Европ дахь Монголчууд

Twitter Print
2023 оны 08-р сар 20-нд 12:30 цагт
Мэдээний зураг,

“Монголчууд Америкт” нэвтрүүлгийн үргэлжлэл болох “Монголчууд Европд” нэвтрүүлгийн зураг авалт хийхээр энэ оны 2 сард болон 8 сард Европын орнуудаар аялж нилээд хүмүүстэй уулзаж ярилцлаа.

Нэг. ЕВРОПЫН УЛС ОРНУУД

АНУ- тай харьцуулахад жижиг газар нутаг дээр олон улс орнууд оршиж байдаг болохоор аялахад харьцангүй боломжтой, улс орнууд нь ѳѳр ѳѳрийн онцлогоо хадгалсан болохоор сонирхолтой байв. Англи, Ирланд, Шотланд зэрэг орнуудаас бусад нь Европын Холбооны гишүүн орнууд болохоор хилийн хориг үгүй, бас аль нэгэн улс орон руу ороход сүртэй “хаалга” үгүй, жижигхэн тэмдэглэгээ л анзаарагдана.

Италийн Ром хотоос Швейцарын Цюрих хот руу очиход 10 гаруй цаг машинаар давхисан бол, Бельгийн Вейрвэс хотоос Германы Кёльн хот руу 1 цаг хүрэхгүй хугацааг туулах жишээтэй. Улс хот хоорондын зам нь ѳргѳн, том хотууд доторхи зам нь нарийн болохоор нэг их бардаж жолоо баримгүй. Улс болон хот хоорондын нийтийн тээвэр нь тѳрѳл тѳрлѳѳрѳѳ хѳгжсѳн болохоор аялахад саад үгүй, гэхдээ авто замуудаа аль болохоор байгалийн үзэсгэлэнт газруудаар дайруулж байгуулсан болохоор аялангаа байгалийн үзэсгэлэнг үзэн биширч болно.

Европчууд олон хэлээр ярьдаг. Швейцарь улс франц, герман, итали хэлээр ярьдаг бол Бельги улс герман, франц, нидерланд хэлээр ярих жишээтэй. Бага наснаасаа олон хэлээр ярьж эхэлдэг болохоор хувь хүний талаасаа ѳндѳр хѳгжих боломж нь их юм гэж санагдсан.

сонин mn

Европчууд том автомашин хэрэглэх нь ховор, харин шатахуун бага хэрэглэдэг бага оврын “Мерседес Бенз”, “Ауди”, “BMW”, “Вольксваген” зэрэг машинуудаа унадаг. Германд ихэвчлэн хурдны дээд хязгаар үгүй, бусад орнуудад ч хурдны хязгаар ѳндѳр байдаг нь замын хѳдѳлгѳѳнд оролцож байгаа авто машинуудын аюулгүй байдлыг сайтар хангаж хянадагтай холбоотой байх.

Замын тэмдэг тэмдэглэгээ нь олон улсын стандарт болон орон нутгуудын стандартаар баталгаажсан болохоор хэл мэдэхгүй ч тѳѳрч будилахгүй явах боломжтой. Европчууд хуучны гот маягийн барилгууд болон сүм хийдийн барилгуудаа хадгалж үлдэн сайтар засварласан нь жуулчид ирэх шалтгаан болдог аж. Ямар ч тохиолдолд хуучин барилгуудын нүүрэн талыг огт нураадаггүй, шаардлагатай бол ар хэсгийг ѳѳрчилж болдог гэнэ. Үүсгэл болсон түүхээ заавал авч хадгалдаг нь үндэсний бахархлаа авч үлдэх шалтгаан бололтой. Европчууд маш их аялцгаадаг нь санхүүгийн эрх чѳлѳѳ, түүх соёлын ѳргѳн мэдлэг, ѳѳрийн хүссэнээрээ байх эрх чѳлѳѳний илрэл байх 

Европын орнуудын хоолны соёл нь нийтлэгдүү боловч ѳѳр хоорондоо ялгаатай. Ихэнхи орнууд ѳглѳѳ оройн хоолондоо ач холбогдол ѳгдѳг бол Германчууд ѳдѳр сайн хооллоод орой хѳнгѳхѳн хооллох жишээтэй.

