Азын од нь гийх болтугай!

Twitter Print
2021 оны 09-р сар 16-нд 10:16 цагт
Мэдээний зураг,

Уг нь аливаа хүмүүний 25-ны жил дийлэнхдээ их хийморьтой орж, дагаж байгаа харагддаг ч харин энэ хүүгийнх жаал барцадтай байсан ч юм шиг. Түүний шүтээн болсон ах буюу Э.Бадар-Ууганыг тээр жил МИАТ хэмээх их айлыг тэргүүлж байсан Батмөнх хэмээх эр ажилтнууддаа хандаж судлах үүрэг өгснийхөө дараа "том харж үзсэн" тухай би "Олимпийн аваргыг ингэж төрүүлдэг" хэмээх "Өдрийн сонин"-ы нийтлэлээс олж уншсан минь санаанд тодхон байна. Тухайн үед Шархадны гэр хорооллоос нэгэн залуу Боксын спортод хөл тавьснаас хойш хэдэн жилийн турш уйгагүй зүтгэсэн ч алдар хүндийн оргилд гарч амжаагүй явсан тэр л үед нь МИАТ-ын захирлын мэргэн шийдвэр чухам өөд нь татсанаар Хүнсний нэгийн арын байшинд хадмынхаа нэг өрөөнд эхнэр хүүхдийн хамт улсын шигшээ багийн тамирчны цалин болох 280 мянган төгрөгөөр амь зууж явсан түүнийг МИАТ хэмээх их айл Биеийн тамирын зааварлагч хэмээх "шинээр бий болсон" орон тооны ажилтнаар авч, сарын нэг сая төгрөгний цалин өгч, гадаад дотоодын уралдаан тэмцээнд оролцох бүх зардлыг нь дааж, тусгай хангамж эдлүүлэн гурван жил бөмбөрүүлсний эцэст Бээжингийн Олимпт өнөө "зааварлагч" нь харин 25-ны жилийнх нь од нь гийж, Аварга болсон түүхтэй юм билээ. Батмөнх дарга МИАТ-ынхаа 40 ажилтнуудыг амраах нэрээр Бээжин рүү илгээж, болоо ч үгүй түүнийг тоглох үеэр рингний ойролцоох суудлуудыг тэдгээр нөхдүүд эзлэнхэн суухдаа уриа цуурай хадааж, сэтгэл санаагаар дэмжих үүргээ онц сайн биелүүлсэн гэдэг.

Яг энэ үед түүний тулааныг харж суусан жаахан бяцхан хүү "Би боксоор хичээллэж Бадар-Ууган ах шиг Олимпийн аварга болноо" гэж шийдэж, улмаар боксын дугуйланд 12 настайгаасаа эхлэн хичээллэж эхэлснээс хойш Улсын 8 удаагийн аварга, Азийн хошой аварга, Азийн тоглолтын аварга, Дэлхийн аваргын хүрэл медаль авснаар МУ-ын Гавьяат тамирчин хэмээх эрхэм цолоор энгэрээ мялаасан ч 2016 оны Рио-гийн Олимпоос хойш муугийн од нь харваад дуусаж өгдөггүй дээ. Арван долоохон насандаа Дэлхийн аваргын хүрэл медаль авснаар дэлхийд нэрээ дансалсан түүний унаган зан араншингаас болсон уу, угаас хар цагаан хэл ам нь дарсан уу, багын найзууд хэмээх базаахгүй нөхдөөс нь болов уу, юутай ч Риогийн олимпоос ирээд удаагүй байхад нь тэр нэгэн орой болсон хэрүүл зодооны үеэр түүнийг нэгэн машин хөөж мөрдөн мөргөж унагаад зогсохгүй тамирчин хүний хөнгөн шингэн хөдөлгөөнөөр босоод ирэхэд нь хоёр дахиа маш хүчтэй дайрч унагаад давхин одсон юм гэнэ билээ. Маш хүнд бэртэл авч, тархи толгойдоо 32 оёдол тавиулж, хэсэгтээ эмчлүүлсний дараачаас эхлэн сэтгэл мэдрэлд нь нөлөөлчихөв үү гэмээр үйл явдал үе үе сонсогдох болсоор удлаа...

