Энх-Амгалангийн үхлийн замаар энэ засаг шогшив

Twitter Print
2020 оны 03-р сар 23-нд 13:37 цагт
Мэдээний зураг,

Зам тээврийн яам биш, үхлийн яам гэж нэрлэвэл таарна.

Газрын дарга нь үүдэндээ мэргэжилтнээ зодоод алж л байдаг. Дарханы сайжруулсан нэртэй сарсайсан зам дээр нь хэдэн арваараа, дайны үеийнхтэй адил хүмүүс үхэж л байдаг. Одоо болсон чинь улсын хилээр, тусгай үүргийн онгоцоор 105 хятад оруулж ирнэ, Төв аймагт тусгаарлана гээд төв царайлж байгаад авч өгч байна аа. Ядаж байхад сайд нь одон тэмдгээр гоёх хообийгоо ч дарж чадаагүй нөхөр. Дал, наяад оны залуус улстөрд гараад ирвэл найгүй шуналтай чулуун зэвсгийн үеийнхнээсээ салаад гэгээрэх л юм болсон.

Олж харахгүй байна. Харин ч МАН-ын гөлөгнүүд ах нарыгаа бодоход цадахаа мэддэггүй, ичихээ ч ойлгодоггүй, за дээр нь том толгой, бүдүүн зүрхтэй. Хамтарч байгаад хаа байсан хязгаар нутагт хүн алаад нуучихаж ч болзошгүй хүмүүс эрх мэдэл хуваан атгаж, нам дамжин нялх фракц үүсгэж, холбоо дамжин хонгил гаргаад, Хүрэлсүхийнхээ ардуур хөөрхөн хөлжөөд, хөгийн загнаад удаж байна. Нөгөө араараа тавиулдаг Хүрэлсүх нь ч мэдэх юм байхгүй, өнөө хэддээ итгэнэ. Нэг л сүрхий "Дайраад..." гээд л улс орноо мафиас, намаа хуйвалдаанаас салгах гээд сэлмээ өргөөд морио давирна. Эргээд харахад нь өнөө найдвар болсон залуус нь сандал ширээнийхээ ард салгалаад нуугдчихна. Эрх мэдлээсээ зуураад эрхлээд хэвтчихнэ...зүрхтэй ч цөлөх юм, зоригтой ч идэх юм.

Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын дунд үг ч сайн зөөх юм, үлээж ч чадах юм. Дарханы зам Азийн хөгжлийн сангийн 84 сая ам.долларын зээлийн санхүүжилтээр баригдах 204 км урттай. ЗТ-ийн сайд, жолоочийн хүү Энх-Амгалан болон уг яамны мэргэжилтнүүдийн жолоодлогогүй дээрээ тавьчихаад яриад байгаагаар бол төслийн шалгаруулалтыг зээл олгогч тал буюу Азийн хөгжлийн банк шийддэг юм байх. Таван ангилалд хувааж, дөрвөн компанид эрх олгосон. Дөрвүүлээ Хятадын компани. Хөрсөө хуулж, түр зам тавихаас эхлээд л энэ замаас үхэл үнэртсэн. 2019 онд энэ түр зам дээр 300 гаруй зам тээврийн осол гарч, 30-аад хүн амь насаа алдаж, 100 шахам хүн хүнд, хөнгөн гэмтэл авсан. Ослын тоогоор айл бүрт нулимс урсаж, хагацал үзэж, эрүүл мэнд, эд хөрөнгө, цаг хугацааны алдагдал хүлээсэн.

Анхнаасаа тендэр зарлахдаа үндэсний компаниуд бүгд нийлээд ч тэнцэхээргүй өндөр шаардлага тавьсан хэрнээ, Хятадын компаниудад уян хатан нөхцөлтэй хандсан. Үр дүнд нь сайд дарга нар замын ажил эхэлсний тууз хайчлаад туяарч зогсоход 2, 4 дүгээр багцын ажлыг авсан Чайна Стэйт Шинжиан констракшн нэртэй Хятадын компани ажиллах хүн хүч, техник байхгүй зогсож байсан тухай мэдээлэл ч бий. Энэ нь Хар модотын даваанаас Урьхан, Сүмбэрийн уулзвараас Цайдмын хөндий хүртэлх нийт 90 км замыг тавих ёстой компани гэсэн үг. Туслан гүйцэтгэгчээр Монголын 21 компани орсон. Энэ ямар компаниуд вэ? За одоо надад асуулт байна. Би хардах эрхээ эдэлмээр байна.

1. Азийн хөгжлийн банк зээлдэгч болохоос санхүүжүүлэгч биш. Энэ зээлийг монголчууд л төлнө. Зээл олгогч тал тендэрээ мэдээд Хятадын компаниудад давуу эрх олгоод байдаг юм бол авах хэрэг байсан юм уу?

2. Таван багц замын ажлыг авсан Хятадын Чайна Стэйт Шинжиан констракшн тэргүүтэй компаниуд үнэхээр байдаг уу, ажлын ямар үзүүлэлт, хүн хүч, техниктэй компаниуд вэ? Тендэр угтуулж компани байгуулчихаад, хятадуудтай хамтраад наад улс орноо цөлмөж байдаг болоо юу?

3. Дарханы таван багц бүхий 204 км замыг уг нь 6000 ажилчин байж гүйцэтгэх учиртай гэсэн. Тэгснээ вирусын үе учраас 105 ажилчин л оруулж ирнэ гэнэ. 105 хүн наад замыг чинь тавьж амжих уу?

4. Монголчуудыг ацан шалаанд оруулж, амьдрал үхлийн талцал дээр авчирч, Засгийн газраараа шийдвэр гаргуулж дөнгөөд байгаа энэ сүлжээгээ илрүүлж, тендэр шалгаруулалтыг шалгаж болох уу?

5. Дарханы зам дээр амиа алдагсдын ар гэрийнхний хохирлыг хэн барагдуулах вэ? Засгийн газар уу, Хятадын компаниуд уу?

6. Монголын талаас туслан гүйцэтгэгчээр орсон 21 компанийг хэрхэн шалгаруулсан юм бэ? Хэн, хэний компани вэ?

Эцэст нь хэлэхэд ЗТ-ийн сайд Энх-Амгалан Дарханы зам дээр амиа алдагсдын өмнө уучлал гуйгаад огцрох ёстой хүн шүү. Хятадуудын эхлүүлсэн замыг хятадуудаар нь дуусга гээд л томорч болж л байна. Монголын 21 туслан гүйцэтгэгч компани, Хятадын дөрвөн компани нийлээд арваадхан хувийн гүйцэтгэлтэй яваа нь үнэн шүү дээ. Одоо тэгээд яг дуусах юм уу? Энэ мэтийн Энх-Амгалангийн үхлийн зам дээр үүсээд байгаа асуудлуудаа цэгцэлж, хариулт өгнө үү? Энэ Засаг араас нь шогших нь ч шогшчихлоо. Ингэхэд Хүрэлсүхэд ч гэсэн нэр төргүй сайд, нэмэргүй цэрэг хэрэггүй л баймаар юм!

Р.Эмүжин 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • zochin

      (107.77.106.90) 2020-03-24 02:29
      • 0
      • 0

      Ovoo shuu Ingej duugarah hun alga uu Huvidaa mungu idej bayajih gesen chin huslee barij diilehgui virus dunduur shurguulaad avchih sanaatai l baigaam bna daa

      Хариулах

    • Зочин

      (107.72.162.76) 2020-03-23 15:28
      • 0
      • 0

      Mundag bichjee bayr hyrge Bayrlallaa Emynindee

      Хариулах