Оюутны байрны оюутнуудын сэтгэлзүйн эрүүл мэндийг сахин хамгаалах үүрэг нэн чухал байна

Twitter Print
2020 оны 11-р сар 16-нд 17:55 цагт
Мэдээний зураг,

COVID-19: ЦАР ТАХЛЫН ҮЕИЙН АРГА ХЭМЖЭЭ БА ИХ ДЭЭД СУРГУУЛИЙН ОЮУТНУУДЫН СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНД

Сүүлийн өдрүүдэд манай улсад кластер хэлбэрээр голомтлон тархаад буй коронавирусийн халдварт зарим их дээд сургуулийн оюунууд ойрын хавьтал болж өртсөн тохиолдлууд гараад байгаа билээ.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжээд байгаа энэ цаг үед нийслэл, зарим орон нутгийн хэмжээнд чанга хөл хорионы дэглэм тогтоосон байгаа бөгөөд нийслэлийн их дээд сургуулийн, тэр тусмаа орон нутгаас ирж суралцаж буй оюутнуудын хувьд нийтийн байранд аж төрж байгаа хэсэг нь хүндхэн нөхцөл байдалд байгаа болов уу гэсэн төсөөлөл байна.

Энэ тухай олон нийтийн ТВ, мэдээллийн хэрэгсэлүүдээр оюутнуудад өдөр тутмын хүнс, зарим ойрын хэрэгцээний эм зэргээр дэмжлэг үзүүлж байгаа мэдээ мэдээллүүд сүүлийн 2-3 өдөр цацагдаж байна.

COVID-19 цартахлын тархалт, түүний эсрэг арга хэмжээний олон нийтийн сэтгэлзүйд үзүүлэх нөлөөллийн талаар эрдэмтэдийн дунд сэтгэл түгшил улам бүр нэмэгдэж байгаа тухай мэдээлэл олонтой гарах болсон.

Ялангуяа их дээд сургуулийн оюутнуудын хувьд ердийн үед ч гэсэн хөнгөн зэргийн сэтгэл гутралын шинж тэмдэгтэй хүмүүсийн эзлэх хувь өндөр байдаг бөгөөд энэ нь тэдний сэтгэцийн эрүүл мэндэд амархан нөлөөлдөг аж.

Халдварын дэгдэлтийн эхэн үед Хятадад хийгдсэн судалгаагаар их дээд сургуулийн оюутнуудад цартахлын эсрэг хариу урвал болох стресс, түгшүүр, сэтгэлийн хямралд өртөх магадлал өндөр настай хүмүүсээс илүү байгаа тухай мэдээлсэн байдаг.

Францын Лиллийн их сургуулийн эмнэлгийн судлаачид COVID-19-ийн эсрэг хөл хорио тогтоох арга хэмжээ авагдсан (2020 оны 3.17-5.11 хүртлэх) хугацаанд Францын 82 их дээд сургуулийн 1.6 сая оюутны дунд сэтгэцийн эрүүл мэндийн судалгааг онлайнаар хийж явуулсан судалгааны үр дүнгээ нийтлүүлжээ (нийт оюутны 69.054 нь асуумжийг бүрэн бөглөж ирүүлсэн ба хариултын хувь 4.3%).

За ингээд судалгаанд хамрагдсан 70 мянга орчим оюутны 42.8% нь хөл хорионы улмаас сэтгэцийн дарамттай байсан үр дүн гарчээ. Өөрөөр хэлбэл COVID-19 халдварын тархалтын эсрэг авч хэрэгжүүлсэн хөл хорионы арга хэмжээ авсан хугацаанд сэтгэлзүйн дарамттай байсан (сэтгэцийн цийн эрүүл мэндийн асуудалтай) байсан оюутнуудын хувь өндөр байгааг тогтоосон гэсэн үг болох нь.

Тиймээс суудалгааны багаас цартахлын тархалт санаа зовж байгаа ийм цаг үед оюутнуудыг орхилгүй тэдэнтэй харилцаа холбоотой байж, зөв мэдээллээр хангах, нийгэм, сэтгэлзүйн талаас дэмжлэг үзүүлэх зайлшгүй шаардлагатай байж болох юм хэмээн дүгнэсэн байна.