Талх бяслаг, вино пивыг хоолондоо заавал хэрэглэдэг тѳдийгүй эдгээрийг согтууруулах ундаа гэж үздэггүй, хоолны даруулга маягаар ашиглана. Хоолны ширээний ард ажил хэрэг болон дотно яриа ѳрнүүлэх ба үүнийгээ бие биенээ хүндэтгэх илрэл хэмээн тооцдог. Хоолоо зэрэг идэж эхэлнэ, дуусаад зэрэг босно. Хѳргѳгчний хүйтэн цагаан виног хоол идэхийн ѳмнѳ ууцгаах ба энэ нь зѳрчиж болохгүй соёл аж. Европчууд эрүүл мэнддээ сайн анхаардаг болохоор явган гүйж, дугуй болон скүүтер их хэрэглэдэг. Ганган хээнцэр хувцасласан ѳндѳр настнууд гудамжаар ихэмсэгдүү алхах нь содон харагддаг. Бие биенээ хүндэлж, байнга инээмсэглэж харьцдаг болохоор хэн ч бай ѳѳрийн эрхгүй инээмсэглэн тайвширна. Баян ядуугийн болон эрх мэдэлтний ялгаа огт анзаарагдахгүй

Хоёр. ЕВРОП ДАХЬ МОНГОЛЧУУД

Европын Швед болон Ирландад монголчууд харьцангуй олон бусад орнуудад их бага хэмжээгээр тархан суурьшжээ. Америкаас Монголдоо буцаж ирээд 4 жил болох гэж буй миний хувьд Европын монголчуудын амжиргааны түвшин арай ѳндѳр мэт санагдсан. Мэдээж Америкт ч монголчуудын амьдрал сайжирч байгаа байх. Бусдын удирдлага дор олдсон ажлаа гололгүй хийдэг байсан үе ард хоцорч, албан ёсоор ажиллаж амьдрах эрхтэй болж зарим нь ѳѳрсдийн бизнесээ хѳгжүүлж байгаа нь хѳгжлийн дараагийн үеийг мэдрүүлж байв. Шведэд 120 орчим монгол эзэнтэй хоолны газар байдаг гэж сонсож байсан бол орон бүхэнд эрхэлж буй бизнесүүд нь ялгаатай. Тухайн оронд хэн нэгэн монгол хүний эхлүүлсэн бизнес нь бусдад боломж нээж тэр чиглэлээрээ дагнах нь элбэг. Гадаадад байгаа монголчуудын минь зоо нь тэнийж, ѳѳрийгѳѳ хѳгжүүлэх боломжуудаа олж харж, хууль дүрэм журмын дагуу айдасгүй амар амгалан амьдрах үе нь иржээ хэмээн надад бодогдсон.

Олон монголчууд ѳѳрийн бизнесээ босгож, Европт Их Дээд сургууль тѳгссѳн залуус амжилттай ажиллан ѳѳрийн орон зайгаа бий болгож, гадаадад тѳрж ѳссѳн монгол хүүхдүүдийн шинэ үе амжилт дагуулсаар хѳгжиж байна. Бидний сайн мэдэхгүй, сураг тѳдий анзаардаг олон монголчууд, монгол залуус ѳѳрсдийнхѳѳ зардлаар ѳѳрийгѳѳ дэлхийн түвшинд хѳгжүүлэн Монголын баялаг болж байна.

Монголдоо буцаж чадахгүй ч хѳгжилд нь тус нэмэр болох сон гэх мѳрѳѳдѳл тэдний сэтгэл зүрхэнд бадамлаж байна. Хаана ч монголчуудын дасан зохицох чадвар, эрсдлээс айлгүй зоримог шийдвэр гаргадаг, ямар ч ажилд оромдолгүй чин сэтгэлээсээ ханддаг чанарууд нь амжилтанд хүрэх түлхүүр болдог аж.

