Вакцин хийлгээгүй 12-оос доош насны хүүхдүүдээ хэрхэн хамгаалах вэ?

Twitter Print
2021 оны 09-р сар 10-нд 08:26 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн 7 дугаар сарын эхээр Индонезид дельта хувилбарын тархалт ихсэж, бага насны олон хүүхэд амиа алджээ. Энэ улсад 7 дугаар сард гэхэд долоо хоногийн дотор 150 гаруй хүүхэд нас барсан бөгөөд тэдний тал хувь нь 5-аас доош насны хүүхдүүд байсан тухай Нью-Йорк Таймс сонины мэдээ гарч, олон нийтийг цочролд оруулжээ. Харин өнөөгийн байдлаар 18-аас доош насны 800 гаруй тохиолдол нас барсан байгаа бөгөөд тэдний ихэнх нь энэ 7 дугаар сараас хойш нас барсан тохиолдол гэнэ.

Эх сурвалж: https://www.nytimes.com/.../children-deaths-virus...

АНУ-д ч энэ нөхцөл байдал илүү ноцтой болж байгаа юм байна. Вашингтон Пост сонинд Америкийн хүүхдийн эмч нарын мэдээлснээр өнөөг хүртэл АНУ-д 300 гаруй хүүхэд шинэ коронавирусийн халдвар (COVID-19)-аар нас баржээ. Мөн ковидын дараах үр дагавар нь илүү ноцтой байгаа гэх бөгөөд өвчний эхэн үед эмнэлэгт хэвтэх шаардлагагүй хөнгөн тохиолдлуудыг багтаагаад өвдсөн хүүхдүүдийн 10%-д нь хэдэн сарын турш үргэлжилсэн ковидын дараах урхаг бий болж байна гэнэ.

Эх сурвалж: https://www.washingtonpost.com/.../pediatrician-covid.../

Хүүхдүүдэд сургуулийн орчны халдвараас илүү өрх гэр бүл доторх халдвар их байгааг онцолж байгаа. Бодит байдалд дээрх Нью -Йорк Таймс сонины нийтлэлд дурдсанаар Индонез улсад шинэ хүүхэд төрөхөд хөршүүд, хамаатан садангууд нь зочилж ирдэг заншил байдаг (манайд бас байдаг ч дөнгөж төрөхөд нь бол үгүй шиг санагдаж байна) бөгөөд энэ нь нярай хүүхдийг эрсдэлд оруулдаг гэж ойлгогдож байна.

Сургуулийн эрсдэл бас тийм ч бага биш гэж ойлгох хэрэгтэй юм шиг байна. АНУ-д бас нэг гайхаж цочирдмоор халдварын кластер дэгдэлт гарсан тухай мэдээ гарч ирлээ.

Эх сурвалж: https://www.washingtonpost.com/.../delta-variant.../

Уг сонины нийтлэлд дурдсанаар нэг бага ангийн багш ангийнхаа 24 сурагчийн талыг нь SARS-CoV-2 вирусээр халдварлуулж орхисон байна. Хичээлийн танхимын индэр нь тунгалаг хаалт бүхий агаарын шүүлтүүрээр тоноглогдсон байсан бөгөөд сурагчийн ширээнззд нь хааш хаашаа 6 тохой (1 тохой нь ойролцоогоор 30.48 см гэж үзвэл 182.88 см) буюу ойролцоогоор 1.8 метр зайтай байсан байна. Гэсэн ч урд эгнээнд байсан 5 сурагч бүгд, хамгийн арын эгнээнд 4 сурагчийн 2 нь халдвар авсан байна (Нийтлэлийн зураг). Ингээд бусад анги болон эцэг эх/ах эгч нарт нь кластер болж тархсан бололтой.

Калифорнийн энэ бага сургуульд сургууль анги танхим дотор заавал амны хаалт зүүх үүрэгтэй байсан. Мэдээжийн хэрэг, багш нар ч бас амны хаалт зүүж хичээлээ заах ёстой байсан ч уг багш маань сурагчдад үлгэр уншиж өгөх "үлгэрийн цаг"-ын хичээлд энэ үүрэг хамаарахгүй гэж үзсэн бололтой. Өөрөөр хэлбэл амны хаалтаа авч байгаад үлгэр уншиж өгсөн гэсэн үг болох нь. Багш вакцин хийлгээгүйн дээр хөнгөн хэлбэрийн ханиадын шинж тэмдэг илэрч байсан ч түүнийгээ харшлын шинж тэмдэг хэмээн үзээд, өөрийнх нь шинж тэмдэг нь COVID-19 гэж огтоос бодоогүй бололтой.

