Токиод коронавирусын халдварын тохиолдлууд нэмэгдэж, АНУ-д нөхцөл байдал хүндэрч байна

Twitter Print
2020 оны 03-р сар 26-нд 10:56 цагт
Мэдээний зураг,

Японд нэг өдрийн дотор коронавирусын халдвар авсан 98 шинэ тохиолдол бүртгэгджээ. Энэ нь коронавирусын халдвар дэгдсэнээс хойш Японд 1 өдөрт бүртгэгдсэн хамгийн их тоо юм. Түүнчлэн тус улсад уг вирусын халдварын улмаас өнгөрсөн лхагва гарагт 2 хүн нас баржээ.

Ингэснээр тус улсад коронавирусын халдварын улмаас нас барсан иргэдийн тоо 55-д хүрчээ. Коронавирусын халдвар авсан нь тогтоогдсон дээрх 98 тохиолдлын 41 нь нийслэл Токиод бүртгэгдсэн байна. Үүнтэй холбоотойгоор Токио хотын захирагч өнгөрсөн лхагва гарагт хэвлэлийн бага хурал зарлаж, иргэдийг ирэх амралтын өдрүүдээр гадагш гарахгүй, гэр гэртээ байхыг анхааруулсан байна. Японд коронавирусын халдвар авсан нийт 2003 тохиолдол бүртгэгдээд байгаагийн 712 нь Diamond Princess аяллын хөлөг онгоцон дээр бүртгэгдсэн юм.

АНУ-д коронавирусын халдвар авсан 66 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж, уг вирусын халдварын улмаас 928 хүн нас бараад байна. Коронавирусын халдвар авсан тохиолдол АНУ-ын бүх мужид бүртгэгдээд байна. Лос Анжелес хотын дарга Эрик Гарсетти коронавирусын цар тахал ирэх 10, 11-р сард дахин дэлгэрч болзошгүй болохыг анхааруулсан ба хөл хорио тогтоох нь маш үр дүнтэй арга хэмжээ болохыг онцолжээ. Нью Йорк хотын Бэлвью эмнэлэг коронавирусын халдвар хурдацтай нэмэгдэж байгаатай холбогдуулан эмнэлгийнхээ гадаа цогцос хадгалах асар, хөргүүртэй ачааны машин зэргүүдийг байршуулжээ.

Бостон хотын хоёр ч эмнэлэгт 80 гаруй эмч, эмнэлгийн ажилчид коронавирусын халдвар авсан нь тогтоогдоод байгаа ба эрх баригчдын мэдээлж байгаагаар тэдгээр ажилчдын дийлэнх нь коронавирусын халдварыг эмнэлгээс бус өөр өөр газраас авсан аж. Түүнчлэн тус улсын Батлан хамгаалахын яам байрлах Пентагонд ажилладаг тэнгисийн цэргийн албан хаагч КОВИД-19 өвчний халдвар авсан нь тогтоогджээ.

Эх сурвалж: CNN

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.