
Хятадын эрх баригчид телевизийн сувгуудад "эмэгтэйлэг" эрчүүдийг дэлгэцээрээ гаргахыг хориглож, оронд нь "хувьсгалын соёл"-ын суртал ухуулга бүхий контентыг түлхүү гаргахыг үүрэг болгожээ.
Хятадын эрх баригчдын мэдээлснээр телевизийн сувгууд эмэгтэй төрх, шинж байдалтай эрчүүд, хэвийн буc гоо зүйг эфирээс хасах шаардлагатай ба "цахим орчинд танигдсан бүдүүлэг одууд"-ыг алдаршуулж, хөрөнгө мөнгө, нэр алдартай болохыг сурталчлахаа зогсоох хэрэгтэй гэжээ.
Харин оронд нь Хятадын уламжлалт соёл заншил, хувьсгалын үүх түүх, социализмын соёлын үнэ цэнэ зэргийг харуулсан нэвтрүүлэг контентууд нэвтрүүлэх явдалд сайшаалтай хандана гэдгээ онцолжээ.
Өмнөд Солонгос болон Японы одуудын хэв маяг, стиль имиджийг дуурайх болсон Хятадын одуудын дүр төрх нь хөвгүүдэд буруу үлгэр дуурайлал үзүүлж байна хэмээн Хятадын эрх баригчид үзэж байгаа аж.
Өнгөрсөн долоо хоногт Хятадын засгийн газраас 18-аас доош насны хүүхдүүдэд цахим тоглоомоор 7 хоногт 3 цаг тоглох цагийн хязгаар тогтоосон ба цахим тоглоом нь бие бялдар, сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж, хүүхдүүд буруу үлгэр дуурайлал үзүүлж буй одуудыг тахин шүтэж байна гэж үзжээ.
Түүнээс гадна Хятадын эрх баригчид алдартай дуучид, жүжигчдэд тавих шаардлага, хяналтаа ч мөн адил чангатгаад байна. Телевизийн сувгууд нь "нийгмийн хэв журмыг зөрчсөн" гэх одуудыг нэвтрүүлж болохгүй ба саяхан Хятадын эрх баригчид "Хуан Жу гэг" олон ангит киногоороо алдаршсан Жао Вэй жүжигчний нэрийг Хятадын бүх цахим платформоос устгажээ. Жүжигчин Жао Вэйн эсрэг ийнхүү арга хэмжээ авах болсон шалтгаан тодорхойгүй байгаа ч түүний нэр "ёс зүйд нийцээгүй үйлдэл гаргасан" одуудын жагсаалтанд багтжээ.
Эх сурвалж: interfax.ru
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.