1. Европд тѳрж ѳссѳн хүүхдүүдээ дэлхийн түвшиний боловсрол эзэмшүүлэх боломжийг ашиглахыг тэд хүсч байна. Ажил хийж олсон мѳнгѳѳ хүүхдүүдийнхээ боловсрол хѳгжилд зарцуулахдаа эд хѳрѳнгѳ бус эрдэм мэдлэг ѳвлүүлэхийн ач тусыг ойлгож байна.

2. Европт олон жил ажилласан зарим монголчууд тэр орноосоо тэтгэвэр тогтоолгон үлдсэн амьдралдаа санхүүгийн эрх чѳлѳѳг эдлэхийг хүсч байна. Харин Монголын ЗГ тэнд тогтоолгосон тэтгэврийг Монголдоо авах боломж олговол, ажиллаж байх хугацаандаа Монголдоо даатгалаа тѳлж хүссэн тэтгэвэрээ авах боломж олговол их дэм болно доо.

3. Санхүүгийн боломжтой болж буй монголчууд, одоо ажиллаж буй салбартаа харж буй боломжоороо Монголдоо туслах хүсэлтэй монголчууд цѳѳн биш болж байнаа. Эх орон нь сэтгэлийн чанадад уяатай байдаг тэд, Монголын Тѳрийн хүнд суртал, авилгалчид, бусдын боломжийг ашиглах буюу хулгайлах хүсэлтэй хүмүүсээс болгоомжилж байна.

4. Европд тѳрж ѳссѳн хүүхдүүдээ яаж ийгээд монгол хэл соёлтой болгочих гэж хичээж буй монголчууд олон байна. Ядаж гэртээ монголоороо ярьж хэвшихгүй бол аажимдаа эцэг эхчүүд нь тэр орны хэлээр яриад ч хүүхдүүдтэйгээ ойлголцохгүй болох эрсдэл бий болжээ. Тэгэхээр энд Монголын Тѳрийн бодлогоос гадна бодит дэмжлэг их чухал байгаа.

5. Гадаадад буй монголчуудын их том нэгдэл нь спорт байдаг. Европд шагайн харваа, сагсан бѳмбѳг, волейвол зэрэг спортууд их хѳгжжээ. Тамирчид ѳѳрсдѳѳ зардлаа гаргаад орон орон дамжин “Европын аварга шалгаруулах тэмцээн” зохион байгуулж байна. Энд бидний оролцоо ч хэрэгтэй харагдаж байна.

6. Тэд Монголын тухай мэдээллийг сошиал орчноос авдаг болохоор Монголынхоо тѳлѳѳх шаналал зовинол нь их болжээ. Яг үнэндээ Монголд хѳгжиж буй олон сайхан жишээнүүдийг тэд огт мэдэхгүй байлаа. Манай залуусыг хараад тэд урамшиж байсан шүү.

Гурав. БИД ЮУ ХИЙГЭЭД БАЙГАА ВЭ?

сонин mn

“Монголчууд Европд” нэвтрүүлгийн багийнхан бид энэ удаад ТУРКИЙН Истанбул, ИТАЛИЙН Ром, ШВЕЙЦАРЫН Цюрих, Люзанна, Женев, ФРАНЦЫН Эвиан, Парис, БЕЛЬГИЙН Антверпэн, Брюссель, Вейрвес, Дендермонд ГЕРМАНЫ Кёльн, Франкфурт, Мюнхен зэрэг хотуудаар 19 хоног аялан 17 зочинтой уулзаж нэвтрүүлгийн зураг авалтуудаа хийлээ. Энэ 9 сараас Монголын “НТВ”, “Тэнгэр” зэрэг ТВ- үүдээр гарч эхлэх энэ нэвтрүүлгүүдээрээ:

1. Хэнийг ч “мундаг” гэж магтахгүйгээр Европд олон жил ажиллаж амьдарсан тэдний амьдралын бодит түүхийг байгаагаар нь үзүүлэх болно.

2. Европын орнуудын хѳгжил хийгээд түүхтэй холбоотой зарим хэсгүүдийг харуулах болно.

