
Уламжлалт анагаах ухаанд толгойн өвдөлтийг нарийн авч үздэг бөгөөд өвдөлтийн байршил, хэлбэр зэргээр нь авч үзэж, оношлон, тохирох эмчилгээг хийдэг. Байршлын хувьд эрүү, шүд орчим, нүдний ухархай, хоёр нүдний хооронд, дух, дагз, хүзүү, толгойн ар тал, толгой таллах, хамар, хацар зэрэг газруудад өвддөг.
Харин хэлбэрийн хувьд хатгуулах, дүүрэх, манарах, хамраас нус гоожих, чих дүлийрэх, толгой эргэх, гэрэлд нүд гялбах, дуу чимээнд төвөгшөөх, бөөлжис цутгах, огих, нойр хулжих, толгой хүндрэх, эргэх, шилэн хүзүүгээр хөших зэрэг өвдөлтүүд байна.
Тухайлбал, шанаагаар өвдөх, хатгуулах, чих шуугих, шүд, эрүү өвдөх, магнай хөмсөгний завсар өвдөх зэрэг шинж тэмдэг илэрсэн тохиолдолд энэ нь хийнээс шалтгаалсан толгойн өвдөлт юм. Энэ тохиолдолд тослог, хүнд, бүлээн шимтэй хоол хүнс буюу хонины шөл, бүлээн сүү, шар тос, бурам зэрэг хийг дарах идээ унд хэрэглэж, тайван дулаан орчинд байх хэрэгтэй. Харин хүйтэн ус, кофе, айраг, өтгөн цай зэргээс татгалзаж, уурлаж бухимдахгүй, даарахгүй, салхинд цохиулахгүй байх хэрэгтэй.
Толгой, бие, нүд халуу оргиж, аргах шинж илрэн шарын халуунаар толгой өвдсөн тохиолдолд шинэ тос, үнээ, ямааны сүү, айраг буцалган ууж, сэрүүн, тайван газар байх хэрэгтэй. Харин архи уух, хонь, үхрийн мах, халуун ногоо зэргийг хэрэглэхээс татгалзан, халуун газар удаан хугацаанд байх, хүнд ажил хийх, үд дунд унтах зэргийг тэвчих нь чухал.
Мөн толгой хүндрэх, хоолны дуршил буурах, бөөлжих, нүд хавдах зэрэг шинж илэрвэл даарч хөрөхөөс сэргийлж, өдөр унтахгүй байх шаардлагатай.
Магнай, нүдний ухархай, эрүүгээр өвдөлт ихтэй, өлсөх үед илүүтэй толгой өвдөх шинж илэрвэл архи, тамхи, өтгөн цай зэргээс татгалзаж, шимтэй хоол унд түлхүү хэрэглэн, сэтгэл санаагаа тайван байлгах хэрэгтэй.
УАУ-ы их эмч Б.Болорчимэг
Эх сурвалж: Уламжлалт анагаах ухаан сонин
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.