Хэрэв эзэнгүй юм олоод эс авчирч өгвөл хулгайч хэмээн үзтүгэй

Twitter Print
2021 оны 09-р сар 06-нд 11:05 цагт
Мэдээний зураг,

Хэрэв эзэнгүй юм олоод эс авчирч өгвөл хулгайч хэмээн үзтүгэй.

Л.Гумилевийн тэмдэглэснээр, “Нөхөртөө тусалсангүй гэж иргэнээ шийтгэдэг хуультай улс Монголоос өөр байгаагүй” шиг.

“Эзэнгүй юм олоод эс авчирч өгвөл хулгайч хэмээн үзнэ” зарлиг цаазтай улс орон олонгүй буй за.

Энэ нь хулгайг номхотгох нэгэн арга бөгөөд хүний сэтгэлийг засаж, ёс суртахууныг төлөвшүүлэх ухаалаг бодлого мөн.

Зарлигийн ёсоор, эзэнгүй юм олбол зохих албатуудад авчирч өгөх ёстой бөгөөд заримдаа тийм зүйлийг зүгээр л орхин явдаг байжээ. Эзэнгүй алдуул малыг ч ялгаагүй.

Юутай ч тэр үеийн хүмүүс бусдын гээсэн юмыг өөрийн болгож байсангүй.

Нэг удаа Чингис хаан Шихихутагт алтан тоногтой ногт өгөөд,

“Үүнийг олны хөлийн газар, нүдэнд харагдахуйцаар тавчихаад ир ”гэжээ.

Шихихутаг гайхан “Их эзэн та яах гэж байгаа юм бэ? Хүн авчихвал яах билээ?” гэж асуухад Чингис хаан “Хишигтэнээр алсаас сайн харуул.

Ногтыг авсан аваагүй хамаагүй, бүгдийг бариад над авчир” гэжээ.

Удалгүй Шихихутаг “Дөрвөн хүн явж өнгөрсөн боловч хэн нь ч авсангүй” хэмээн дөрвөн хүнийг дагуулан иржээ.

Чингис хаан “Энэ алтан ногтыг чи харсан уу?”гэж эхний хүнээс асуухад тэр “Харсаан, хаантаан”гэв.

Их үнэ цэнэтэй эд гэдгийг чи мэдээгүй юу?

Мэдсээн, хаантаан. Алтан тоногтой эд байсан шүү дээ.

Тэгээд чи яагаад аваагүй юм бэ?

Би яахин зүрхлэх билээ. Алдаж гээгдүүлсэн эд зүйлс анхны эзэндээ очих учиртай. Хэрэв түүнийг олоод өөртөө авсан, нуун дарагдуулсан бол толгойгүй болно гээд “Их засагт”-т заачихсан байгаа шүү дээ.

Эхний хүн ийн хариулахад Чингис хаан “Чи яагаад аваагүй юм бэ?” хэмээн хоёр дахь хүнээс асуухад тэр бээр “Надад тэр ногтноос дутахааргүй сайн ногт байгаа л даа.Намайг Найман аймагтай зоригтой дайтсан гэж манай мянганы ноён шагнасан юм ”гэж хариулав.

Чингис хаан гурав дахь хүнээс “Өөрт чинь арай бүр илүү үнэ цэнэтэй ногт байгаа юм биш биз?”гэж асуухад тэр бээр “Үгүй ээ, их хаантаан.Би дараа дайлаар мордохдоо түүнээс илүүг олоод авчихна” гэв.

“Харин чи яагаад авсангүй вэ?” хэмээн Чингис хаан дөрөв дэх хүнээс асуухад “Энэ бол миний юм биш. Өөрийн биш юмыг авна гэдэг гутамшигтай хэрэг. Нэг удаа Жүрхэдийн Сача бэхийн нөхөр Хатигдай алтан ногт хулгайлаад баригдсан гэсэн.Тэр үед хаан эзэн та хулгай тонуул хийхийг яс махнаасаа үзэн яддаг учраас, бидний хэрэглэх зүйлс өөрсдийн ариун хөдөлмөрийн үр шим байх ёстой.Гэтэл хулгайч тонуулчид хөлс хүчээ гаргаагүй байж бусдын юмыг зүй бусаар авч, хүмүүсийг сорж мөлждөг.Тийм болохоорхар хэрээ шиг тийм хулгайч луйварчдыг газартай тэгшлэх хэрэгтэй хэмээн таны айлдсаныг би дуулсан юм л даа” хэмээн хариулжээ.Чингис хаан Шихихутаг руу харж

инээмсэглээд, ”Ийм шулуун шударга ард иргэдтэй юм чинь би, бид юунд алзах вэ. ”Аливаа хүний шударга нь дэгжинэ”гэдэг чухамдаа үнэн шүү.Хөх Монгол эдүгээ мандан бадрахаас өөр яахав” хэмээн бахархалтайгаар айлдсан гэдэг.

Ийм л ёс суртахуун, дээдсийн зарлигийг баримтлах чин сэтгэл монголчуудын мандал бадралын шалтгаан авай.Хөдөлмөрлөж, хөлс хүчээ шавхаж байж олсон олз ашиг хамгийн аюулгүй, басхүү хамгаас эрхэм ариун болой.Зарлиг цаазыг өнө удаан мөрдүүлж, ёсчлон гүйцэлдүүлэх нь хүнлэг зан чанарын хэм хэмжээ, сэтгэлгээний соёл, ёс суртахууныг төлөвшүүлэх төр ёсны уламжлал байжээ.

Д.Гүн-Үйлс “ИХ ХААДЫН зарлигийн дээжис” номноос 65-р хуудас

Эх сурвалж : Марко Поло “Орчлонгийн элдэв сонин”

Бэлтгэсэн: Дашзэвэгийн Даваадорж

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.