Өөр нэг нийтлэлд дурдсанаар магадгүй эдгээр үйл явдлаас болсон эсэхийг мэдэхгүй ч Америкийн хүүхдийн эмч нар 12-оос доош насны хүүхдүүдээ вакцинжуулах хүсэлтэй эцэг эхчүүдээс байнга утасны дуудлага авах болсон байна. АНУ-д одоогоор SARS-CoV-2 вирусийн эсрэг вакциныг зөвхөн 12-оос дээш насныханд хийх зөвшөөрөл гарсан байгаа. Уг нийтлэлд дурдсанаар Бритиш Колумб, Альберта зэрэг Канадын олон мужуудад 2009 онд төрсөн 11 настай хүүхдүүдэд вакцин хийж эхэлсэн бололтой бөгөөд энэ нь АНУ-ын эцэг эхчүүдэд нөлөөлж байна гэж үзэж байгаа гэнэ.

Эх сурвалж: https://www.washingtonpost.com/.../88332092-05da-11ec...

Вашингтон Постод нийтлэгдсэнээр бол уг бага сургууль дахь кластер халдварын талаарх хамгийн сонирхол татсан зүйл бол халдварын эх үүсвэр болсон багшийг буруутгасан зүйл огт бичигдээгүй байгаа явдал. Энэ нь магадгүй угаасаа Америкт амны хаалт зүүхийн эсрэг үзэл бодол их байдагтай холбоотой байхыг үгүйсгэхгүй. Энэ улсад "Mask Wars" гэдэг үг хүртэл байх бөгөөд зарим муж, хотуудад сурагчдадаа амны хаалт зүүхийг шаардсан сургуулийн багш, захирал нарт эцэг эхийн зүгээс гар хүрсэн тохиолдол хүртэл дуулдана билээ.

За, тэгвэл хичээлийн шинэ жил эхлээд удаагүй байгаа манай улсын хувьд хүүхдүүдийн сургууль хичээл ямаршуухан байгаа бол, халдвар хамгаалал ямар байгаа бол, халдварын нөхцөл байдал ямар байгаа бол гэх мэт асуудлууд анхааралл татах байх.

Энэ хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын 280 сургууль, 687 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, цэцэрлэгүүд 4, 5 настай хүүхдийг танхимын сургалтад хамруулж буй бол 19 сургууль 100 хувь танхимаар, 260 сургууль танхим болон зайн сургалтаар хичээллэж байгаа аж.

КОВИД-19-ийн халдвар илэрсэн тохиолдолд сургууль, цэцэрлэг дээр ямар арга хэмжээ авах талаар БШУ-ы сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаал гарсан байгаа. Сурагчдыг цар тахлын халдвар авах эрсдэлийг бууруулах, хамгаалах зорилгоор энэ хичээлийн жилийн эхэн үед 5/9 зарчим баримтлах ба уг зарчим хэр хугацаанд үргэлжлэх нь халдварын нөхцөл байдлаас хамаарах бөгөөд хэрэв байдал хүндэрвэл 4/10 болох тухай эрдэмтийн баг хэлж буй (ямар ялгаатайг нь сайн мэдэхгүй).

Улаанбаатар хотын 29 сургууль, цэцэрлэг зайн сургалтад шилжсэн талаарх мэдээллийг Боловсролын газрын дарга Ж.Гантулга нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр өгсөн гэнэ.

Өнгөрсөн Баасан гарагийн байдлаар 18 цэцэрлэгийн 125 бүлгийн 2,571, 11 сургуулийн 55 бүлгийн 1,590 хүүхэд зайн сургалтад шилжжээ. Өөрөөр хэлбэл, хичээлийн шинэ жилийн эхний долоо хоногт цэцэрлэгийн 125, сургуулийн 55 бүлэгт КОВИД-19 халдвар бүртгэгдсэн гэсэн үг юм.

(эх сурвалж: https://ikon.mn/n/2bhd)

2021 оны 9-р сарын 07-ны өдрийн байдлаар Монгол улсад коронавируст халдвараар өвчилсөн 0-18 хүртэлх насны 48,000 хүүхэд байгаа нь нийт 240,938 тохиолдлын 19,9%-ийг эзэлж байна. Насны бүлгээр 0-4 нас 10638 (22.2%), 5-9 нас 16217 (33.8%), 10-14 нас 14790 (30.8%), 15-17 нас 6355 (13.2%) тус тус эзэлж байна гэнэ (НЭМҮТөв. КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (КОВИД-19)-ЫН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ).

Мөн одоогийн байдлаар 12-17 насны хүүхдүүдийн 86.6 хувь нь I, 70.4 хувь нь II тундаа хамрагдаад байгаа юм байна.

Манай сургуулиудад багш маскгүй хичээл зааж байгаад кластер халдвар гарвал яах бол. За ямар ч байсан багш нарыгаа вакцинжуулалтад хамруулж авсан байх. Эрх биш бүгд маск зүүхийг журамлаж өгсөн байлгүй дээ гэж бодож байна.

Тэгэхээр COVID-19 нь зөвхөн өндөр настнууд эсвэл суурь өвчтэй хүмүүст эрсдэл аюул үүсгээд байгаа юм биш байна гэдгийг хаа хаанаа сайтар ухаарах хэрэгтэй байна.

