Мьянмарт 7 настай охин хууль сахиулагчдын гарт амиа алджээ

Twitter Print
2021 оны 03-р сар 24-нд 12:24 цагт
Мэдээний зураг,

Мьянмарын Мандалай хотод 7 настай охин зэвсэгт хүчнийхний гарт амиа алдаж, 2-р сарын 1-нд болсон цэргийн эргэлтээс хойш зэвсэгт хүчнийхний гарт амиа алдсан хамгийн залуу хохирогч болжээ.

Талийгаач охины гэр бүлийнхний мэдэгдсэнээр охиныг гэртээ байхад нь буудан хөнөөсөн ба охины 19 настай ахыг баривчлан авч явжээ. Хүүхдийн эрхийг хамгаалах Save the Children байгууллагаас мэдээлж байгаагаар Мьянмарын армийн удирдлагууд цэргийн эргэлт зохион байгуулж, төрийн эрхэнд гарсанаас хойш 20 гаруй хүүхэд зэвсэгт хүчнийхний гарт амиа алдсан байна. Мьянмарын армиас 2-р сарын 1-нээс хойш тасралтгүй үргэлжилж буй иргэдийн эсэргүүцлийн жагсаал цуглааны үеэр нийт 164 хүн үрэгдсэн хэмээн мэдээлсэн бол Улс төрийн хоригдлуудын холбооноос мэдээлж байгаагаар нас барагсдын тоо 261-ээс давсан аж.

Мандалай хотын оршуулгын үйлчилгээ үзүүдэг төвийн ажилчид Ройтерс агентлагт өгсөн ярилцлагадаа 7 настай охин сумны шархнаас болж нас барсан гэжээ. Myanmar Now мэдээллийн агентлагаас мэдээлж байгаагаар зэвсэгт хүчнийхэн гэртээ байсан талийгаач охины аавыг буудах гэж байгаад аавынхаа өвөр дээр сууж байсан охиныг нь санамсаргүй оносон аж. Save the Children байгууллага 7 настай охины үхлийн талаарх мэдээг сонсоод ихэд цочирдсон ба охиныг нас барахаас нэг хоногийн өмнө Мандалай хотод 14 настай хүү мөн л зэвсэгт хүчнийхний гарт амиа алдсан талаар мэдээлж байсан юм. Хамгийн аюулгүй орчин болох өөрийнхөө гэр оронд хүүхдүүд өдөр бүр шахуу зэвсэгт хүчнийхний гарт амиа алдаж байгаа явдал нь зэвсэгт хүчнийхэн хүний амийг үл тоомсорлож буйг харуулж байна гэжээ.

Мьянмарын армийн удирдлагууд өнгөрсөн сард цэргийн эргэлт зохион байгуулж, төрийн эрхийг гартаа атгасан явдлыг мьянмарчууд эсэргүүцэж, Мьянмарын томоохон хотуудад иргэд эсэргүүцлийн жагсаал цуглаан зохион байгуулсаар байгаа билээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.