Владимир Путин: Казахстан хэзээ ч төрт улс байгаагүй

Twitter Print
2014 оны 10-р сар 05-нд 12:30 цагт
Мэдээний зураг,

Хөрш улсуудын төрийн тэргүүнүүдийн удаа дараагийн уулзалтууд Нурсултан Назарбаевын сэтгэл санааг сүрхий тавгүйцүүлж байгаа бололтой. Түүний уур цухал эхнээсээ ил болж Гаалийн нэгдсэн холбооны (Таможенный союз Белоруси, Казахстана и России) асуудал Казахстан улсын эдийн засгийн гол зорилго байхаа болж гишүүнчлэлээс хэзээ мөдгүй гарах болсон тухай мэдэгдсэн байна.

Хэрвээ Орос, Белорусь улсууд гэрээнд заасан дүрэм журмыг зөрчсөн тохиолдолд Бүгд найрамдах Казахстан улс тэр даруй холбооноос гарна гэдгийг Назарбаев мэдэгдээд "Тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд аюул занал учруулж байгаа байгууллагын бүрэлдэхүүнд Казахстан улс цаашид багтаж байхыг би тэвчихгүй" хэмээн тэмдэглэжээ.

Казахстан улсын тусгаар тогтнол, олон улсын улс төр, эдийн засгийн тавцанд байр сууриа эзэлж, цэцэглэн хөгжиж байгаа энэ үед "Юуны өмнө, тусгаар тогтнолоо хамгаалж, үүнд халдах өчүүхэн ч болов боломж олгохгүй байх ёстой" гэж үзэж байгаагаа Назарбаев илэрхийлсэн аж.

Казахстаны хэвлэл мэдээллүүдэд тэмдэглэснээр, Назарбаевын энэ байр суурь, зорилго бодитой үр дүнд хүрэх эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа бол  Назарбаевыг хэмжээлшгүй цухалдуулсан "Казахстан хэзээ ч төрт улс байгаагүй" хэмээн ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины хэлсэн үг тус улсын тусгаар тогтнолын тухай асуудалд хөрш зэргэлдээ улсуудад эргэлзээ төрүүлэх учир шалтаг өгч байгаа тухай Украины ua-ru.info цахим хуудас мэдээлсэн байна.

Бас өөр эх сурвалжаас авсан мэдээллээр, Владимир Путин: ”Назарбаев бол огт байгаагүй улс орныг цогцлоон бүтээсэн давтагдашгүй хувь тавилантай хүн. Харин хэн байсан, хэрхэн хаашаа явж байгаагаа үргэлж санаж явах хэрэгтэй” гэх утгатай үг хэлснийг дэлхийн хэвлэл мэдээллүүд одоохондоо онцолж анхаараагүй бололтой. Иймэрхүү яриа хөөрөө Белорусийн нийслэл Минск хотод Украйны ерөнхийлөгч Петр Порошенког ятгах гэсэн уулзалтын үеэр болсон байх магадлалтай.

Энэ явдал мэдээж Казахстаны ерөнхийлөгчийг түгшүүлж, сандраасан учир олон улсын тавцанд өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдал, тус улсын хойд хэсгийн газар нутгийг нөмрөн суурьшсан Орос гаралтай иргэдийн асуудал зэргийг эргэцүүлж үзсэн ерөнхийлөгч Украйны цус асгаруулсан мөргөлдөөнд нэн даруй цэг тавих ёстой гэсэн мэдэгдэл хийхэд хүрсэн байх. Уг нь бол Белорусь, Казахстан улсууд Кремлийн хамгийн ойрын аялдан дагалдагчид байтал улс төрийн нөхцөл байдал ингэж өөрөөр эргэх үндэс шалтгаан юунаас болж тавигдав?  Владимир Путин, “хэн байсан, хэрхэн хаашаа явж байгаагаа мэдэх хэрэгтэй” гэх хатуухан үг яагаад хэлэх болов? Казахууд Оросын ямар тахилыг буруу өрж орхив гэх мэт олон бодол эргэцүүлэл дагуулж байх аж. Оросууд Крымыг их Орост нэгтгэсэн шигээ Казахстаны хойд хэсгийн нутаг дараагийнх нь шүү гэх анхааруулга өгсөн байж болно. Эсвэл бүр түүхээсээ энэ нутаг ус өнөөгийн Халимагт үлдэж хоцорсон Зүүн гар улсын хонь малаа адгуулж ирсэн орон зай, Казахын төр улс оршин тогтнож байгаагүй, хэн байснаа санаарай гэж "пал хийтэл" хэлсэн үг болж таарч байна. Ийм ойлголт төрөх болсон шалтгаан нь Казахстаны түүхч эрдэмтэд, урлагийн зүтгэлтнүүд сүүлийн үед Зүүн гарын эзэрхэг улсыг даран сөнөөж, тусгаар тогтнолоо олж авсанаар барахгүй, Их Монгол гүрнийг цогцлон байгуулсан эзэн Чингис хаан Казах үндэстэй уйгур хүн байсан гэх зэргээр түүх гуйвуулсан ном зохиол, бүтээл хийх болсныг Владимир Путин анзаарч эгдүүцэх болсон байж болох.

ОХУ-ын ерөнхийлөгч, БНХАУ-ын дарга, Монгол улсад айлчилж удаан хугацааны хамтын ажиллагааны стратеги төлөвлөлтөд санал нэгдсэн үйл явдал ч хөрш орны хувьд Казахстанд хэтийн бодол, төлөвлөлт өгсөн байх ёстой. Харин бүс нутгийн улс төрийн тогтвортой байдал, эдийн засгийн өсөлт дэвжилтэд энэ мэт үл ойлголцол чөдөр тушаа болохгүй нь тодорхой.  Их гүрний хувьд ч ОХУ хөрш зэргэлдээ улс орнуудын соёл, ёс заншил уламжлалыг хүндэтгэж, харилцан ашигтай хамтын ажиллагаа өргөжүүлэх чиг бодлого баримтлах тухай 2012 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдөр жил тутам болдог Оросын Холбооны хуралдаанд тавьсан илгээлтдээ Ерөнхийлөгч цохон тэмдэглэсэн билээ.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.