Шри Ланкийн Ерөнхийлөгч байлдааны онгоцоор зугтжээ

Twitter Print
2022 оны 07-р сар 13-нд 11:50 цагт
Мэдээний зураг,

Шри Ланкийн Ерөнхийлөгч Готабаяа Ражапакса, гэргий болон бие хамгаалагчийн хамтаар байлдааны онгоцонд суун эх орноосоо зугтжээ. 

73 настай Готабаяа Ражапакса Мальдивын нийслэл Малед орон нутгийн цагаар шөнийн 3 цагт буусан талаар БиБиСи мэдээлж байна. 

Готабаяа Ражапаксагийн аав Шри Ланкийн парламентын гишүүн, сайдын албан тушаал хашиж, ах Махинда Ражапакса нь Шри Ланкийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаар ажиллаж байсан билээ.

Эдийн засгийн хямралын эсрэг жагсаал цуглаанд нэгдсэн иргэд өнгөрсөн бямба гарагт Ерөнхийлөгчийн ордон руу дайран орсон ба түүнээс хойш Ерөнхийлөгч Готабаяа Ражапакса гэр бүлийнхнийхээ хамтаар нуугдаж, Шри Ланкаас явах арга зам хайсаар байсан аж. 

Тэрээр энэ сарын 13-нд албан тушаалаасаа огцорно хэмээн амласан байсан ба түүний ах Сангийн сайд асан Базил Ражапакса мөн л гадаад руу зугтжээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Базил Ражапакса АНУ руу дүрвэхээр төлөвлөж байгаа аж. 

Өнгөрсөн мягмар гарагт Шри Ланкийн нийслэл Коломбогийн төвд байрлах гудамжинд хэдэн мянган иргэд Ерөнхийлөгч Готабаяа Ражапаксаг огцрохыг хүлээн цугларсан байжээ. Шри ланкачууд Ерөнхийлөгч Готабаяа Ражапаксагийн засгийн газрыг эдийн засгийн хямралын гол буруутан хэмээн үзэж байгаа ба сүүлийн хэдэн саруудад Шри Ланкийн иргэд цахилгаан эрчим хүчний хязгаарлалт, шатахуун түлш, хоол хүнс, эм тарианы хомстолтой тэмцэж байгаа билээ. 

Готабаяа Ражапакса Ерөнхийлөгчийн хувиар халдашгүй эрхтэй бөгөөд  Ерөнхийлөгчийн албан тушаалаас буусных нь дараа түүнийг баривчилна хэмээн эмээж, эх орноосоо зугтахаар шийджээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.