Alibaba компанид 2.8 тэрбум ам. долларын торгууль ноогдуулжээ

Twitter Print
2021 оны 04-р сар 13-нд 09:30 цагт
Мэдээний зураг,

БНХАУ-ын Зах зээлийн зохицуулах хороо Хятадын цахим худалдааны хамгийн том платформ Alibaba компанийг шударга бус өрсөлдсөн хэмээн үзэж 18.2 тэрбум юань буюу 2.8 тэрбум ам. доллараар торгожээ.

Тодруулбал, Alibaba цахим худалдааны платформоор дамжуулан бараа бүтээгдэхүүнээ борлуулагчид Alibaba компанитай хийсэн гэрээнийхээ дагуу өөр цахим худалдааны платформд бараагаа борлуулах боломжгүй байжээ. 2.8 тэрбум ам. долларын торгуулийн хэмжээ нь Alibaba компанийн 2019 оны Хятадад хийсэн нийт борлуулалтын 4 хувьтай тэнцэх ба 2015 онд Хятадын эрх баригчдын мөн адил заалтаар Америкийн чип үйлдвэрлэгч Qualcomm компанид ноогдуулсан 975 сая ам. долларын торгуультай харьцуулахад асар өндөр юм.

Сүүлийн саруудад Бээжин үндэсний технологийн компаниудад тавих хяналтаа чангатгаж эхэлсэн ба Ерөнхийлөгч Си Жиньпин нийгмийн тогтвортой байдлыг хангахын тулд цахим компаниудын үйл ажиллагааг зохицуулах нь 2021 оны гол зорилтуудын нэг гэдгийг онцолсон билээ. Жэк Магийн үүсгэн байгуулсан Alibaba цахим худалдааны платформ нь Хятадын хамгийн алдартай бөгөөд амжилттай яваа хувийн хэвшлийн бизнес юм.

Alibaba компанид ийнхүү өндөр торгууль ноогдуулснаараа Хятадын эрх баригчид үндэсний нөлөө бүхий томоохон компаниудын үйл ажиллагааг хязгаарлахаа тод томруун харууллаа гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна. Өнгөрсөн 11-р сард Хятадын засгийн газар Alibaba компанийн охин компани болох Ant Group-ийн IPO гаргах буюу хувьцаагаа олон нийтэд санал болгох ажиллагааг зогсоосон ба үүнээс хойш Alibaba компанийг үүсгэн байгуулагч Жэк Ма олон нийтийн өмнө ил гараагүй билээ.

Ant Group нь цахим төлбөр тооцооны Alipay аппликейшнийг эзэмшдэг юм. Бээжин технологийн компаниудын эдийн засгийн салбар дахь нөлөө технологийн салбарыг эмзэг болгож байна хэмээн үзэж байгаа ба Ant Group л гэхэд Хятадад цахимаар хийгдэж буй нийт төлбөр тооцооны талаас илүү хувийг гүйцэтгэдэг байна. Түүнчлэн Хятадын Зах зээлийн зохицуулах хороо Tencent, Pinduoduo, ByteDance, Baidu компаниудын удирдлагуудтай уулзаж, мэдүүлэг авч, торгууль ноогдуулжээ. Tencent компанийн нийгмийн сүлжээний WeChat аппликейшнийг монополийн тухай хуулийг зөрчсөн байж болзошгүй хэмээн шалгаж байгаа ба WeChat Pay нь Хятад дахь цахим төлбөр тооцооны зах зээлд тэргүүлэгч юм.

Эх сурвалж: CNN

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.