Үг дааж сур... буюу үгийн хүчирхийлэл

Twitter Print
2021 оны 09-р сар 15-нд 14:16 цагт
Мэдээний зураг,

ҮГ ДААЖ СУР... Та энэ үгийг амьдралдаа дор хаяж нэг удаа сонссон нь лавтай. Чиний төлөө л хэлж байна, авах гээхийн ухаанаар хандаарай, үг дааж сурлаа гээд буруудах зүйл байхгүй шүү л гэнэ. Мэдэхгүй ээ, үг хэрхэн сайн дааж сургах сургалт дамжаа байна уу? Хайгаад олсонгүй. Амьдрал өөрөө заагаад өгчихдөг бололтой.

Үг гэх хоёрхон үсэг асар гүн утгыг өөртөө тээж байдаг. Гэтэл үгийн цаана хүчирхийлэл нуугдаж байдаг гэвэл итгэх үү? Үгийн жижиг, жижиг хэсгүүд нийлж хүний сэтгэлийг эмтэлсээр сэтгэл санаа, биемахбодийн хүчирхийлэлд өртөхөд хүргэдэг. Гагцхүү үгийн цаана хүчирхийлэл нуугдаж буйг үл мэдэх тул бид байдаг л зүйл мэтээр хүлээн авч, өнөөх үг гэгчийг дааж сурах гэж зүтгэсээр сэтгэл зүйн эрүүл мэндээ үл хайхардаг.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд хүчирхийлэл нь биемахбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн гэсэн дөрвөн хэлбэртэй байхаар хуульчлагдсан байдаг. Биемахбодийн хүчирхийллийн хувьд биед үүссэн шарх, сорви, хөхрөлт зэрэг хүчирхийлэлд өртсөн ул мөр ил тод байдаг тул мэдэх боломжтой. Харин эдийн засгийн, бэлгийн, сэтгэл зүйн хүчирхийллийн хувьд дийлэнх тохиолдолд далд хэлбэрээр үйлдэгддэг тул хүчирхийлэлд өртөж буй эсэхээ өөрөө ч мэдэхгүй байх тохиолдол бий. Ялангуяа сэтгэл санааны хүчирхийллийн хувьд хохирлыг тодорхойлох боломж хомс байдгаас, эсхүл сэтгэл санааны хүчирхийлэл гэж чухам юу болох талаар ойлголтгүйн улмаас энэ төрлийн хүчирхийллийг өөрсдөө ч мэдэлгүй тэсэж, тэвчин даван туулж байдаг.

Сэтгэл санааны хүчирхийлэл нь чамайг ёжилж шоолох, жоохон хүүхэд шиг харьцаж байнга зааж зааварлах, удирдах гэж оролдох, уурлах, чиний санал санаачилга хүсэл сонирхол, үзэл бодол шаардлагыг байнга няцаах, гомдож сэтгэлээр унахад сүртэй, эмзэг юм бэ гэж өөрийгөө хамгаалж чамайг буруутгах, яаж ийж байгаад л үргэлж өөрийнхөө зөв, чиний буруу болгож чаддаг, сүүлдээ чи үргэлж өөрийнхөө буруу гэдэгтэй эвлэрч эхэлдэг. Нэг ёсондоо хувь хүн, өөртөө итгэх итгэл, шийдвэр гаргах чадвараа бүрэн алдахад хүрдэг.

Тэгэхээр үгээр өөрийгөө хүчирхийлэхийг зөвшөөрөх нь сэтгэл санааны хүчирхийлэлд өртөх магадлалыг үүсгэж буй хэрэг тул байнгын доромжлол, гүтгэлэг, чадварыг тань үл хүлээн зөвшөөрөх, буруутгах хандлагатай хүмүүсээс эелдгээр татгалзах, холдох хэрэгтэй. Сэтгэл санааны эрүүл мэнд ирээдүйд олон зүйлийг ухаалгаар шийдвэрлэхэд нөлөөлдөг шүү дээ.

Caritas Mongolia

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.