Хятадын эрх баригчид 996 соёл буюу урт цагаар ажилладаг ёсыг хууль бус гэж үзжээ

Twitter Print
2021 оны 09-р сар 02-нд 15:09 цагт
Мэдээний зураг,

Хятадын компаниуд ажилтнуудаа долоо хоногийн 6 өдөр өглөөний 9 цагаас оройны 9 цаг хүртэл ажиллуулдаг явдлыг Хятадын эрх баригчид хууль бус хэмээн үзжээ. 

Хятадын Дээд шүүх болон Хөдөлмөрийн яамнас хамтран гаргасан мэдэгдэлд Дээд шүүх компани, албан байгууллагууд ажилчдаа илүү цагаар ажиллуулсан тухай гомдлуудыг хэрхэн шийдвэрлэсэн тухай дурджээ. Тухайлбал, ажилтнуудаа олон  цагаар, амралтгүй ажиллуулдаг явдал технологийн, барилгын зэрэг дийлэнх салбарт бүртгэгдсэн ба шүүхэд ирсэн дийлэнх гомдлууд ажилтны талд шийдэгдэж, ажил олгогч тал шийтгэл хүлээдэг болохыг онцолжээ. 

Хятадын хөдөлмөрийн хуулийн дагуу ажилтнуудын цалин дээр илүү цагийн мөнгө нэмэгдэх ёстой ба ажилтнууд амрах эрхтэй. Түүнээс гадна ажилтнуудаа улсаас тогтоосон ажлын цагийн хязгаарын хүрээнд ажиллуулах нь ажил олгогчийн үүрэг гэдгийг Хятадын эрх баригчид анхааруулж эхэлжээ. 

Хятадын Хөдөлмөрийн тухай хуулинд заагдсан стандартын дагуу ажилтнууд нь өдрийн 8 цаг, долоо хоногтоо дээд тал нь 44 цаг ажиллах ёстой ба илүү цаг ажилласан бол ажил олгогч нь илүү цагийн хөлсийг нь олгох ёстой аж. Гэсэн хэдий ч компаниудад тухайн хууль хэрэгждэггүй ба Хятадын томоохон компаниуд тэр дундаа технологийн компаниудад ажилтнууд нь илүү цагийн хөлсгүйгээр, олон цагаар ажиллах явдал элбэг байдаг аж. 

2019 онд программ хангамжийн инженерүүд нийлэн Github нэртэй платформ дээр ажилтнуудаа олон цагаар ажиллуулж, хөдөлмөрийг нь мөлждөг технологийн компаниудын нэрсийг зарлах аян зохион байгуулж, олон нийтийн анхаарлыг татсан билээ. 

Гэсэн ч Хятадын компаниудад "996" соёл  хэрэгжсээр байгаа ба уг соёл нь Alibaba, JD. com цахим худалдааны платформуудын амжилтын үндэс болсон гэж үздэг. 

Нөгөөтэйгүүр иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрч, Хятадын эрх баригчид цаашид үүнийг нүдээ анин өнгөрүүлэх боломжгүй болжээ. 

Энэ оны эхээр Хятадын цахим худалдааны Pinduoduo сайтын 2 ажилтан 7 хоногийн зайтай нас барсан ба нэг нь олон цаг ажиллаад гэртээ харих замдаа ухаан алдаж унасан бол нөгөөх нь амиа егүүтгэжээ. 

Түүнчлэн өнгөрсөн 1-р сард хоод хүргэлтийн үйлчилгээнд явдаг жолооч цалингаа авч чадахгүй байна хэмээн өөрийгөө шатаасан бол үүнээс сарын өмнө хоол хүргэлтэнд явдаг жолооч ажлаа хийж байхдаа нас барсан аж. 

Дээрх хэргүүд нь олон цагаар, ачаалалтай ажилласан гэдгээс шууд хамааралтай эсэх нь тодорхойгүй байгаа ч иргэд "996" соёл, мөн Хятадын томоохон компаниудын хөдөлмөрийн нөхцөлд эргэлзэж, бухимдаж эхэлжээ. 

Түүнээс гадна Хятадын залуу үеийнхний хандлага өөрчлөгдсөн нь Хятадын эрх баригчдад хөдөлмөрийн тухай хуулиа эргэн харахад нөлөөлжээ. Тодруулбал, залуус хөдөлмөрлөсний хэрээр зохих цалин хөлсөө авах нь зүйтэй гэж үздэг болсон ба ажил амралтаа зохицуулж амьдрахыг илүүд үздэг болжээ. 

Нөгөөтэйгүүр хөдөлмөрийн насны иргэдийн тоо нь жил ирэх тусам буурч байгаа үед залуусын уг хандлага нь Хятадын эрх баригчдын санааг зовоож байна. 10 жил тутам хийдэг хүн амын дундах судалгаагаар өнгөрсөн 10 жилд  Хятадын хүн амын өсөлт түүхэн дэх хамгийн доод үзүүлэлтэндээ хүрсэн гэж гарсан юм.
Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.