
ТОМ БОЛСОН ХҮҮХЭДТЭЙ ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН ҮҮРЭГ
Хүүхдүүд тань том болчихсон бол таны хүлээх үүрэг харьцангүй бага. Нэрт сэтгэл зүйч Ирина Млодикийн зөвлөснөөр та том болсон хүүхдийнхээ өмнө хоёрхон үүрэг хүлээх ёстой:
1. Үр хүүхэд тань жаргал зовлонгоо тантай чөлөөтэй хуваалцдаг байх нөхцлийг бүрдүүлэх;
2. Эрүүл мэнддээ анхаардаг байх.
Хүүхдэд тань сайн, муу юу ч тохиолдож болно. Тэр бүхнийг та тайван хүлээж авдаг байх нь чухал. Хүүхэд тань асуудалд орсон үедээ согтууруулах ундаа, мансууруулах бодисоор сэтгэлээ “засах” бус тань дээр ирдэг байх ёстой.
Том болсон хүүхдийнхээ зовлон шаналлыг “Чиний зовлон гэж юу байдаг юм?” гэх зэргээр үгүйсгэн “үнэгүйтүүлж” хэрхэвч болохгүй. Тэрэн дорвол хүүхдээ (тэр өөрөө зөвшөөрвөл) тэвэрч аваад “Чамд хэцүү байгааг аав/ээж нь ойлгож байна” гэх нь зүйтэй. Асуудлаас яаж гарах бодолтой байгааг нь асуу. Гол нь та сандарч огт болохгүй. Хүүхэд тань асуудлаа зохицуулах хэд хэдэн хувилбар гаргаж ирэх байх. Тэр бүх хувилбраас гарч болох сайн, муу үр дагаврыг хүүхэдтэйгээ сайтар ярилц.
Хүүхэд тань бухимдлаа тайлж сэтгэлээ онгойлгож байгаа бол та зүгээр л чимээгүй сонс. Хүүхэд танаас өөрөө хүссэн тохиолдолд л зөвлөгөө өгч байгаарай. Зөвлөгөөг “Би чиний оронд байсан бол ингэх/тэгэх байсан” гэх ч юм уу эсвэл “Аавд/ээжд нь ийм зүйл тохиолдож байлаа. Тэр үед би ийм/тийм алхам хийсэн, тэгээд тэгсэндээ огт харамсдаггүй эсвэл одоо хэр нь харамсдаг...” гэх зэргээр өгвөл зохилтой.
Хүүхдийнхээ асуудлыг сонсонгуутаа “дэлбэрч” түүнд баахан үглэж дуулчихсан бол яах вэ? Сэтгэл хөдлөлөө барьж дийлэлгүй хэтрүүлэн реакцласнаа хүлээн зөвшөөрч уучлал гуй. Тулгарсан асуудал нь танд хүндээр тусахгүй гэдэгт хүүхэд тань итгэлтэй байх ёстой. Эс бөгөөс тэрээр сэтгэлийг тань зовоохгүйн тулд жаргал/зовлонгоо нуудаг болно. Хүүхдэд тань ямар нэгэн юм тохиолдох бүр та салгалж чичрээд, валидол шүүрч аваад байвал та хүүхдийнхээ амьдралд юу болж байгааг мэдэхээ болино. Өөрөөр хэлбэл та түүнээс хөндийрнө гэсэн үг. Тийм байдалд орохгүй гэвэл та сэтгэлийн хаттай байх нь чухал...
Хүүхэд тань танд асуудлаа ярьж, санал бодлоо хуваалцдаг бол та баярлах хэрэгтэй. Энэ нь та хүүхэдтэйгээ ойр, хүүхдийнхээ хувьд чухал гэдгийг харуулж байна.
Том болсон хүүхэдтэй эцэг эхчүүдийн хүлээх хоёр дахь үүрэг бол эрүүл мэнддээ анхаарах явдал. Мэдээж амьдралд хэзээ юу тохиолдохыг хэн ч мэдэхгүй ч та өөрийн зүгээс чадах бүхнээ хийдэг байх ёстой. Бие тань өвддөг бол эмчид тогтмол үзүүлж харуулж, зөв зохистой хооллож, архи тамхинаас хол байж, биеийн тамираар хичээллэж байх хэрэгтэй. Та үр хүүхдээ хичээл ном, ажил төрлөө тайван хийгээсэй л гэвэл өөртөө арчаатай бай...
Орчуулсан: Өлзийбатын Уянга
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.