ОУВС Шри Ланкад 2.9 тэрбум ам.долларын тусламж үзүүлнэ

Twitter Print
2023 оны 03-р сар 21-нд 12:00 цагт
Мэдээний зураг,

Олон Улсын Валютын Сан Шри Ланкад 2.9 тэрбум ам. долларын тусламж үзүүлэхээр болжээ. Энэ нь тус улсад эдийн засгийн хямралаа даван туулахад тусална гэсэн найдварыг төрүүлж байна.

ОУВС Шри Ланкад тусламж үзүүлэх тухай шийдвэрээ эцэслэн гаргаж, тус улсын эдийн засгийг бэхжүүлэх зорилготой 4 жилийн хөтөлбөрийг эхлүүлэхээр болжээ.

ОУВС-ийн гүйцэтгэх захирал Кристалина Георгиева Шри Ланка улсын татварын тогтолцоогоо шинэчилж, ядуу иргэдийн  нийгмийн аюулгүй байдлыг хангах, эдийн засгийн хямрал үүсэх болсон шалтгаануудын нэг болох авлига, хээл хахуулийн асуудлыг хяналтандаа авах ёстой хэмээн анхааруулжээ.

Шри Ланкийн Ерөнхийлөгч Ранил Викремесингхэ өнгөрсөн даваа гарагт хийсэн мэдэгдэлдээ, "ОУВС болон олон улсын түнш орнууддаа тусламж дэмжлэг үзүүлж байгаад талархаж буйгаа илэрхийлж байна. Бид төсвийг зарцуулах оновчтой менежментийг хэрэгжүүлж, өөрчлөлт шинэчлэлтийг зоригтойгоор хийж эдийн засгаа сэргээн босгох болно." хэмээн онцолжээ.

2022 оны 4-р сард Шри Ланка гадаадын өрөө төлж чадахгүйд хүрч, гадаадын валютын нөөц нь дууссанаас болж эдийн засгийн уналтанд орсон билээ. 

22 сая орчим хүн амтай тус улс нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүнүүдээ импортлох мөнгөгүй болж, эдийн засгийн муу менежмент, хүнс, эм тариа, шатахууны ноцтой хомстол, инфляцийн төвшин зэргээс болж ард иргэд нь эсэргүүцлийн жагсаал цуглаан зохион байгуулж, тухайн үед тус улсын Ерөнхийлөгч байсан Готабаяа Ражапакса өөр улс руу зугтаасан юм.

Г. Ражапаксагийн оронд Р. Викремесингхэ томилогдож, ОУВС-аас тусламж авахын тулд төсвийн зарцуулалтаа бууруулж, татварыг нэмэгдүүлсэн юм. ОУВС Шри Ланкийн хамгийн том зээлдүүлэгч улс болох БНХАУ Шри Ланкийн зээлийн эргэн төлөлтийг дахин харж үзэхийг зөвшөөрсөн тохиолдолд тусламж олгоно гэсэн нөхцөл тавьсан билээ.

Бээжин Шри Ланкийн зээлийн эргэн төлөлтийг хоёр жилээр хойшлуулах санал гаргасан нь ОУВС-ийн хүлээлтэнд хүрч чадаагүй юм. Нөгөө талаас Бээжин зээлийн эргэн төлөлтийн асуудлыг дахин авч үзэхийг зөвшөөрснөөр ОУВС-ийн тусламжийн эхний ээлжийн мөнгө нэг сарын дотор орж ирнэ гэсэн хүлээлттэй байгаагаа Ерөнхийлөгч Р. Викремесингхэ илэрхийлжээ.

Түүнчлэн Шри Ланка өнгөрсөн жил дефолт зарласнаас хойш царцаагдсан олон тэрбум долларын гадаадын хөрөнгө оруулалтыг чөлөөлөх асуудлаар ОУВС-тай хэлэлцэж байгаа аж.
Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

Mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.