
ЭНЭ САРД ЮУ ЮУ БОЛООД ЭХЛЭВ?
Хаврын дунд сар гарсан болохоор цас орсон ч, цаанаа дулаахан, хөлөөр нэг шар усны уруй урсана. Энэ гуравдугаар сард ертөнц дахинаа дуулиан шуугиантайхан эхлээд, өдөр хоног ч бас л шар усны уруйн шиг урсан урсан өнгөрч байна.
Нэг. Английн нэгэн алдартны 1943 онд зурсан “Аль-Кутубия сүмийн цамхаг” (Tower of Koutoubia Mosque) хэмээх зураг энэ оны гуравдугаар сарын нэгэнд тэнгэрт хадсан үнэ хүрчээ. Марокка улсын хамгийн том, хүн ам шигүү суудаг Касабланка хотноо 1943 оны нэгдүгээр сард болсон түүхэн үйл явдал дэлхийн анхаарлыг татсан түүхтэй. АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Рузвельт, Английн Ерөнхий сайд Винстон Черчилл нар чухам тэр л хотноо Гитлерийн Германы эсрэг холбоотон болох түүхэн шийдвэр гаргажээ. Винстон Черчилл 1933 онд л анх тэнд очоод, “Мароккад би бүр автлаа” хэмээн алмайрч гайхан бичиж, зурж ирсэн ажээ. Тэрхүү биширч гайхдаг улс орондоо хүрэлцэн ирж, америкийн түнштэйгээ ч яриа тохирчээ. Хоёр их гүрний тэргүүнүүд Герман, Итали, Японыг үг дуугүй бууж өгөхийг хамтран шаардаж санаа нийлсэндээ сэтгэл хангалуун байсан нь ч мэдээж, II дайны турш нэг ч зураг зураагүй хэр нь тэнд байхдаа “Аль-Кутубия сүмийн цамхаг” (Tower of Koutoubia Mosque) хэмээх зургаа гараас гарган, Франклин Рузвельтэд хүндэтгэн барьсан тийм л түүхтэй зураг яван явсаар, бүх зардлыг нь хасаад эзэндээ 11.5 сая америк доллар эзэндээ авчирчээ.
Тэгж үнэ хүрэх нь ч аргагүй юм биз. Зурж, бэлэглэсэн нь Винстон Черчилл, гардаж авсан нь Франклин Рузвельт. Хожмоо худалдаж авсан нь Брэд Питт, Брэд Питтээс бэлгэнд авч, дуудлагаар зарж байгаа нь Анжелина Жоли. Дэлхийн аугаа хоёр удирдагч, Холливудын цуутай хоёр жүжигчин. Нэр дагаж, юмны үнэ өсдөг. Уран зургийн үнэлэмж нэмэгдэхэд, тийм дөрвөн хүний нэр жин дарсан нь лавтай.
Хоёр. Английн хатан хааны ихэмсэг бардам, эрхэмсэг дархан, дүнсгэр чимээгүй ордны ойр орчим доргио чичиргээ үүсч, цаашдаа ер нь яах бол гэсэн яриа гарах зах сэжүүр мөн л энэ сард бий болов. Английн хунтайж Харри, түүний гэргий Меган нар Америкийн алдарт Опрагийн нэвтрүүлэгт орж, Букингемийн ордны цаад түгжигдмэл нууц, амиа хорлоё гэх бодол хүртэл төрүүлсэн хавчигдмал баргар орчны тухай илэн далангүй дэлгэснээс л ийм шуугиан дэгджээ. Тэсрэх бөмбөг шиг ийм ярилцлагын дараа Букингемийн ордон таг чиг байснаа, уржигдар л “хааны гэр бүлийнхэн ийм юм болж буйд харамсч байна. Харри, Меган, Арчи бол хэзээ ямагт бидний хайрыг хүлээсэн халуун бүлийнхэн мөн” хэмээн мэдэгджээ. Жаран нэг хааны 1200 жилийн цадиг, 1917 оноос нэр солин эхэлсэн энэ хатан хааны удмын их түүхэнд ямар гэгч толбо сууж, ан цав үүсэхийг өнөөхөндөө баттай хэлэх хүн алга.