Вакцинд хамрагдах асуудлын хувьд "зөвхөн өндөр настай, суурь өвчтэй хүмүүсээ хамгаалахын тулд" бус "ирээдүй хойч болсон хүүхдүүдээ, мөн бид өөрсдийгөө хамгаалахын тулд" гэдгийг дахин бодож үзэх нь зүйтэй болов уу (нийт вакцинжуулалтын түвшин 60 гаран хувь дээр ирээд цаашаа явж өгдөггүй дээ).

АНУ-ын Өвчнийг хяналт, урьдчилан сэргийлэх төвийн (CDC) тооцоолсноор бага сургуульд бүх нийтээрээ амны хаалт зүүгээгүй, тодорхой давтамжтайгаар шинжилгээнд хамруулах арга хэмжээ хэрэгжүүлээгүй тохиолдолд нийт сурагчдын 75% нь 3 сарын дотор SARS-CoV-2 вирусийн халдварт өртөх магадлалтай гэж үзжээ.

Вакцинд хамрагдаагүй 12-оос доош насны хүүхдүүдийг халдвараас яаж хамгаалах вэ?

Өнгөрсөн 8 сарын 31-ны өдөр 8-р сарын 16-наас 22-ны хооронд анагаах ухааны салбарт Твиттерт хамгийн их жиргэгдсэн сэдэв гэдгээр хүүхдийн анагаах ухааны салбарт “Association of Age and Pediatric Household Transmission of SARS-CoV-2 Infection” буюу "SARS-CoV-2-ийн гэр бүл доторх халдвар ба хүүхдийн насны хамаарал" сэдэвттэй судалгааны үр дүнг товч танилцуулсныг сайн санаж байгаа болов уу. Уг судалгааны үр дүнгээр бол 0-3 насны хүүхдүүд сургуулийн өсвөр насны хүүхдүүдээс илүүтэй гэр бүл дотор SARS-CoV-2 вирусийн халдварыг илүү тархаах магалалтай байна хэмээн дүгнэсэн байсан.

Эх сурвалж : Association of Age and Pediatric Household Transmission of SARS-CoV-2 Infection

http://dx.doi.org/10.1001/jamapediatrics.2021.2770

За тэгвэл яах вэ?

Хамгийн түрүүнд бодогдож байгаа бодитой шийдэл бол "хүүхдүүдийн эргэн тойронд нь байгаа насанд хүрэгчид аль болох вакцин хийлгэх"-ээс өөр ямар ч аргагүй л юм шиг байна одоохондоо.

Мэдээж хэрэг олон тооны хүүхдүүдтэй өдөр тутам харьцаж байгаа багш нар маань, 12 хүртлэх бага насны хүүхдүүдтэй эцэг эх асран хамгаалагчид туйлын хариуцлагатай байх хэрэгтэй байна. Ядаад л томчууд нь гэр-сургууль-гэр, гэр-ажил-гэр, гэр-цэцэрлэг-гэр зарчмыг мөрдөх хэрэгтэй байна. Өөрөөр хэлэх юм бол бага насны хүүхэдтэй хүмүүс битгий гадуур тэнээд бай. Ганц ээж нар ч биш аав нар ч тэр.

Дельта хувилбарын хувьд идэр залуу насанд хүрсэн хүмүүст ч тохиолдож бүртгэгдэж байгаа. Өчигдөр гэхэд л 0-20 насны нэг нас баралт бүртгэгдсэн мэдээ харлаа. Харамсалтай биш гэж үү.

Тиймээс насанд хүрэгчид болон 12-оос дээш насны хүүхдүүдийн вакцинжуулалт нь зөвхөн өөрсдийгөө хамгаалаад зогсохгүй 11-ээс доош насны хүүхдүүдээ халдварт өртөхөөс нь урьдчилан сэргийлэх ач тустай гэдгийг дахин сануулах шаардлагатай болж байна. Хичээгээрэй таминь. Хамтдаа даван туулна.

Дашрамд дурдахад:

УОК, ЭМЯ-аас Коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамруулаагүй 11-ээс доош насны хүүхдүүдийг улирлын томуугийн вакцинд хамруулахаар төлөвлөсөн байна.

Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан БНСУ-аас 360 мянган хүн тун томуугийн вакцин худалдан авсан юм байна. Өнөөдрөөс эхэлж бага насны хүүхдүүд, жирэмсэн эхчүүд, архаг хууч өвчтэй хүмүүсийг сайн дурын үндсэн дээр томуугийн вакцинд хамруулж эхлэх нь.

За энэ их чухал ач холбогдолтой вакцинжуулалт учраас эцэг эхчүүд маань бага насны хүүхдүүдээ маш сайн хамруулах шаардлагатай гэдгийг дахин хэлье. Дээр нь архаг суурь өвчтэй хүмүүс ялангуяа зүрх судасны өвчтэй хүмүүс, мөн өндөр настнууд, жирэмсэн эхчүүд маань сайн хамрагдах хэрэгтэй байна.

Ойдовын Батгэрэл Ph.D

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.