Хар Баасан гараг буюу 13-ын тооны учир

Twitter Print
2019 оны 12-р сар 13-нд 09:31 цагт
Мэдээний зураг,

Хар баасан гараг яг өнөөдөр таарчихаж. 13-ны Баасан гараг-ёр зөгнөсөн учир битүүлэг энэ өдрийг Христийн шашин шүтлэгтэй улс түмнүүд жихүүцэн хүлээж авдаг. Тэгээд ч энэ өдрийг хамгийн азгүй, муу үр дагавар дагуулсан гэж үздэг уламжлалтай тул ийнхүү "хар" гэж нэрийдэх болсон нь олон зуун жилийн өмнөөс. Энэ оны хувьд хар баасан гараг харин дахин таарахгүй, өнгөрсөн зургадугаар сарын хоёр дахь долоо хоногт тохиосон. Гэвч энэ өдөр чухам юу, юу болоод өнгөрснийг бид ер нь анзаараагүй байх, Бурханы шүтлэгтэй улсад харийн ёс цээр ер хамаа юун. Харин европчуудын хувьд энэ өдөр олон орны хүмүүс гэрээсээ гарахгүй, утсаа авахгүй, наймаа хийхгүй, гэрээ хэлэлцээр байгуулахгүй, ерөөс юу ч хийхгүй байхыг хичээдэг. Хэрэв ямар нэг юм зайлшгүй хийх болбол мод руу гурав тогшиж, зүүн мөрөн дээгүүрээ нулимна.

13-ны Баасан гаригтай холбоотой сүсэгт арван хүн дутмын нэг нь итгэдэг байна. Британийн "Обсервер" сонинд иш татсан тоо баримтаас үзвэл, дэлхийн арван хүн дутмын нэг нь энэ өдрөөс айдаг гэж "Российская газета" сонинд бичжээ. Даатгал Статистикийн Голландын Төв бусад Баасан гарагуудаас 13-ны Баасан гарагт хамгийн бага осол гардаг гэсэн судалгаа гаргасан байна. Учир нь хүмүүс маш болгоомжтой байх юм уу, аль эсвэл гэртээ байдаг. Голландад 13-ны Баасан гарагт хүмүүс маш болгоомжтой машин барьдаг гэдгийг статистикийн тоо баримт харуулж байна. 

Мөн судалгаанаас үзвэл Баасан гараг 13-нд тохиох явдал 400 жилд янз бүрийн сард тохиох бөгөөд түүнээс хойш давтагдаж эхэлдэг аж. Энэ 400 жилийн хугацаанд 13 гэсэн тоо 4800 удаа дайралдах агаад үүний 684 нь Даваа, Мягмар, 687 нь Лхагва, Ням, харин 688 нь Баасан гаригт тохиож буй. Өөрөөр хэлбэл бусдаасаа арай олон тохиож байгааг хараа биз.

Ер нь 13-ын тоотой холбоо бүхий олон онол байдаг боловч түүнээс батлагдсан нь цөөн. Үүнээс хамгийн их дэлгэрсэн нь Ийсүс Христийн сүүлчийн шөнө буюу түүний 12 номын бурхантай холбоо бүхий домог бөгөөд энэ 13 хүнээс заавал нэг нь золиослогдох болсон явдал билээ. Францад нэгэн сонин үйлчилгээ бий. Энэ нь “Арван дөрөв дэх зочин” хэмээх мэргэжлийн байгууллага юм. Учир нь хэсэг нөхөд цуглан хамт нэг оройг өнгөрөөхөөр шийдээд иртэл тэд 13-уулаа болчихвол уг байгууллага руу утасдаж өөрсдийн хэрэгцээ, сонирхолд зохицсон арван дөрөв дэх зочныг урьдаг ажээ.

Англид найрын ширээний 13 дахь сандал дээр хар хамба хилэнгээр хийсэн хулгана эхлээд тавьдаг бөгөөд бүх зочдыг суусны дараа авч хаядаг заншилтай. Мөн Скандинавын орнуудад ч 13 гэсэн тоотой холбоо бүхий олон домог яриа бий. Эндхийн Вальхаллд болсон их найранд 12 бурхан хүрэлцэн ирсэн ба Локи бурхан энд ирснээр бурхдын тоо 13 болж эдний хооронд ихээхэн хэрүүл шуугиан дэгдсэн бөгөөд үүний дүнд бүхний хайртай Бальдра бурхан амь үрэгдсэн гэдэг билээ.
Дундад зууны үед үүссэн хөзрийг “чөтгөрийн тоглоом” хэмээн нэрийддэг байжээ. Аргагүй юм. Яагаад гэвэл мөрийтэй тоглоомын явцад цөөхөн хүн баяжиж, харин олонх нь хувхайран хоосордог жам бий. Хөзөр нь гил, бундан, цэцэг, дөрвөлжин гэсэн дөрвөн төрөл байх агаад эдгээр нь тус бүр 13 ширхэг хөзрөөс бүрддэг нь сонин байгаа биз.