3. Тухайн орон бүхний хоолны соёлоор дамжуулан орон бүхний соёл уламжлалын ялгааг мэдрүүлэх болно.

Ѳмнѳ Америкаас бэлтгэж байсан “Монголчууд Америкт” нэвтрүүлгээ илүү мэргэжлийн түвшинд бүтээхээр зорьж байгаа. 2 удаагийн явалтын дараа бид багаар ажиллаж үзлээ. Продюсер Түшиг маань аялалын маршрут тѳлѳвлѳн оролцох зочидтойгоо урьдчилан холбогдож, хаана хонож хаана хооллох, ямар унаагаар явахыг шийдэж байв. Муба маань зураг авалтын найруулга, хаана ямар газар хэрхэн зураг авахыг сонгож, Будка минь зураг авалтын явц болон дууны чанарыг хянаж байв. Ану маань оролцогчтой ярилцах чиглэл болон нэвтрүүлгийн үндсэн бүтэц дизайн дээр анхаарч шийдэж байлаа. Багийн гишүүд бие биедээ итгэж, хэнийхээ е ажилд оролцолгүй хариуцсан ажлаа чин сэтгэлээсээ хариуцлагатай гүйцэтгэж байсан нь хамгийн сайхан байлаа. Энэ эрчмээрээ бид 11 сард Англи, Ирланд, Шотланд орнуудад ажиллаж, 12 сард Зүүн Европын орнуудад ажиллахаар тѳлѳвлѳж байна. Нэвтрүүлэгт оролцогчид маань биднийг халуун дулаанаар угтан, чин сэтгэлээсээ ярилцан, боломжоороо тусалж дэмжиж байсанд маш их талархаж байна.

Залуус минь аялалын тѳгсгѳлд Монголдоо буугаад “Галаа ах аа, би Европоор аялсан 19 хоногт огт ѳѳр хүн болж буйгаа мэдэрч байна шүү” гэж хэлсэн нь их урам зориг ѳгѳв. Сайхан газруудаар аялж нүд тайлахаас гадна, оролцогчдын яриаг анхааран сонсож оюуны мэлмий нээгдэнэ гэдэг илүү том боломж юм шүү дээ.

Харин бид энэ боломжуудаа та нартай хуваалцахыг догдлон хүлээж байгаа. Бидэнтэй хамтран ажиллах боломж бүх хүмүүст нээлттэй байгаа. Тэр тусмаа нэвтрүүлгийн дундуур сурталчилгаагаа гарган биднийг санхүүгийн хувьд дэмжих компани болон байгууллагуудын дэмжлэг илүү хэрэгтэй байна. Бид 2024 онд “Монголчууд Австралид”, “Монголчууд Солонгост” 2025 онд “Монголчууд Японд”, “Монголчууд Канадад” гэхчилэн үргэлжлүүлэх тѳлѳвлѳгѳѳтэй байгаа.

Гадаадад байгаа ч Монголдоо байгаа ч бид нэг л үндэстэнгүүд. Бид нэг газар шорооноос ургаж нэг газар шороонд шингэх тавилантай. Одоо байгаа үл ойлголцлын шилэн ханыг нэвтэлж бие биенээ ойлгож дэмжих цаг нь ирсэн. Дэлхий ертѳнц хавтгай болж байгаа нь шинэ үеийн монгол залууст том боломжийг авчирч байна. Ковид хэмээх аймшигт тахлын дараа хүмүүс ѳѳрсдийнхѳѳ “жижигхэн” гэдгийг анзаарч “бага зардлаар жаргалтай амьдрах” ухааныг сонгож эхэллээ. Монголчууд  бид ч оюуны мэлмийгээ нээж бие биенээ чин сэтгэлээсээ хайрлан, ѳѳр хоорондоо ѳрсѳлдѳлгүйгээр сайн үйлс бүтээж буй хэнийг ч болов дэмжин хамтарч байж хѳгжинѳѳ. Ѳѳр сонголт бидэнд үгүй.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.