Киргизстан, Тажикистан хоёр улсын хил дээр болсон мөргөлдөөний улмаас 100 орчим хүн амь үрэгдлээ

Twitter Print
2022 оны 09-р сар 19-нд 12:45 цагт
Мэдээний зураг,

Киргизстан, Тажикистан хоёр улс галаа зогсоогоод байна. Киргизстан, Тажикистан хоёр улс хил дээр болсон мөргөлдөөний улмаас 100 орчим хүн амь үрэгдсэн тухай өнгөрсөн ням гарагт мэдээлжээ.

Хоёр улс энэ сарын 16-нд галаа зогсоох зөвшилцөлд хүрсэн ба ОХУ талуудыг дахин зэвсэгт мөргөлдөөн үүсэхээс сэргийлэхийг шаардсан байна.

Киргизстан, Тажикистан хоёр улсын хувьд хоёулаа Зөвлөлт Холбоот улсын бүрэлдэхүүнд байсан ба хоёр улсын хооронд хилийн маргаанаас болж энэ сарын 14-нөөс 16-ны өдрүүдэд зэвсэгт мөргөлдөөн гарсан юм.

Талууд бие биенийгээ танк, миномёт, тийрэлтэт их буу, байлдааны дрон зэргийг ашигласан хэмээн харилцан буруутгасан аж.

Хоёр улс хоёулаа БНХАУ-тай хиллэдэг ба Тажикистан нь мөн Афганистан улстай хиллэдэг билээ. Төв Азийн дээрх хоёр улсын хилийн маргаан Зөвлөлт Холбоот улсын үеэс эхтэй юм.

Хоёр улсыг тусгаарлаж буй хилийн урт зурвас маргаан дагуулсаар ирсэн бөгөөд 2021 оны 4-р сард хоёр улсын хооронд болсон мөргөлдөөний улмаас 50 гаруй хүн амь үрэгдэж, хоёр улсын зөрчилдөөн улам хурцдах эрсдэл нэмэгдсэн билээ. Киргизстаны зүгээс өнгөрсөн ням гарагт мэдэгдсэнээр хил дээр болсон зэвсэгт мөргөлдөөний улмаас 69 хүн амь үрэгдэж, 102 хүн шархджээ.

Киргизстаны тал бүс нутгаас 137 мянган хүнийг нүүлгэн шилжүүлж, энэ сарын 19-ны өдрийг улс даяар гашуудлын өдөр болгон зарлажээ. Киргизстаны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хоёр улсын хил дээр болсон мөргөлдөөнийг Тажикистаны тал Киргизстан улсын нутаг дэвсгэр лүү довтолсон гэж онцолж байна.

Тажикистаны зүгээс 35 хүн амь үрэгдсэн хэмээн мэдэгдсэн ба Тажикистаны Гадаад харилцааны яам Киргизстаны Ерөнхийлөгч Садир Жапаров өнгөрсөн бямба гарагт хэдсэн үгэндээ Тажикистаныг "дайсан" хэмээн тодорхойлсон явдлыг онцолжээ.

Талууд энэ сарын 16-нд харилцан галаа зогсоох зөвшилцөлд хүрсэн ба өнгөрсөн ням гарагт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Киргизстаны Ерөнхийлөгч Садир Жапаров, Тажикистаны Ерөнхийлөгч Эмомали Рахмон нартай утсаар ярьжээ. Тэрээр талуудыг дахин мөргөлдөөн үүсэхээс сэргийлж, асуудлыг эвээр, улс төр, дипломат харилцааны замаар аль болох түргэн хугацаанд шийдвэрлэх арга хэмжээнүүдийг авахыг шаардаж, ОХУ энэ тал дээр тусламж дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгааг илэрхийлжээ.

Эх сурвалж: Ria.ru 

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.