
Стокгольм хотын төв рүү ороход цагаас хамааран ялгаатай татвар авдаг. Хотын төв рүү орох тодорхой цэгүүдэд дугаар унших төхөөрөмж байрласан байх бөгөөд уг төхөөрөмжөөр ямар цагуудад зорчсоныг тооцож, машин эзэмшигчид тооцоог илгээнэ.
Тухайн сарын тооцоог дараа сарын төгсгөлд төлөх нөхцөлтэй төлбөрийн хуудас ирүүлнэ. Хоцроож төлбөл 500 крон /50 орчим доллар/ -ы торгуультай. Одоогоор 06:30-18.30 цагийн хооронд хураамж авч байгаа бол 2020 оны 01 сарын 01-нээс өглөөний 06.00 цагаас эхлэхээр болсон. Харин долдугаар сард татвар авдаггүй.
Улаанбаатар хотод энэ системийг хэрэглээд хотын ид ачаалалтай нэвтрэх хэсгүүдэд ийм төхөөрөмж байрлуулвал зүгээр санагдах юм. Нийтэд нь татварыг огцом нэмэх бус хотын аль хэсэгт замын хөдөлгөөнд хэрхэн оролцсоноор нь хэсгүүдэд ялгаатай байдлаар татвар тогтоож хэрэгжүүлэх нь үр дүнтэй.
Стокгольмын замын татварын энэ системийг хэрэгжүүлэхдээ нийтийн санал асуулга авч шийдвэрлэсэн бөгөөд эхэндээ нэлээд хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч байсан хэдий ч одоо бол хүмүүс замын засвар, арчилгааг сайжруулах, замын ачааллыг бууруулж, тэнцвэржүүлэх, шаардлагагүй бол машинаас татгалзаж нийтийн тээврээр зорчих, байгаль орчинд ээлтэй байх гээд олон чухал үр дүн авчирч байна гэж судалгааны дүн харуулж байгаа юм байна.
Эсэргүүцэгчдийн тоо буурсан үзүүлэлттэй байгаа юм байна. Судалгаанд оролцогчдын хувьд аливаа шийдвэр байгальд ээлтэй гэдэг талаас нь асуудалд илүү анхаарч байгаа гэсэн нь бас л бодууштай.
Н.Нямжав
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.