Айда хар салхины улмаас 1 сая гаруй иргэд тог цахилгаангүй хоцорчээ

Twitter Print
2021 оны 09-р сар 01-нд 12:18 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн ням гарагт Америкийн зүүн өмнөд хэсгээр өнгөрсөн Айда хар салхины улмаас 1 сая гаруй иргэд тог цахилгаангүй хоцорчээ. 

Луизиана мужийн хэдэн зуун мянган иргэн тог цахилгаанаас гадна ундны ус, шатахуунгүй хоцроод байна. 

Цахилгаан түгээх сүлжээг засварлах ажилд 25 мянга гаруй мэргэжилтнүүдийг дайчлаад байгаа ч засварын ажил хэдэн долоо хоног үргэлжлэх төлөвтэй байгааг анхааруулж байна. 

Айда хар салхи болон их хэмжээний хур тунадас ус цэвэршүүлэх станцад ачаалал үүсгэж, ойролцоогоор 441 мянган иргэн цэвэр усгүй хоцорчээ. 

Шатахууны хомсдол үүссэнээс болж шатахуун түгээх станцууд дээр урт дараалал үүсчээ. 

Луизиана мужийн амбан захирагч Жон Бэл Эдвардсийн мэдэгдсэнээр нөхцөл байдал эргээд хэвийн байдалдаа орох хүртэл ихээхэн хугацаа шаардлагатай аж. 

Айда хар салхинд өртөж цахилгаангүй хоцорсон иргэд ойрын өдрүүдэд цаг агаарын хэт халалттай нүүр тулах аж. 

Цаг уурын албанаас Луизиана мужид ойрын өдрүүдэд агаарын хэм Цельсийн 41 хэмд хүрэх төлөвтэй байгаа хэмээн мэдээлсэн байна. 

Тус мужийн хамгийн том хот болох Нью Орлеанс хот даяар эйркондишнтэй явуулын хоолны цэгүүдийг байршуулах ба иргэдийг сэрүүцүүлэхэд зориулж 70 автобусыг тусгайлан бэлджээ. 

Нью Орлеанс хотын дарга лхагва гарагаас эхлэн иргэдэд хоол хүнс, цэвэр ус, мөс тараах арга хэмжээг зохион байгуулна гэдгээ мэдэгджээ. 

Цаг агаарын хэт халалтанд өртөх бүс нутагт нийтдээ 2 сая орчим хүн амьдардаг ба эрх баригчид Айда хар салхины үеэр орон гэрээ орхисон иргэдийг одоохондоо гэртээ буцаж очихгүй байхыг анхааруулжээ.

Эх сурвалж: interfax.ru
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.