Толгой өвдөөд ч байх шиг...

Twitter Print
2019 оны 12-р сар 28-нд 13:39 цагт
Мэдээний зураг,

Толгой өвдөөд ч байх шиг... ам дамжсан ярианаас...

Нүүрс үндсэн 7 элементээс бүрддэг. Нүүрстөрөгч гэдэг элемент нь их агуулагдсан бол сайн чанарын буюу их дулаан ялгаруулна. Чулуун нүүрсний нүүрстөрөгч нь их байдаг бол хүрэн нүүрсний С нь бага байна гэж ойлгож болно. Нүүрстөрөгч С+ Хүчилтөрөгч О2= Шаталт буюу СО2 болно. Бидний харьцуулалт хийгээд байгаа Тавантолгойнх чулуун нүүрс бол Багануурынх хүрэн нүүрсний ангилалд багтана.

Тавантолгойн нүүрсний дулаан гаргах чадвар нь 6200 ккал. Багануурын нүүрсний 3600 ккал орчим. Утаа багасаад байгаа гол хүчин зүйл нь энэ байгаа юм. Утаат жилүүдэд та хувин дүүрэн нүүрс шатааж гэрээ дулаацуулж байсан бол энэ жил тал хувинг түлэхэд болоод байгаа биз? Нүүрсний бас нэг үндсэн элемент нь хүхэр –S. Энэ нөхөр чөлөөт байдалд усны молекултай нэгдэж чадвал шүү хүхрийн хүчил болдог. Багануурын нүүрсний хүхрийн агууламж 0.38 орчим хувь, Тавантолгойн нүүрсний хүхрийн агууламж 0.65 орчим байгаа. Цаашид ч өөрчлөгдөхгүй. Нүүрсний олон нэгдэл, шороо чулуу энэ тэрийг нийтэд нь 100 хувь гэж үзвэл асуудал үүсгээд байгаа хүхэр гуай 3-6 хувийг нь эзлэх нь ээ дээ. Шаталтаас үүссэн хүхрийг шохойн чулуутай урвал оруулж хатуу төлөвт шилжүүлж болдог. Гипс шиг цагаан өнгөтэй хатуу чулуулаг болдог. Шохойн чулуу /нийтлэг нэр зэсийн байван/ -ны кальцийн карбонат CaCO3 –ийн агуулга нь 92-93% байна. Тэгэхээр нүүрсэнд шохойн чулуу хольчихвол шаталтаас үүсэх хүхрийн хийг хатуу төлөвт шилжүүлж болдог гэсэн үг.

Хатуу төлөвт шилжсэнээр хүндийн жингээр үнсэндээ агуулагдаж үлдээд хотын гудамжинд гарч чадахгүй л дээ цаадах чинь.Хүхрийг барьж авдаг зөндөө л арга технологи байдаг юм билээ. Манайд шууд үр дүнгээ өгөх арга нь шохойн чулуу юм байна гэж харж байгаа. Энэ жил Улаанбаатарын хүхэрлэг хий нэмэгдэх нь бодит үнэн. Толгой өвдөх, эргэх зовиур ч байхыг үгүйсгэхгүй. Харин өргөрөг буюу уяхан замбуутивийн бүслүүрийн Өвөрмонголоос хойших бүс нутгийн хүн зон бороо ороход шүхэр барихгүй байж болно. Алтан Москва , Азийн цагаан дагины дээвэр дээрхи хүхэрлэг хий салхиар туугдсаар урд ах нар, Их наран улс, Солонгийн ах нарын толгой дээр хүчиллэг бороо болж бууна. Тэнд их чийглэг байдаг шиг байгаа юм. Ирэх жил Тавантолгой түлшний үйлдвэр маань нүүрсэндээ шохойн чулуу хольж түлшээ үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа. Шохойн чулууны олборлолт, хэрэглээний өртөг өндөр тул САЙН ТҮЛШ-ний үнэ бага зэрэг өснө шүү.

Өртгийн зөрүүг татвар нэртэй халаас суйлах арга хэрэглэх бол уу. ТӨР БУЙ ДОР ТАТВАР БУЙ. Түлшний үнэ өслөө гэж жагсаал цуглаан хийхээсээ өмнө өрхийн орлогоо нэмэгдүүлэх арга хайвал зүгээр ч юм шиг. Нэг үеэ бодвол Дорноговийн Өргөн сум, соц нийгмийн том бүтээн байгуулалт Хөтөл, Номтойбаяр,.. нарын цементийн үйлдвэрүүд шохойн чулуу үйлдвэрлэдэг болсон ш дээ.Цаадуул (хувийн хэвшлийнхэн голдуу) чинь муу хэлүүлээд юм хийгээд  байгаа юм даа. Яг өнөөдөр бол шохойн чулууг Оюутолгойн станц л энэ зорилгоор байнга ашиглаж байгаа.

Хүн ам сийрэг энэ бүс нутагт хүхэрлэг хийн хэмжээг дэлхийн банкны стандартад барих шаардлага байгаа ч юм уу үгүй ч юм уу. Говийн агаарын хүхрийг хэн хэмжээд хэндээ шаардлага тавьдаг юм бүү мэд. Монголд хүхэрлэг хийн стандарт, торгууль төлбөр энэ тэр байгаа ч юм уу үгүй ч юм уу бүү мэд. Бидний хуулбарладаг Ого ах нарт ийм стандарт байгаа ч юм уу. Манай ТӨХК-ний том станцууд ч гэсэн хүхэрлэг хийн гол үйлдвэрлэгч ч дээ.

Гэрээс ялгаатай нь бидний хамраас өндөр яндантай юм даа. Тэгэхээр хүхрийн хүчлийг мартаад ирэх жил САЙН түлшний найрлагаа сайжруулаад авбал арван долдугаар жарны ... жилдээ толгой өвдөж, дотор муухайрахгүй ч юм билүү. Энд нэг зүйл хавчуулчихья. Хүхэрлэг хий нэмэгдсэнд ММС буюу Энержи ресурс буруугүй гэдгийг ойлгоосой билээ. Уяхан замбуутивын наран дор мөхдөлгүй мандсаар....

Монгол улсын зөвлөх инженер Э. Даваасүрэн

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.