
Монгол хүмүүний морио дээдлэн уралдааныг нь үзэн биширч хийморио сэргээдэг сайхан уламжлал бий. Монгол уяачид эх орондоо төдийгүй Дэлхийд ур чадвараа гайхуулан таниулж явна.
Монгол адууны шандас, монгол уяачийн ур ухааныг дэлхийд таниулж яваа эрхэмүүдийн төлөөлөл бол Тод манлай уяач, “Макс” группийн ерөнхийлөгч Д.Ганбаатар, улсын алдарт уяач Э.Ганбат нар юм. Хилийн чанадад морин уралдааны ертөнцөд ээлж дарааллан гайхуулж яваа тэдний амжилт бүтээл ар араасаа хөвөрсөөр байна. Одоогоос 4 жилийн өмнө буюу 2015 онд “Mongolian Saturday” Бреедерс кап буюу Дэлхийн аварга шалгаруулах уралдаанд түрүүлж Монголын нэрийг дэлхийд тамгалсан билээ.
2015 оны Breeders' Cup дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Turf Sprint уралдаанд түрүүлж, дэлхий нийтэд танигдсан Монгол Бямбаа хурдан хүлгийг морио дээдэлсэн Монголчууд мартаагүй биз ээ. Монгол эзний, монгол уяачийн уядаг хурдан хүлгүүд АНУ-д морин тойруулгын нэр хүндтэй томоохон уралдаанд түрүүлж Монголын нэрийг түүхэнд бичиж байгаа баярт үйл явдлууд монгол түмнээ ч баярлуулж бахдуулсаар байна.
Хэдхэн хоногийн өмнө буюу 09-р сарын 28-ны өдөр АНУ-ын Калифорни мужийн Сан Анита морин тойруулга Морины ертөнцөөр амьсгалж “Mongolian Groom” буюу "Монгол Адуучин" хүлэг шилдгүүдийг ардаа орхиж чадлаа. Макс группийн ерөнхийлөгч, Монгол улсын Тод манлай уяач Ганбаатарын Mongolian Groom” буюу “Монгол адуучин” нэртэй хүлэг Калифорни мужийн Аркадия хотод жил бүр зохион байгуулагддаг Awesome Again Stakes буюу G1 уралдаанд Америкийн алдарт МакКинзи, Шинэ Зеландын алдарт Хайер Пауэр хүлгүүдийг ардаа орхиж Монгол уяачдын ур ухааныг дэлхийд гайхууллаа.
"Монгол Адуучин" хүлэг уг уралдаанд түрүүлсэнээр Америкийн хамгийн нэр хүндтэй, хамгийн өндөр шагналын сантай “Breeder’s cup” уралдаанд оролцох эрх авсан байна. 2015 оны Breeders' Cup дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Turf Sprint уралдаанд түрүүлж, дэлхий нийтэд танигдсан Монгол Бямбаа хүлэг Breeders' Cup тэмцээнээс гадна 2016 оны Woodford уралдаанд түрүүлж байсан бөгөөд нийт 48 уралдаанд оролцсоноос 8-д нь түрүүлсэн амжилттай Морины ертөнцийн гайхамшиг болсон хурдан хүлэг юмаа.
“Mongolian Groom” буюу "Монгол Адуучин G1 уралдаанд түрүүлсэн нь түүнийг төдийгүй морин спортын ертөнцийг гайхшруулж чаджээ. "Монгол Адуучин" хурдан хүлгийн хувьд өнгөрсөн саруудад G1 Santa Anita Handicap уралдаанд 3-т, G2 San Diego уралдаанд 2-т, G1 Pacific Classic уралдаанд 3-т тус тус орж байсан билээ.
Ийнхүү “Mongolian Groom” буюу (Монгол адуучин) хүлэг G1 уралдаанд Америктаа нэг, хоёроор эрэмбэлэгддэг хурдан хүлгүүдтэй уралдаж, тасархай түрүүлснээр, “Breeder’s Cup” дэлхийн аваргын хамгийн нэр хүндтэй, хамгийн өндөр шагналын сантай Classic уралдаанд оролцох эрхээ авч байна. Америкийн телевизийн сурвалжлагчийн тодотгон хэлснээр “Морины ертөнц шоконд орсон явдал” болсон нь дэлхий нийтэд Монгол уяач эрхмүүдийн уяа сойлгыг нь тааруулсан Хурдан шандаст хүлгүүдийн амжилтын буухиа гэрчилнэ.
А.Алтанчимэг
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.