
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2022.06.30/ Дарханы замын бүтээн байгуулалттай танилцаж, замын ажлын нэг тийш нь шийдвэрлэхээр ажиллаж байна. Энэ үеэр замын ажлыг гүйцэтгэж буй компаниудын удирдлагуудтай уулзаж, чадахгүй нь төслөөс гарч, чаддагаар нь хийлгэхийг хатуу анхаарууллаа.
Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Нэг жилийн өмнө ирээд та нарт би сүүлийн удаа боломж олгож, сануулж хэлсэн. Өнөөдөр Жанжин штабын хариуцсан ажлаас бусад нь сайжраагүй байна. Би та нартай ямар нэг байдлаар тоглоом тоглох гэж ирээгүй. Монгол Улсын Засгийн газар өгсөн мөнгө, санхүүжилтээрээ хариуцлага шаардах гэж ирж байна. Та нарыг шалгаруулсан албан тушаалтнуудыг АТГ өгч байгаа. Ажлын чинь гүйцэтгэлтэй холбоотой аудит оруулах саналыг Азийн хөгжлийн банкинд тавина. Харин танай компаниудтай холбоотой асуудлыг төв Засгийн газар чинь тавина.
Тийм учраас та нар авсан санхүүжилтээ гаргаад энэ ажлаа хийвэл хий, боливол боль. Болино гэвэл бичгээ өгөөд, зарцуулсан санхүүжилтийнхээ графикийг хэрхэн гаргах Ажлын хэсэг байгуулаад энэ ажлаас гарч болно. Энэ бүтээн байгуулалтыг үндэсний ААН-үүд хийх боломжтой. Тэгэхээр тодорхой асуудлуудаа компани тус бүр нэг нэгээрээ яг одоо хэл" гэлээ.
Ерөнхий сайд сар бүр Дарханы замын ажлын явцыг шалгана.
Дараа нь Ерөнхий сайд сэтгүүлчдэд дараах нэмэлт мэдээллийг өгсөн юм.
Тэрээр "Нэгдүгээр багцын дөрөв дэх ажлыг хариуцаж байгаа компани, хоёр болон гурав дахь багцын ажлыг хариуцаж компанийн гүйцэтгэл маш тааруу байна. Шулуухан хэлэхэд, сонгон шалгаруулалт дээр Засгийн газрын тал алдаа хийсэн гэсэн үг. Үүний ард авлигалын асуудал байхыг ч үгүйсгэхгүй гэж бодож байгаа. Холбогдох байгууллагуудад энэ талаар мэдээллүүдийг өгсөн. Өөрөөр хэлбэл, техник, санхүүгийн хувьд чадавхи муутай, хямд үнэтэй компани шалгарснаас болж өнөөдөр Дарханы зам гурван багц дээр хүндэрчихээд байна гэж ойлгож болно. Тэгэхээр санхүүжилтээ гаргахгүй, дурдсан хугацаандаа хийхгүй байгаа нэр бүхий гурван компанийг цуцлах уу, цааш явах уу гэдэг зарчмын шийдэл гаргах зайлшгүй шаардлага үүсэж байна. Энэ бол хоёр улсын асуудал. Тэр утгаараа БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд надтай хамт ажиллалаа. Нөхцөл байдлыг газар дээр нь сайн танилцлаа. Компаниудынх нь удирдлагууд болон манай туслан гүйцэтгэгч нартай ярилцлаа. Зэвсэгт хүчний жанжин штабыг нааш нь оруулчихсан байгаа. Нэг үгээр хэлбэл дэмжиж байна гэсэн үг. Зэвсэгт хүчний жанжин штабын анги нэгтгэлүүд ирснээс хойш ажил харьцангуй сайжирсан байна.
Жилийн өмнө өгч байсан үүрэг даалгавруудаас дөрөвдүгээр багцтай холбоотой асуудал хэвээрээ байна. Тиймээс үүнийг яаралтай шахна. Бүр болохгүй бол Засгийн газар гүйцэтгэгч компаниудын гэрээг цуцалж, төсвийн болон бусад эх үүсвэрээр хийгээд дараа нь уг асуудлыг ярихаас өөр гарцгүй байдалд орчихоод байна. Арваннэгдүгээр сар хүртэл ажлыг идэвхжүүлэхийн тулд Ерөнхий сайдын хувьд 30 хоногт нэг удаа ирж ажиллана гэдэг шийдвэрийг гаргасан. Азийн хөгжлийн банк,Европын сэргээн босголтын банкнаас гарч байгаа санхүүжилт дээр ямар нэг хүндрэл байхгүй. Гэхдээ үнийн хэт өсөлт энэ төсөлд нэрмээс болж байна. Энэ жилээс энийг шалтаг гэж үзэхээс өөр аргагүйд хүрнэ. Тиймээс шаардлагыг өндөрсгөхөөс өөр аргагүй. Ер нь арваннэгдүгээр сард хоёр хос замын нэг хос замыг нь бүрэн ашиглалтад оруулж байж Улаанбаатар-Дархан хоёрын ирэх очих урсгал хэвийн байдалд орно. Харин хоёрдугаар урсгал нь 2023 онд багтаж ашиглалтад орчихвол стратегийн чухал зам болно" гэсэн юм.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.