LG компани гар утасны зах зээлээс гарч буйгаа зарлалаа

Twitter Print
2021 оны 04-р сар 07-нд 08:53 цагт
Мэдээний зураг,

LG Electronics компани ухаалаг гар утасны зах зээлээс гарч буйгаа мэдэгдлээ. Өнгөрсөн 1-р сард LG компанийн зүгээс ухаалаг гар утасны салбар нь өнгөрсөн 6 жилд 4.5 тэрбум ам. долларын алдагдалтай ажилласан тухай мэдэгдсэн ба цаашид уг салбараа хэрхэн ажиллуулах тухай хэд хэдэн хувилбарыг авч үзэж буй тухайгаа дурдсан билээ.

LG компани нь ухаалаг гар утасны үйлдвэрлэлд олон тооны нээлт шинэчлэлтийг хийсэн ба 2013 онд ухаалаг гар утасны үйлдвэрлэлтээрээ дэлхийд 3-т бичигдэж байсан юм.

Тус компанийн удирдлагууд ухаалаг гар утасны зах зээл өрсөлдөөн маш ихтэй болсон гэдгийг онцолж, ухаалаг гар утасных нь салбар алдагдалтай ажиллаж байгаатай холбогдуулан компанийн зүгээс гар утасны бизнесээ хэсэгчлэн худалдах оролдлого хийсэн ч бүтэлгүйтсэн аж.

LG нь Хойд Америк дахь ухаалаг гар утасны хамгийн алдартай брендүүдийн 3-т жагссан хэвээр байгаа ч бусад улс орны зах зээлээс шахагдан гараад байгаа юм.

LG компанийн зүгээс хийсэн мэдэгдэлд, "Өрсөлдөн ихтэй гар утасны зах зээлээс гарах LG компанийн стратегийн ач холбогдолтой алхам нь компанид цахилгаан автомашин, ухаалаг тоног төхөөрөмж, гэр ахуй, хиймэл оюун ухаан болон цахим үйлчилгээ зэрэг өсөн дэвжих боломж өндөртэй салбарууд руу нөөцөө шилжүүлэн ажиллах боломжийг олгоно" хэмээн онцолжээ.

Судалгаагаар өнгөрсөн жил LG компани 28 сая гар утас зах зээлд гаргасан бол Samsung компани 256 саяыг гаргасан байна. Ухаалаг гар утасны салбар нь LG компанийн үйл ажиллагаагаа явуулдаг 5 салбарын хамгийн жижиг нь юм.

Тус компани цахилгаан барааны зах зээлд томоохон байр суурь эзэлдэг ба LG брендийн зурагт дэлхийд борлуулалтаараа 2-т ордог байна. Өмнөд Солонгосын шинжээчдийн үзэж байгаагаар LG компани ухаалаг гар утасны зах зээлээс гарч байгаа нь Хятадын Oppa, Vivo, Xiaomi зэрэг брендийн гар утасны борлуулалтанд сайнаар нөлөөлөх аж.

Эх сурвалж: https://www.bbc.com/news/business-56635888

Орчуулсан: Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.