
Украины Батлан хамгаалахын яамнаас мэдээлснээр ОХУ Украины хил орчим байрлах цэргүүдийнхээ тоог нэмэгдүүлж, өнөөдрийн байдлаар Украины хил орчим Оросын 120 мянган цэрэг байршиж байгаа аж.
Украины Тагнуулын албанаас явуулсан судалгаагаар Украины хил орчим цэргийн албан хаагчдаас гадна танкууд, зэвсэглэсэн машин техник, Искандер тийрэлтэт пуужингийн цогцолбор зэргийг байршуулж, цэргийн хэд хэдэн сургуулилт зохион байгуулжээ.
ОХУ бүс нутаг дахь цэргийн анги бүрэлдэхүүнүүдийнхээ тоог тогтмол нэмж, богино хугацаанд дайралт хийх боломжийг бүрдүүлж байна хэмээн Украины Тагнуулын албанаас гаргасан тайланд онцолсон байжээ.
Украины хил орчим байршиж буй ОХУ-ын цэргүүдийн тоо нэмэгдэж буй явдалд Украин болон барууны орнууд түгшүүртэй хандаж байгаа билээ.
Нөгөө талаас ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ОХУ Украин руу дайрна гэсэн мэдээллүүд нь “өдөөн хатгасан” шинж чанартай байгааг онцолжээ. Тэрээр, “ОХУ гадаад харилцаандаа энх тайвныг дээдэлсэн бодлого баримталдаг. Гэхдээ ОХУ улсынхаа аюулгүй байдлыг давхар хангах ёстой.” хэмээн мэдэгдсэн юм.
Украины Батлан Хамгаалахын сайд Алексей Резников өнгөрсөн даваа гарагт өгсөн ярилцлагадаа ОХУ Украины хил орчим цэргүүдээ байршуулж байгаа нь Украины ард иргэдийн дунд айдас түгшүүрийг дэлгэрүүлж, Киевийг НАТО болон Европын холбоонд нэгдэх явдалд нь саад болохыг оролдож байна хэмээн ярьжээ.
Түүнээс гадна ОХУ Украинтай хиллэдэг Беларусьтай цэргийн хамтын ажиллагаагаа өргөжүүлж, Беларусь-Украины хил орчим цэргүүдээ байршуулжээ. Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад Украины хил орчим, Хар тэнгис, Азовын тэнгис дээгүүр нисэх ОХУ-ын тагнуулын онгоцнуудын нислэгүүдийн тоо 3 дахин нэмэгджээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нар өнгөрсөн мягмар гарагт цахим уулзалт хийж, Украины асуудлыг хэлэлцсэн ба уулзалтын төгсгөлд талууд цаашид уг асуудлыг дахин хэлэлцэх дээр зөвшилцсөн юм.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский энэ пүрэв гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай утсаар холбогдон ярилцах аж.
Эх сурвалж: CNN
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.