Шотланд улс тусгаар тогтноход ойрхон байна

Twitter Print
2014 оны 09-р сар 19-нд 12:47 цагт
Мэдээний зураг,

Шотландад өнөөдөр Их Британи, Умард Ирландийн вант улсын бүрэлдэхүүнээс гарч тусгаар тогтнох асуудлаар бүх нийтийн санал хураалт явагдаж байгаа билээ. Санал хураалтын эхний дүн мэдээгээр үзвэл сонгогчдын ирц өндөр байгаа нь харагдаж байгаа аж. Албан ёсны мэдээллээс үзвэл, 5,3 сая оршин суугчаас хамгийн олон буюу 4,3 сая хүн санал асуулгад оролцохоор бүртгүүлжээ.

Харин “Шотландууд санал асуулгад ийм идэвхтэй оролцсон нь бүх нийтийн санал асуулгын эцсийн дүнг гаргах явц удаашрахад хүргэж болзошгүй” гэж телевизийн “BBC” компани ирцийн талаарх эхний дүнд тайлбар өгсөн байна.

Орон нутгийн цагаар өглөөний 07:00 цагт санал хураах 2600 гаруй хэсэг нээгджээ. Санал хураах хэсгүүд орон нутгийн цагаар 22:00 цагт хаагдсаны дараа саналын хуудсыг тоолж эхлэх аж.

Тогтоосон журмын дагуу, Шотландын санал хураалтын бүх 32 тойрогт эхлээд саналын нийт хуудсыг тоолсны дараа Шотландыг Их Британиас салан тусгаарлахыг дэмжиж байгаа эсэхийг ялган тоолох ажээ.

Бүх нийтийн санал асуулгад оролцох журамд заасны дагуу, Шотландад байнга оршин суудаг, тухайлбал, Англи, Умард Ирланд болон Уэльсээс гаралтай хагас сая орчим хүн санал асуулгад оролцож байна.

Шотландын ард иргэдийг өнөөдрийн түүхэн санал асуулгад "үгүй" гэж хариулахыг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама уриалаад, Их Британи нэгдмэл хэвээр үлдэнэ  хэмээн найдаж байгаагаа илэрхийлжээ.

"Нэгдсэн Вант Улс бол АНУ-ын гайхалтай хамтрагч бөгөөд тогтворгүй байгаа дэлхийн сайн сайхны төлөө зүтгэдэг. Нэгдсэн Вант Улсыг нэгдмэл, хүчирхэг хэвээр үлдэнэ гэдэгт найдаж байна" хэмээн Цагаан ордны албан ёсны Твиттер хуудаст өчигдөр бичсэн байна. Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жош Эрнест, энэ санал хураалтыг "Шотландын ард иргэдийн  шийдвэр" байх болно хэмээн энэ долоо хоногийн эхээр хэлсэн байна.

Тусгаар тогтносон улс болох үгүйг шийдэх санал асуулгад 16 болон түүнээс дээш насны 4,28 сая хүн өнөөдөр оролцоно. Хэрвээ иргэд "Тийм" гэсэн санал өгсөн тохиолдолд Шотланд 2016 оны гуравдугаар сарын 24-нд тусгаар тогтнолоо зарлан тунхаглаж, мөн оны тавдугаар сарын 24-нд парламентын сонгуулиа явуулна.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.