Бид бүгд "инээмтгий хүн" болсон...

Twitter Print
2023 оны 04-р сар 25-нд 10:44 цагт
Мэдээний зураг,

Инээмтгий хүн

Хүн баярлаж хөөрсөн үедээ инээнэ. Инээд бол сэтгэлзүйн, физиологийн үзэгдэл гэдэгтэй хэн ч маргахгүй. 1869 онд Виктор Хюгогийн “Инээмтгий хүн” роман хэвлэгдсэн ч олон нийт энэ бүтээлийн гүн утга санаа, практик ач холбогдлыг төдий л ойлгоогүйн улмаас нэлээд хэдэн он анхаарлын гадна үлдсэн байдаг. Эрх баригчид ард түмний зовлон, ядуурал гуйланчлалыг ямагт нуун далдалж, нэг хэсэг хүнээр бусдын зовлонт амьдралыг нухчин дарахыг хичээнэ.Эрх баригчдад ухаалаг ард түмэн хэрэггүй, тэдэнд цаанаа хичнээн зовсон ч наанаа инээсэн дүртэй ард түмэн л хэрэгтэй. Зохиолын гол дүр Гуинпленыг багад нь бүлэг этгээдүүд хулгайлж, улмаар нүүр төрхийг нь өөрчлөн, инээж буй мэт үзэшгүй муухай дүрстэй болгон хувиргах бөгөөд тэр төрхийн цаана хичнээн уйтгарлаж, зүрхээ зүстэл бахиран хашгирсан ч хэн ч түүний зовлонг олж харахгүй. Энэхүү утга учиргүй үнэн байдлыг “Инээмтгий хүний” дүрээр гаргахыг хичээсэн нь уг сонгодог бүтээлийн үндсэн санаа юм.

Виктор Хюго гэж хэн бэ гэж улиглаад яахав, харин өнөөгийн хошин шог, энтертайнментийн хүрээнд "инээд" төрүүлж буй "сөрөг сэжүүр" эрс нэмэгдсэн, өнөөдөр Монголоор дүүрэн инээмтгий хүмүүс, тэд нэг төрлийн "өрөвдөлтэй ертөнцөд" амьдарсаар байгаагаа мартаж байна. Тэртээ 154 жилийн өмнө Виктор Хюго хэмээх эрхэм анх цухуйлгасан энэхүү инээдийн утга учир “ондоошиж”, өнөөгийн бидний нийгэмд яв цав таараад байдаг нь юув?

Ням гаригийн орой “Про” театрын уран бүтээлчдийн “Инээмтгий хүн” визуал драмыг шимтэн үзлээ. Визуал драм бол жүжигчдийн нүүрний илэрхийлэл, нүдний хөдөлгөөн, биеийн хэлд түшиглэсэн үзэгчдийг уриалж, мөн баясгах зорилго бүхий жүжиглэх хэлбэр, ихэвчлэн модон хүүхэлдэй, сүүдэр ший, элдэв биет, у-шу, мультимедиа зэргийг өргөнөөр ашигладаг орчин үеийн тайзны урлагийн хэв загвар юм. Про-чууд энэ бүхнийг туйлын чадамгай ашиглажээ. Хоёр цаг хагасын турш тэд бус, харин үзэгчдийн суудалд суугаа бид инээмтгий хүмүүс болсноо “яс махандаа” тултал ойлгосон.

“Англид бүх зүйл гайхалтай, тэр ч байтугай олигархи нь хүртэл. Энэ феодалын тогтолцооноос илүү алдартай, илүү аймшигтай, илүү бат бөх зүйл байхгүй” гэж зохиолч бичиж байж. Харин одоо манайд ийм болчихвол яана, эсвэл бараг болчсон шүү дээ гэж бодохоос жихүүдэс төрнө. Ихэнх жүжигчид миний хувьд шинэ танилууд, гэхдээ үеэл дүүгийн маань өгүүлснээр, тэд бол өнөөгийн залуу “одод” гэнэ лээ. Мэдээж тэдэнд уран бүтээлийн өндөр амжилт хүсэх ёстой. Харин энд миний мэдэх ганц жүжигчин гэвэл МУГЖ Ц.Төмөрхуяг байлаа. Тэртээ 90-ээд онд УДЭТ-ийн тайзнаа “Буцах хаяг” зэрэгт бужигнуулж явсныг нь үзэж бахдаж л явлаа. Харин энэ удаа Английн тэнэмэл жүжигчин Урсусын дүрийг “ёстой нэг сэтгэлд тултал” гаргасан. Энэ жүжгийг үзэх гэж зорьж очсоны минь нэг зорилго бас энэ, 20 жил театраас хөндийрсөн, одоо “Инээмтгий хүн” намайг дахин тулаанд дуудаж байна гэсэн ярилцлагыг нь уншаад үзэх гэж очсон. Гайхалтай тоглолтонд нь нурууны үс босч байдаг шүү. Аргагүй алтан Цэгмидийн хүү юм даа гэж бодож суулаа. Тэрхүү ярилцлагадаа Ц.Төмөрхуяг маш олон уран сайхны кинонд тоглосон талаар өгүүлсэн байна лээ. Монгол кино үздэггүй тул миний хувьд мэдэх зүйл алга, харин театрын тайзан дээр өөр олон дүрд хувирбал хамгийн түрүүнд очноо. “Про” театр ийнхүү сонгодог бүтээлийг тайзны бүтээл болгон амилуулжээ. УДЭТ өнөөдөр ганц ч өрсөлдөгчгүй ажиллаж байна, энэ мэт хувь хувьсгалын театр олноор бий болбол жүжигчдэд өөрийгөө харах, бусадтай харьцуулах боломж гарах юм даа. Инээмтгий хүн би Оросын соёл шинжлэх ухааны төвөөс “инээсээр” харив аа.

М.Мөнхжаргал

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.