
Арьс, үс, хумсанд гарч байгаа өөрчлөлтүүд нь бидний биед зарим эрдэс, витамин дутагдаж буйн дохио байж болно.
Тухайлбал:
Хумс хугарамтгай, хэврэг болох, салаалах, ургалт удаашрах нь биотин, витамин С, фолийн хүчил, омега 3, кальци, төмөр, цайр зэрэг витамин эрдэс бодисын дутагдалууд нөлөөлнө.
Хумс босоо зураастай болох нь биотин, төмөр, магнийн дутагдлаас болохоос гадна, нас ахих тусам аяндаа ийм зураас гарах нь түгээмэл болдог.
Хумсны эргэн тойрны арьс сөрөх нь витамин С, фолийн хучлийн дутагдал байж болно. Мөн хурууны өндөгний арьс хууларч хуурайшиж эмзэгшиж байвал витамин В3 буюу ниацин дутагдаж буйн шинж, эсвэл витамин А илүүдсэн шинж байж болно.
Хумс хонхойх нь төмрийн солилцоо алдагдсаныг илтгэнэ. Төмөр дутагдлын цус багадалт нь хумсны доод давхрагын холбогч эдэн бүтцэд нөлөөлдөг. Төмрийн хэрэглээг зөвхөн эмчийн заавраар шинжилгээ өгч байж зохистой тунг тохируулна.
Хумсны эрүүл бат бөх байдалд үүрэг гүйцэтгэдэг витамин эрдэс бодисын тухай товч ойлголтыг та бүхэнд өгье.
• БИОТИН (витамин В7). Биотин нь хумсны үндсэн бүтэц болох кератин уургийн үүсэлтэнд оролцож, хумсыг бат бөх, хурдан ургахад тусалдаг. Биотины эх үүсвэрт мах, өндөг, самар, авокадо, навчит ногоонууд орно.
• ВИТАМИН С нь хумсны дараагийн бүтэц болох коллаген уургийн үүсэлтэнд оролцдог. Мөн хумсыг уян хатан, бат бөх ургахад тусалдаг. Витамин C -ийн эх үүсвэрт аньс, нэрс, чацаргана, нохойн хошуу, чинжүү, брокколиг өдөр тутамдаа хэрэглэхээс гадна коллагены эх үүсвэр болох толгой шийр, студень зэрэгийг хоол хүнсэндээ хэрэглэх нь арьс үс хумсаа эрүүл гоо сайхан байлгахад нэн тустай.
• ФОЛИЙН ХҮЧИЛ (витамин В9) нь биемахбодод шинэ эс бий болгоход оролцдог. Фолийн хүчил нь навчит ногоо, шош, үр тарианд байдаг. Фолийн хүчил дутагдахад хумс хугарамтгай болно
• ОМЕГА 3 тосны хүчил нь хумсыг чийгшүүлж, хуурайшиж хэврэгшихээс сэргийлдэг. Омега 3-аар баялаг хоол хүнсэнд маалингын үрийн тос, чацарганы тос, өвчүү, сүүлний өөх, хушга зэрэг орно.
• КАЛЬЦИ хумс, яс, шүдийг бат бөх байлгахад тустай. Кальцийн солилцоо зөв явагдахад Д витамины оролцоо чухал үүрэгтэйг мартаж болохгүй.
• ТӨМӨР нь цусны улаан эсийн бүтцэд ордог. Төмөр дутагдлын цус багадалтаас болж хумс, арьс, үсэнд тэжээл дутагдах, бат бөх байдал нь алдагдагддаг.
• ЦАЙР эд эсийн өсөлт, гадны таагүй нөлөөнөөс хамгаалах урвалд оролцдог. Цайр дутагдахад хумс хэврэгшиж хугарна.
•МАГНИ нь уургийн нийлэгжилтэнд оролцож хумс үүсэлтэнд оролцоно. Магни дутагдахад хумсанд босоо зураасууд үүсдэг.
Эцэст нь дурьдахад арьс, үс хумсанд гарч байгаа аливаа өөрчлөлт нь маш олон шалтгаантай байж болно. Жишээлбэл хоол хүнснээс шим тэжээлийг хангалттай хэмжээнд авч чадахгүй байх, эсвэл хангалттай орж ирж байсан ч хоол болосвруулах замын өвчин эмгэг, дотоод шүүрлийн булчирхайн өвчин, бодисын солилцооны алдагдал зэргээс шалтгаалан биед шимэгдэхгүй байх…
Мөн биеэ даасан янз бүрийн өвчин эмгэгийн шинжүүд байж болно.
Тиймээс эдгээр шинжээс гадна өөр дагалдах зовиур танд байдаг бол эмчид хандах цогц арга хэмжээ авах нь хамгийн чухал.
Х.Уянга
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.