
Английн хөлбөмбөгийн лигийн цомын гуравдугаар тойргийн тоглолтууд боллоо. Энэ тойрогт “Фулхэм”-“Донкастер Роверс” 2:1, “Суонси Сити”-“Эвертон” 3:0, “Саутхэмптон”-“Арсенал” 2:1, “Шервулбери Таун”-“Норвич Сити” 1:0, “Милтон Кейнес Донс”-“Брэдфорд Сити” 2:0, “Дерби Каунтри”-“Рейдинг” 2:0, “Сток Сити”-“Сандерлэнд” 2:1, “Боурнемаунт”-“Кардиф Сити” 3:0, “Шифельд Юнайтед”-“Лейтон Орент” 1:0-ээр тус тус хожсон бол “Ливерпуль”-“Миддлесборо” 2:2-оор тэнцжээ. Гуравдугаар тойрогт алдарт “Арсенал” клуб даруухан “Саутхэмптон” багт хожигдсон нь олны анхаарлыг татлаа. “Их бууч”-даас А.Санчес 14 дэх миунтанд эхний гоолыг оруулсан ч туршлагагүй хамгаалагчид нь тэргүүллээ хадгалж чадсангүй.
“Саутхэмптон”-оос Тадич, Клейн нар хоёр гоол оруулж Лондонгийн багийг тэмцээнээс хаслаа. Тоглолтын дараах хэвлэлийн хурал дээр Франц мэргэжилтэн А.Венгер хэлэхдээ “Бидэнд хамгаалалтын туршлага дутагдлаа. Үндсэн хамгаалагчид бэртэл байгааг та бүхэн ойлгох байх гэж бодож байна. Би хэнийг ч буруутгахыг хүсээгүй. Талбай дээр хэн сайн бөмбөг эзэмшиж довтолгоо зохион байгуулсан баг нь хождог. Саутхэмтон өнөөдөр үүнийг хийж чадсан. Одоо бидэнд “Аваргуудын лиг”, “Премьер лиг”-т гол анхаарлаа хандуулах үлдлээ” гэсэн юм.
“Арсенал” премьер лигийн шинэ улиралд таван тойргийн дараах байдлаар 2 хожил, 3 тэнцээ, 9 оноотой дөрөвдүгээр байр эзэлж байна. Мөн “Аваргуудын лиг”-ийн эхний тоглолтоо Германы “Боруссия Дортмунд”-ын эсрэг хийсэн ч 2:0-ээр ялагдсан аж.

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505