
Байгаль нуур
Монгол нэртэй, Монголын, монголчуудын (нүүдэлчдийн) түүхэнд гүн ул мөрөө үлдээсэн, Монголын бараг бүх гол мөрний цутгал болдог Их Байгаль нуурыг Монголчууд бид мэддэг юм шиг мөртлөө огт мэддэггүй юм байна. Иймд өөрийн мэдэх хэдхэн юмаа Та бүхэнтэйгээ хуваалцая.
Байгаль нуур нь усны эзэлхүүнээрээ дэлхийн хамгийн том цэнгэг ус бүхий нуур юм. Байгаль нуурын усны эзэлхүүн 23615 км³ юм. Монгол улсын жилд ашиглах усны нөөц 565 км³ байдаг гээд төсөөлөөд бодоод үзэхээр Монгол улсад буй бүх уснаас 40 дахин ус Байгаль нуурт байдаг гэж ойролцоогоор тайлбарлаж болно. Энэ тоог дэлхийн бөмбөрцөгийн гадаргын усны хэмжээтэй харьцуулаад үзвэл нийт дэлхийн гадаргын усны 23 хувь нь Байгаль нуурт байдаг. Энэ нь Хойд Америкт буй бүх нууруудыг нийлүүлснээс ч их ус юм.
Байгаль нуур 25-30 сая жилийн өмнө үүссэн гэгддэг дэлхийн хамгийн урт настай, дэлхийн хамгийн гүнзгий нуур юм. Нуурын дундаж гүн 744 метр харин хамгийн гүнзгий хэсэгтээ одоогийн тогтоосноор 1642 метр юм. 1,6 км гүнзгий ус байна гээд төсөөлөөд бодоод үз дээ. Гайхамшигтай гэхээс өөр үг олдохгүй. Хөвсгөл нуурын маань хамгийн гүнзгий хэсэг 268 метр байдаг.
Байгаль их далай 636 км урттай, 79 км өргөнтэй, нийт 31722 км2 тайлбайтай байдаг нь Бельги улсын нутаг дэвсгэрээс ч том юм.
Сэлэнгэ их мөрний гол цутгал болсон Байгаль их далай нь дэлхийн хамгийн цэнгэг устай, гайхамшигтай цэвэр устай нуур бөгөөд нүүдэлчдийн уламжлалт мал аж ахуйгаа эрхлэн, төр улсаа байгуулан суух нутаг дэвсгэрийн хойд хязгаар нь болсоор иржээ.
Ийм ч учраас Хүннү, Сянби,Түрэг, Уйгар, Жужан, Хятан ,Монгол зэрэг удам судраа дагасан нүүдэлчдийн их гүрнүүдийн хилийн урд хязгаар нь Их цагаан хэрэм, Хатан гол, хойд хязгаар нь Сибирийн их тайга, Байгаль нуур байсан тухай эх сурвалжуудад дурдсан байдаг.
Монголчууд, нүүдэлчид бидний өвөг дээдэс Байгаль нуурын тухай маш ихийг мэддэг төдийгүй үлгэр домог зан заншлаараа үр хүүхдүүддээ ихийг зааж сургасан байдаг. Тэгвэл нүүдэлчдээс өөр бусад суурин амьдралтай ард түмнүүд Байгаль нуурын тухай бараг юу ч мэддэггүй байсан ба дөнгөж 400-хөн жилийн өмнөөс буюу 1643 оноос европчууд судалж эхэлсэн байдаг.
Ийнхүү судалж эхэлсэн цагаас нүүдэлчид маань их сайхан далайгаа эзэмшлээсээ алдах үе ч эхэлсэн гэж хэлж болно. Ингээд 1900-аад оноос төмөр зам тавьж ашиглаж эхэлсэнээр Байгаль нууранд бохирдлын эх үүсвэрүүд үүсэн бий болсон гэгддэг.
Дээр дурдсан тоон баримтуудыг анхааралтай ажиглабал Байгаль нуурыг хамгаалах, их далайгаа авч үлдэх түүхэн хариуцлага нь Монголчууд бидэнд, бүүр тодруулбал Сэлэнгэ мөрнөө хамгаалах, урсацыг нь нэмэгдүүлэх ажлыг хийх ёстой бидэнд л үлдээд байгаа юм.
Суурин соёл иргэншилтэй ард түмнүүдийг дагаж манай танай гол мөрөн мөн биш гэж маргах биш харин нүүдэлчдийн гайхамшигт ухаанаар эргэн тойрон буй бүхнээ тэр дундаа ус мөрний нэгдэл, усны нөөцийн хуримтлал болсон Байгаль их далайгаа үеийн үед хайрлаж хамгаалах нь энэ цагийн Монголчууд бидний үүрэг юм.
Байгаль нуурыг хамгаалахын тулд Улаанбаатарт буй биднээр жишээ авахад л Сэлбэ голоо хамгаалж, усыг нь нэмэгдүүлж чадвал, Туул гол маань бага ч гэсэн усаар нэмэгдэнэ, Туул гол дээр хур тунадасны усыг, үерийн усыг хуримтлуулан авах усан сан барьж чадвал, усны урсац нэмэгдэн тогтворжиж Орхон голын усыг нэмэгдүүлнэ.
Орхон гол дээр уулын болон үерийн усыг хуримтлуулж чадвал, Туултайгаа нийлэн урсац нь тогтворжин нэмэгдэж Сэлэнгэ мөрний урсацыг багаар бодоход 20 хувиар нэмэгдүүлж чадна, цаашлаад Сэлэнгэ мөрөн дээрээ урсац нэмэгдүүлэх барилга байгууламж үерийн хамгаалалт барихад Байгаль их далайнхаа усыг нэмэгдүүлэх боломж гарч ирэх юм.
Таны хэмнэсэн 1 литр ус ч Сэлбэ, Туул, Орхон голууд, Сэлэнгэ мөрнөөр дамжин Байгаль их далайгаа хамгаалах ажилд хувь нэмэр болох юм. Усаа хуримтлуулж урсацаа нэмэгдүүлэх нь Байгаль нуураа хамгаалаад зогсохгүй улс оронд хөгжил дэвшлийг авчрах цорын ганц арга зам юм. Бидэнд байгаль орчныг хамгаалах бодлого, усны нөөцийн нэгдсэн менежментийн бодлого, IWRM, water diplomacy зайлшгүй хэрэгтэй байна даа.
Төв Азийн цээжинд амьдран суугаа бид өвөг дээдсийнхээ нэгэн адил Хатан голоос Байгаль нуур хүртэлх газар нутаг байгаль орчин дотор бодож сэтгэж, санаагаа чилээн, нуур усаа хамгаалан амьдрах нь ирээдүйгээ, хөгжил дэвшлээ баталгаажуулах арга зам мөн.
Дэлхийн энтэй Байгаль их Далай минь Таны миний хэмнэсэн усаар тэжээгдэж, Туул, Орхон, Сэлэнгэ мөрнийхөө урсацаар нэмэгдэн тэжээгдэж, Евроазийн зүрхэнд буй монголчууд бидний ивээн тэтгэх болтугай.
Зэнээмядарын Батбаяр
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.