Танилцах зарын дагуу...

Twitter Print
2020 оны 07-р сар 22-нд 16:07 цагт
Мэдээний зураг,

Хэдийгээр сайн танихгүй ч гэлээ сэтгэлд дотно Игорь та сайн байна уу! Раиса миний бие танд энэ захидлыг бичиж сууна. Танилцах сайтнаас таны оруулсан зарыг олж хараад өөрийгөө таны хайж буй тэр эмэгтэй яг мөн юм байна гэдгээ ойлголоо.

Миний биеийн харьцаа танд таалагдана... 190-160-190. Өмнөх нэгүүдийг нь аваад хаячихвал яг л таны хүүсэн хэмжээ мөн байгаа биз? Би 150см өндөр. Өөрөөр хэлбэл яммхан гэсэн үг... яг л таны хүссэн шиг. Та ухаалаг эмэгтэй хайж байна гэсэн байсан. Тэгвэл тэр эмэгтэй чинь би байна. Би 45 хүрээд гэв гэнэт их ухаалаг болчихсон. Тэгээд тэр цагаас хойш хүмүүст насаа хэлэхээ байсан.

Би сайхан урт үстэй. Комодонд арваад жил хэвтэж байгаа хиймэл үсийг (буурай эмээгээс минь үлдсэн) залгачихвал самнахын аргагүй урт болчихдог юм. Та авьяастай эмэгтэй хайж байна гэсэн. Тэгвэл би маш олон талын авьястай хүн. Би кайфдаж ч чадна, бахирч ч чадна, бүжиглэж ч чадна... зүгээр байсан ч чадна. Бас би интоорын ясаар нулимж чадна. Бараг 5 метр гаран гээд бод доо. Би толгойноосоо хөл хүртлээ натураль. Надад ботокс, уруулын филлер, хөмсөгний шивээсний аль нь ч байхгүй. Бүр сормуус ч байхгүй. Миний бүх юм өөрийнх. Хиймэл шүд, үений метал суулгацыг эс тооцвол тэр шүү дээ. Гаднаасаа бол огт мэдэгддэггүй. Нисэх буудлын шалган өнгөрүүлэх дээр д жонгиноод байдаг юм.

Миний хоёр хөх бас өөрийнх, ямарч силиконгүй. Силикон гэвэл... миний туфли силикон оруулгатай. Хааяа наалтаараа салчихаад байдаг юм. Тэгэхээр нь силиконоор наачихдаг юм. Орон дотроо би ханаж цадна гэж үгүй. Өдөрт арваад цаг унтаад байхад л нойр ханадаггүй. Би тархи толгойгоо хэрэгтэй хэрэггүй зүйлээр дүүргэдэггүй. Би зурхайд огт итгэдэггүй. Би зөвхөн цалин, модны цүүц, эр нөхөр гуравтаа л итгэдэг.

Хамгийн гол нь би маш их тэвчээртэй хүн. Автомат утсаар ярихаар хүлээн зогсох гурван хүнийг ч тэр, кассан дээр оочерлох бүх хүнийг ч тэр, эмнэлэгт номерыг нь дуудахыг хүлээн суух эмээ нарыг ч тэр тайван хүлээж чадахуйц тэвчээртэй. Би эцсийн буудал дээр буух гэж байж метроны вагоны үүдэнд чихэлдэн зогсох хүмүүсийг хараад огт нервтдэггүй. Автобусанд хоёр хөлөө байдгаар нь дэлгэчихээд ялхайн суух эрчүүдийг хараад ч бухимдаггүй. Энд тэндгүй хамаа намаагүй тайлаад хаячихсан оймс гуталнуудыг хараад ч цухалдаггүй.

Би яг л таны бичсэн шиг дүрд тоглох дуртай. Бүр хүүхэд байхын л дуртай байсан. Би одоо хэрнэ заримдаа дэлгүүр болж, заримдаа эмийн сан болж тоглодог. Би нойрсож буй гүнж, шуудан зөөгч Печкин хоёрын дүрийг бүтээхдээ гаргууд. Надад шуудан зөөгчийн цүнх ч бий. Би нээрээ танд шуудан зөөгчөөр ажилдаг гэдгээ хэлсэн билүү? Таны машин надад хэрэггүй. Би өөрөө унадаг дугуйтай... ардаа багажтай. Тэгээд ч манай энд соёлын ордон, гол гээд хаашаа л бол хаашаа явган алхаад хүрчихэж болно. Дарвуулт онгоцоо та манай эндхийн жижиг цөөрмөнд зангууг нь буулгаад тавьчихна биз.

Би хүүхдэд их хайртай. Тиймээс таныг надтай гэрлэхгүй гэвэл би таныг үрчилж авсан ч болно шүү. Би Теплокожухск районы Нижний Утюг нэртэй тосгонд, экологийн цэвэр орчинд амьдардаг. Танд манайх таалагдана гэдэгт би итгэлтэй байна. Та хайж байгаа эмэгтэйгээ самартай (хар ярианы хэлээр тонтгор бөгс гэсэн үг) байх ёстой гэсэн байсан. Тэгвэл тэр чинь надад байгаа шүү. Ганц гэм нь манай хашааны гадна ургадаг юм. Хүсвэл би танд хичнээнийг ч хамаагүй цайруулж өгч чадна шүү.

Интернетийн тухайд гэвэл... тосгоны даргынх л интернеттэй. Силикон шахуулчихсан элдвийн охид хүүхнүүд таныг хоргоохгүй гэсэн үг. Хэрвээ араас чинь хүрээд ирэх юм бол... тосгоны даргад буу байгаа шүү. Та хариу захидлаа миний нэр дээр явуулаарай. Би өөрөө гүйж очоод авамз... санаа зоволтгүй.

Үүрд таны Раиса

Орчуулсан: Өлзийбатын Уянга 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.