Эртний Грекийн яруу найрагч Гесиод “Хөдөлмөр ба өдрүүд” хэмээх бүтээлдээ хаврын тариалалтыг сарын 13-нд эхлэхийг цээрлэсэн байдаг. Мөн Микенийн хаан Агамемионыг түүний хорон санаат эхнэр нь 13-нд хороосон домог бий. Эртний Вавилонд 12-ын тоог хамгийн сайн гэж үздэг байжээ. Тиймээс ч од гаригсын тохиолоор жилийг 12 сар, өдөр шөнийг 12 цагт хуваасан гэх яриа бий.

Европын зарим орны зочид буудалд 13 гэсэн дугаартай өрөө бараг байхгүй. Нисэх онгоцонд ч гэсэн 13 гэсэн дугаартай эгнээг олох нь толгой эргэм өндөр байшингийн 13 дугаар давхрыг олохоос ч хэцүү гэлцдэг юм. Мөн үүнээс гадна хачин инээдтэй юм ч их болдог аж. АНУ-ын Массачусетс мужийн нэг иргэн эхнэртэйгээ 12 жил ханилсныхаа дараа салж, харин 13 дахь жил өнгөрсний хойно дахин ханилсан гэдэг юм. Тэрчлэн хэтэрхий шүтлэгтэй энэ эр сар бүрийн 13-нд гэрээсээ цухуйдаггүй төдийгүй, захиалсан сонин сэтгүүлийнхээ 13 дугаар хуудсыг уншдаггүй гэнэ. Мөн зарим улсын хурдан галт тэргэнд 13 дугаар вагон гэж байдаггүй.

Ер нь 13-ын тоотой холбоо бүхий огт тайлагдашгүй оньсого мэт олон тохиолдол гарсан байдаг. Ялангуяа хөгжмийн аугаа их зохиолч Рихард Вагнерийн хувьд энэ тоо асар их учир утга агуулдаг гэх нь бий. Рихард Вагнер болон Гектор Берлиоза, Генрих Хейне, Жорж Брак, Альбрехт Дюрер, Жузеппе Верди, Мерилин Монро, Вальтер Гропиус, Айседора Дункан, Ингрид Бергман, Эдгар Аллон По нарын овог нэрийг латин үсгээр бичвэл бүгд 13 үсгээс бүрддэг ажээ.

Ингэхэд хөгжмийн зохиолч Р.Вегнар 1813 онд төрсөн бөгөөд тэрбээр хожим хоёрдугаар сарын 13-нд нас барсан юм. Байрейт дахь түүний театр наймдугаар сарын 13-нд нээгдсэн ба Вагнер амьдралынхаа туршид 13 дуурь бичсэн аж. Мөн түүний төрсөн оны тооны нийлбэр 13/ 1+8+1+3/ байдаг. Тэрчлэн Вагнерийн уран бүтээлд ихээхэн нөлөө үзүүлсэн хэмээн тооцогддог Веберийн “Эрх чөлөөт харваач” хэмээх дуурийн анхны тоглолт аравдугаар сарын 13-нд болсон аж. Мөн Вагнерийн “Тангейзер” дуурь Парист 1861 оны гуравдугаар сарын 13-нд анх тоглож үзэгч олны ширүүн эсэргүүцэлтэй тулгаран түүнийгээ хааж байсан бол 1895 оны тавдугаар сарын 13-нд мөн л Парист уг дуурийг тавьж болох зөвшөөрөл олгожээ.

“Тангейзер” хэмээх энэхүү дууриа Вагнер 1944 оны дөрөвдүгээр сарын 13-нд бичиж дуусгасан байдаг. Түүнээс гадна Вагнерийн найруулагчаар ажиллаж байсан Ригийн төв театр 1837 оны есдүгээр сарын 13-нд нээгдсэн гэдэг. Мөн Вагнер гадаад оронд 13 жил цагаачилсан бөгөөд тэрбээр Байрейтийг есдүгээр сарын 13-нд орхин гарч, Венецийг хамгийн сүүлчийн удаа 1883 оны нэгдүгээр сарын 13-нд үзсэн ажээ. Тэрбээр Герман нэгдээд 13 жил болсны дараа нас барсан. Харин энэ бүх тоо баримтын тухай 1913 онд нийтлэгдсэн “1000 гайхамшиг” хэмээх номонд бичсэн байдаг билээ.
Мөн 13 гэсэн тооноос гадна долоо хоногийн Баасан гарагийг тойрсон элдэв яриа бас бий. Үүний үүсэл домог их эртнээс үүдэлтэй. Ийсүс Христийг Баасан гаригт цовдолсон бөгөөд Адам, Ева хоёр “хэрүүлийн алимаа“ Баасан гарагт хүртсэн гэлцдэг юм. Мөн Наполеон Баасан гарагт байлддаггүй байсан бол Канцлер Бисмарк Баасан гаригт ямар нэг гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурдаггүй байжээ.

 
Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.