Эх сурвалж: October 23, 2020. doi:10.1001/jamanetworkopen.2020.25591

Миний бодол:

Тэгэхлээр оюутнуудын хувьд цартахал дэгдээд байгаа ийм онцгой нөхцөл байдал байтугай мэдэхгүй хичээл номноос эхлээд шинэ тутам амьдралын орчинд дасан зохицох гэх мэт ердийн үед ч сэтгэлзүйн тайван амгалан биш байдалд байдаг гэсэн үг. Оюутан болж үзсэн хэн бүхэн сайн мэдэх асуудал.

Ялангуяа оюутны нийтийн байранд байгаа оюутнуудын хувьд гэнэт л биеэ дааж эцэг эхээсээ тусдаа амьдрах болсноор өмнө нь үзэж өнгөрүүлээгүй хүмүүс хоорондын юм уу нийгмийн олон төрлийн харилцаанд орох болдог.

Дөнгөж 9 сараас ийм амьдрал эхэлсэн шинж оюутнуудад бүр ч хүнд байгаа байх. Ойрын өдрүүдэд оюутны байрнаас хийж буй ТВ мэдээллүүдийг харахад яах аргагүй эцэг эхийнхээ хажуугаас дөнгөж гарч ирсэн гэхээр жаахан жаахан хүүхдүүд байгаа харагдана (сургуулиас өгсөн гурилнууд, будаанууд гэж ярихыг сонсвол өөрийн эрхгүй ийнхүү бодогдоно).

За яахав өдөр тутмын боов боорцог, гурил будаа хүний физиологийн наад захын хэрэгцээ учраас өгөх нь зөв байх. Энэ бас яаран арга хэмжээ авсан нь сайн хэрэг боллоо.

Хамгийн гол зөвхөн хүнс өгөөд байрнаасаа толгойгоо битгий цухуйлга гэж хэлээд гаднаас нь хаалгыг нь манах нь учир дутагдалтай байна. Дотроо тэд юу хийх нь, юу болох нь хамаагүй, гарахүй л байвал болоо гэж бодож болохгүй. Энүүн шиг амархан арга хэмжээ хаана ч байхгүй байх

Тэдгээр оюутнуудын нийгмийн болоод гэр бүлийн нөхцөл байдал ямар байгаа, хөл хоригдсоноос болоод орлого олох боломжгүй болсон, амьдарч буй орчин нь эрүүл ахуйн шаардлага хангаж байгаа эсэх, халдвар тархаахгүй байхаар зохицуулалт, арга хэмжээ авагдсан эсэх, амьдрах орчин нь таагүй байгаа гэдэг ч юм уу амьжиргааны тогтворгүй байдал байгаа эсэх, эрүүл мэндтэй холбоотой асуудлууд, сэтгэцийн байдал, хүмүүс хоорондын харилцааны бэрхшээл байгаа эсэх гэх мэтээр тухайн сургуулийн удирдлага, багш нар, цаашлаад холбогдох салбарын яам, эсвэл хөл хорионы арга хэмжээ хэрэгжүүлж буй Төр засаг, УОК, эсвэл нийгэм тэр чигээрээ анхаарал хандуулах асуудал маш их байх шиг байна.

Хөл хорионы дэглэм сунгагдсан тул энэ нь зөвхөн хүнс түгээх арга хэмжээгээр зогсохгүй их дээд сургуулийн оюутны байруудад сэтгэл зүйч, халдвар хамгааллын мэргэжилтэн, эмч эмнэлгийн бусад мэргэжилтнүүдээс бүрдсэн байнгын ажиллагаатай баг байршуулж, оюутнуудыг нийгэм сэтгэлзүйн эрүүл мэндийг сахин хамгаалах үүрэг шийдвэр гаргагчдаас хүсэн хүлээгдэж байж болох юм.

Яагаад гэвэл тэд эх орны маань ирээдүй, бидний хойч үе залгамж халаа минь билээ. Хамтдаа хичээцгээнэ шүү, оюутнуудаа!

Ойдовын Батгэрэл Ph.D

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Irgen

      (65.74.233.194) 2020-10-22 14:47
      • 0
      • 0

      Choniin hyzyynd mah zyyv gedegtei agaar neg bolovoo hoorhii

      Хариулах