
· GenZ-г саналаа өгсөнгүй, арван хэдхэн хувьтай байна гээд загнаад байхын. Энэ үе: 18, 19, 20, 21, 22, 23, 24 гэсэн долоон насны залуучууд. Нийт 347,942-оос санал өгсөн нь 149,782. Ирц 43%.
· GenZ нийт 2.101.289 сонгогчдийн 16% нь болохоор санал өгөлт 12-15% байх нь аргагүй. Хүн амын бүтцээрээ ийм.
· GenZ нэр дэвшигчдийг аймшигтайгаар муулсан компанит ажилд оролцоогүй. Тэд дуугай л байсан, дуугай байж байгаад дээлтэй, дээлгүй гүйж очоод САНАЛАА ӨГЛӨӨ.
Хэргийн гол өөр юманд байна, таминь ээ.
1. Нийт 2.101.289 сонгогчдоос 1.376.580 санал цуглуулсан НАМ сонгогчдын 60%-ийг төлөөлж байна. Гэтэл ирэх 4 жилд засаглалыг 100% гартаа барьж, шийдвэрийг 100% (82%) өөрсдөө гаргах нь.
2. Сонгинохайрхан дүүрэг 2 тойрог, 5 мандат, 211.466 сонгогчидтой байхад; Говь-Алтай аймаг 1 тойрог, 2 мандат, 38634 сонгогчидтой. Нэг гишүүний төлөөллийн тоо асар их зөрүүтэй байна.
3. Өнөөгийн сонгуулийн систем нь улс төрийн аль нэг нам сонгогчдын саналаас үл шалтгаалан засаглалыг 100% дангаар барих боломж олгодог. Хэрвээ санаж байгаа бол 2016 оны сонгуульд “ямар сонин юм бэ, яагаад энэ нам гарчихваа” гээд шогшроод байсан. Өнөөдөр ч ялгаагүй. Санал хураалтын дүн нь нийт сонгогчдын хүлээлтээс тэс өөр гарч байгаа нь хуулийн болон системийн гажуудал.
4. Мажоритар тогтолцоо нь улс төрийн намыг биш, хүнийг нэр дэвшүүлдэг систем тул хүн дагасан сонгууль болоод байна. Хэрвээ анзаарсан бол энэ удаагийн сонгуулиар БОДЛОГО ярьсангүй.
5. Хүн дагасан сонгууль учир 606 нэр дэвшигчид эсвэл хамгийн сайн хүн, эсвэл хамгийн муу хүн болж, тэр хэмжүүр нь цаг, цагаар өөрчлөгдөж байлаа.
6. Хүн яриад байгаа учраас “troll”-ууд ажиллахад ч амар байлаа.
7. Биднийг хүн яриад сууж байх хооронд Сонгуулийн хуулиас “Нэр дэвшигч нэрээ татах” заалтыг авчихсан нь 606 нэр дэвшигч “Нэрсийн жагсаалт” дээр хүссэн ч хүсээгүй ч бичигдэх болсон.
8. Бид сонгуулийн дараа ч хүн ярьсаар байна. Хүний дээдүүд нь ялагдаад, адгийн шаарнууд нь ялчихсан юм шиг яриад байна. Энэ нь бас л сонгуулийн хууль, сонгуулийн системийн гажуудал.
Цаашид яамаар байна вэ гэвэл:
· Сонгуулийн хуулийн заалтыг сугалж биш, системээр нь өөрчлөхгүй бол 4 жилийн дараа бид бас ингээд шогшроод сууна.
· Хүн нэр дэвшүүлээд байвал хүн л ярина, улс төрийн намууд дэвшүүлээд байвал бодлого ярьдаг сонгууль болох тул ПРОПОРЦИОНАЛЬ хэлбэр лүү шилжмээр байна.
· Сонгуулийн сурталчилгааг байгалд ээлтэй болгож, энэ олон сурталчилгааны самбар, хуудас, ном зэргээс салмаар байна.
· Технологид тулгуулрласан шинэ арга: нэр дэвшигчдийн нэгдсэн портал/аппликэйшн гэх мэт бүх нэр дэвшигчид, улс төрийн хүчин нэг доор төвлөрч, улс орны томоохон асуудал боловсрол, эрүүл мэнд, урлаг спорт, орон нутаг, дэд бүтэц, гадаад харилцаа гэх мэт асуудлууд дээр ямар бодлого баримтлах гэж байгаа нь харагдаж байдаг нэгдсэн ONLINE платформтой болмоор байна. Бид тогтолцоо, систем, үзэл баримтлал, БОДЛОГО яримаар байна.
Ю.Ариунзаяат
(дээрхи тоонууд өөрчлөгдөх магадлалтай)
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.