
Австралид 2019-2020 оны зун гарсан ой хээрийн түймрийн утааны улмаас 445 гаруй хүн нас барсан болохыг Австралийн засгийн газраас явуулж буй шалгалтаар тогтоожээ.
Тасманийн Их Сургуулийн профессор Фэй Жонстоны мэдээлснээр хэдэн долоо хоногийн турш ассан ой хээрийн түймрийн утааны улмаас 4000 гаруй хүн эмнэлэгт хэвтсэн байна. Түүнчлэн ой хээрийн түймрийн улмаас 30 гаруй хүн амь үрэгдэж, агаарын бохирдол хэдэн долоо хоногийн турш эрүүл мэндэд хортой хэмжээнд хүрсэн билээ. Австралийн засгийн газраас явуулж буй шалгалтын үр дүнд байгалийн гамшгийн үед авах хариу арга хэмжээнүүдийг сайжруулах юм. Агаарын хэм өмнөх жилүүдийнхээс өндөр байсан нь болон олон сарын турш үргэлжилсэн ган ганчигийн улмаас хурдацтайгаар тархсан ой хээрийн түймрийн улмаас Австрали даяар 11 сая га газар шатсан билээ.
Австралийн хамгийн том хот болох Сидней хотын оршин суугчид хэдэн сарын турш хортой агаараар амьсгалсан ба Аделаид, Канберра зэрэг хотуудын ойр орчмын бүс нутгууд ч түймэрт автсан юм. Профессор Фэй Жонстоны хэлж байгаагаар Австралийн хүн амын 80 хувь буюу 20 орчим сая хүн ой хээрийн түймрийн утаанд өртсөн ба утааны улмаас 3340 хүн эмнэлэгт хэвтэж, 1373 хүн эмнэлгийн яаралтай тусламж авчээ. Ой хээрийн түймрийн утааны улмаас эрүүл мэндийн салбарт 2 тэрбум австрали долларын зардал гарсан нь өмнөх жилүүдийнхээс 10 дахин өндөр байсан аж.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.