Гурав. Гуравдугаар сард өмнөд хөршийн талаар янз бүрийн л дуулиан дэгдэж эхлээд байна. Си Жин Пин дарга, “хэт ядуурлыг үндсээр нь арилгалаа” хэмээгээд, “найман жилийн тасралтгүй хүчин чармайлтын үр дүнд 100 сая хүн хэт ядуурлын түвшнээс хэдийнээ ангижирлаа. Энэ бол түүхэнд орох төгс ялалт мөн” хэмээн олсон амжилтаа бахдан тэмдэглэжээ. Бахдахаас өөрөөр ч яах билээ. Тэгвэл харин АНУ тэргүүтэй дэлхийн бусад хөгжингүй орнууд Хятадын хэт хүчирхэгжилтээс ихэд эмээж байгаа янзтай. “Хятад улс аугаа их, асар хүчтэй гэдгээ дэлхийн долоон далайн энгээр харуулж эхэллээ. Байлдааны хөлөг онгоцны тоогоор тэргүүлэгч АНУ-аас ч тэр талаар давж гарлаа. АНУ ойрын үед 355 байлдааны хөлөг онгоцтой болно хэмээн төлөвлөж байхад, БНХАУ хэдийнээ 2020 оны сүүлээр л гэхэд, 360 байлдааны усан онгоцтой болжээ. Хэмжээ далайцаараа эгнэшгүй нүсэр, аварга том флоттой боллоо. Тэгсэн хэрнээ Си дарга, тэнгисийн цэргийн хүчирхэг флот бий болгох зорилт өнөөдөр шиг ийм хурцаар, ийм хурдтайгаар хэзээ ч тавигдаж байгаагүй юм хэмээн мэдэгдэв. Тэр их хүч хаашаа, юунд чиглэгдэнэ вэ хэмээн зарим орны том хэвлэл түгшингүй асуусан нь мөн л энэ гуравдугаар сарын эхээр дуулдав.
Дөрөв. 13 тэрбум гэрлийн жилийн тэртээх хэт алсын нэгэн гэрэлт биетээс (quasar) манай гарагийнханд нэг ёсны мэнд иржээ. Хэт алсын гэрэлт биетүүд (quasars) гэдэг нь зарим галактикийн төвд оршдог, хийн цагирагаар давхар давхар бүслэгдсэн нарнаас хэдэн зуун сая, бүр хэдэн арван тэрбум дахин хурц тийм биет юм. Хэт алсын гэрэлт биетүүд (quasars)-ийг тэжээгч нь үлэмжийн аварга хар нүхнүүд. Бүхнийг хаман шингээгч хар нүхнүүд орчин тойрныхоо хийг ховх сорж, залгихдаа асар их энерги шахан гаргадаг, энергийн тэр урсгал нь радио долгионы багтаамжит гэрэл ялгаруулдаг аж. Тийнхүү ялгарсан хурц тод гэрэлт дохио 13 тэрбум гэрлийн жилийн зам туулж, сая бидэнд хүрч ирсэн нь энэ аж.
Гэрлийн хурд гэдэг нь нэг секундэд гурван зуун мянган киломерт хүрэх цаглашгүй хурд. Тийм хурдаар нэг жил явж хүрэх зайг нэг гэрлийн жил гэдэг гэхээр, 13 тэрбум гэрлийн жилийн тэртээх P172+18 хэмээн хүн төрөлхтний нэрийдсэн тэрхүү хэт алсын гэрэлт биет хичнээн цаглашгүй чанадад буй нь тодорхой. Тийм сэтгэшгүй чанадаас астрономичдын хэдхэн хоногийн өмнө хүлээн авсан дохио бол энэ орчлонт ертөнц бий болоод дөнгөж л 780 сая жил болж байхад “илгээсэн” хэл сураг нь болж таарч байгаа ажээ.
Өнөө энэ орчлонт ертөнц 13.8 тэрбум жил оршин тогтноод буй гэдэг тооцоотой. Хүний насаар бол, хүүхэд насанд нь илгээсэн хэл сураг нэлээд өтөл насанд нь ийнхүү хүрч иржээ. Саваагүй нохой саранд хуцна гэгчээр, хэдэн арван тэрбум гэрлийн жилийн тэртээх цаглашгүй чанад дахь хэт алсын гэрэлт биеийг судлах нь ямар ашигтай байдаг юм бэ хэмээн зарим хүмүүс астрономичдоос асуудаг юм гэнэ.
Тэдэнд юу нь онц чухал вэ гэхээр, энэхүү орчлонт ертөнцийнхөө эхэн үеийг таньж мэдэхэд нь тэрбум тэрбум гэрлийн жилийн тэртээгээс ирж байгаа дохио хамгийн хэрэг болно гэдэг ажээ. Ямар ч л байсан, хүн төрөлхтний олж нээгээд байгаа хэт алсын гэрэлт биет нь одоогоор P172+18 болоод байна.
Олойр оломгүй ертөнц гэдэг таагдашгүй, тайлагдашгүй.
До.Чулуунбаатар тэрлэв
2021. 03 сар
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.