гоожоод л... Тэгээд л би ярианд нь итгэчихгүй юу.

Биднийг онгоцноос үхлийн хөндийн гэмээр газар шүхэрээр буулгах нь холгүй түлхээд гаргачихав. Сарны гэрэл дор гуравхан ширхэг өргөст мод, нэг зочид буудал байх юм (сансрын буудал гэсэн нь үнэн байж). Далай хүртэл зөвхөн мөрөөдөлдөө л хүрч болохоор байв. Швед ширээний хувьд гэвэл ажилчин тариаланчдад зориулсан юм уу хаашаа юм... шарсан зайдас, чанасан гоймон, түмпэн кетчуп... гүйцээ. Би санал гомдлын дэвтрийг шаардаж авлаа. “Тамын галд шатмар”, “Эх орондоо эргэж очоод танай буудлын координатыг агаарын зэвсэгт хүчнийхэнд өгөх юм хуна даа” хэмээн оросоор бичсэн арваад сэтгэгдлийн дор “ГАЙХАЛТАЙ!!!” хэмээн татлан бичсэн байх нь нүдэнд туслаа. Нэг ч биш, хоёр ч биш, бүр гурвын гурван анхаарлын тэмдэгтэй... дээр нь бүх үсгийг томоор бичсэн байсан. Доор нь танил гарын үсэг.

Манай контоорын ойр хавьд аятайн зоогийн газар үгүй. Тиймээс бид нийтийн хоолны газруудаар хооллож азаа туршдаг байлаа. Би мөнөөх ахтай хамт байнга холлоно. Тэрээр угаадас шиг хоолыг “Ямар сайхан шөл вэ, луувангаа ямар том том хэрчээ вэ, ямар их төмстэй юм, амт нь... ёстой ванлий” гэж ирээд л үгээ олохгүй магтдаг сан. Энэ хоолыг хэн беляш (татар үндэсний хоол, пирожки шиг) гэх юм бэ? Энэ беляш биш... зүгээр л гайхамшиг. Тугалны зөөлөн махаар хийсэн байна (түүнийг ингэж хэлэх тоолонд нь тугалны мах беляшан дотроо мяу гэж дугардаг байлаа), гурил нь ямар сайхан хөөгөө вэ, ямар их шүүстэй юм бэ, урсаж байгаа нь яг л горхи...

Мань хүний энэ мэтээр ярихыг сонссоод байвал тавга шөлнөөс барааны саван амтагдахаа ч байж, беляш ч залгиур хоолойг урчилгүй гулсаад орох шиг санагддаг байв. Хамгийн гол нь, түүнтэй хамт хоолонд орохдоо би ганц ч удаа хордлого болж байгаагүй. Дэргэд нь байхад бие организмд хамгаалалт бий болчихдог байсан байх. Мань хүний хэлж, хийж байгаа бүхэн чин сэтгэлээс нь гардаг байв... тэрээр хоосон дүр эсгэж байсан удаагүй. Тэрээр амьдралд нь тохиолдох бүх зүйлд яг л нялх балчир хүүхэд шиг баярладаг сан. Манай ажлынхан мань хүнийг “Ноён Эндорфин” гэдэг болж, тамхины өрөөнд хүмүүс “Сэтгэл санаа тиймхэн байна... явж Эндорфинтой юм ярьж байгаад ирье” гэх нь ойр ойрхон дуулддаг болов.

Хамгийн зугаатай нь юу гээч? Эндорфины гэрийнхэн нь мөнхийн феназепам уучихсан юм шиг явдаг байлаа. Нэг удаа тэд намайг гэртээ урихгүй юу. Би яарч яваад инээд хүрэм хямд үнэтэй вафелэн торт авч очилоо. Тэгээд Эндорфин болон түүний эхнэр, хүүхдийн хамт цайлахаар ширээ тойрон суулаа. Эндорфины эхнэр миний авч ирсэн “модон” тортыг хоёрын хоёр хутганы ирийг цааш нь харуулан байж зүсэж тавилаа. Тэгээд л эхэллээ дээ... “ямар гоё торт вэ!” гэж Эндорфины эхнэр, хүү хоёр нь зэрэг зэрэг дуу алдав. Би “Эд нар намайг цаашлуулаад байгаа юм байх даа?” гэж дотроо бодлоо. Гэтэл үгүй юм аа... тэд үнэхээр кайф авч байгаа нь илт. Тэднийд хэсэг сууж байгаад явах болоход тэд намайг ихэд халуун дотноор гаргаж өгч билээ...”

Танилын маань яриа энд хүрээд байтал захиалсан хот-дог нь ирлээ. Танил маань:

- Чи түрүүн надаас ийм юм яаж иддэг байна гэж байсан.... тун амархан: би доторх ноён Эндорфиноо асаачихдаг юм” гээд хот-догоо барьж байгаад: зайдсыг нь ямар сайхан шаргалттал нь шараа вэ! Хав халууханаараа байна! Дотор нь дээд зэргийн томатаар хийсэн кетчупнаас гадна үл ялиг хэл дарвигнуулсан гич хийж шүү. Шинэхэн талх нь ямар хөвсгөр, зөөлхөн юм бэ...” гэх зэргээр шивнэж гарав. Түүнийг хараад би тэссэнгүй:

- Зөөгч өө! Би бас хот-дог авья!” гэв.

О.Батлук

Ecnt сайтаас орчуулсан: Өлзийбатын Уянга

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.