Сарын өмнө зохиогдсон Токиогийн Олимпийн рингэн дээр гурвантаа тулалдсан түүний төлөө Монголчууд хотлоороо дуу нэгтэй хамтдаа нүдэлцээд медаль авч чадаагүй ч хүүтэй нэг нь өөрийн хүүтэйгээ зүйрлэж, хүүгүй нэг нь өөрийн хүү мэт хайрлаж хамгаалдаг болжээ.

"Улаан бал" нэвтрүүлгийг даяараа үзсэн болохоор давхардуулж ярилгүй би өөрөө өөртэйгөө хэрхэн ярилцсанаа толилуулсу.

Энэ жаал ер нь яагаад дандаа хүнд нүдүүлчихээд байгаа юм бол?

-Хүүхдийн өөрийнх нь ааг омог буюу унаган араншингийн онцлог нь "бодсон бодоогүй шууд хэлдэг" тайпынх учраас зарим хүмүүсийн дургүйг хүргэх нь лавтай. Наад зах нь өөрийнх нь хэлснээр "Дээдийн дээдийн дээд үеийн" ах нартайгаа ууж байгаа мөртлөө гай ч үгүй, гавьяа ч үгүй зодог тайлсан тэдгээр нөхдүүдэд "Би Гавьяат хүн шүү" гэхээр өнөөдүүлийнх нь шизо нь хөдөлдөг юм байгаа биз дээ? Уухаараа стрессээ тайлаад баахан хэрэгтэй хэрэггүй юм бураад урсгачихдаг эрчүүд байдаг даа, тэдний нэг ч байж болно. Эрүүлдээ хөөрхөн ааштай ч юм шиг, эсвэл дуу цөөнтэй мөртлөө уулаа л бол шууд ээмсийддэг /үглэдэг/ эрчүүд ихэнхдээ бусдад дэлсүүлчихээд байх нь ч буй. Гэхдээ түүнийг өмөөрөөд хэлэхэд "Ааггүй, омоггүй хүн тулааны спортоор хичээллэнэ ч гэж юу байх вэ?", яагаа вэ манай АСА аварга бол бас л түйвээж байсан биз дээ? Том биетэй болохоор харин нүдэж явснаараа л өөр байх. Жижигхэн юм болохоор боксчин ч гэсэн амьтны нүдэнд хариугүй харагдаад байдаг юм байгаа биз.

Би хэнд ч гомддоггүй, тэр ах нарт ч гомдоогүй гэж үнэн үү?

-Үгүй ээ, харин ч эсрэгээрээ өнөөдөр тэр хүүгийн шавилхан бие тэр чигээрээ бусдад гомдсон гомдлоор БИТҮҮ чигжээстэй явж байна. Болдогсон бол тэр их гомдлыг нь тайлахсан. Яалт ч үгүй гомдлоор бугшиж, чичирхийлсэн хоолойгоор нүдэндээ нулимстай ярьж буй хүн яаж гомдоогүй байх юм бэ? Хажууд нь байгаа эхнэр хүүхдүүд нь ч түүний гомдлыг тайлж чаддаггүй юм байна. Эхнэрийг нь байцаах юм сан... Яагаад гэвэл энэ хүүгийн яриан дундуур нэг тийм "эцэг шиг эцэг байж амьдралаа бүрэн дүүрэн дээшлүүлж чадаагүй гэх гомдол" цухалзаад байна.

Манай спортынхон юу юугүй л эхнэр хүүхэд авчих юмаа?

-Гадны тамирчид урдаа тавьсан зорилгынхоо төлөө юун эхнэр нөхөр, хүүхэд шуухадтай манатай сар жилээр салам гүрийж, гүйж харайсаараан байгаад амжилтанд хүрснийхээ дараа сая гэрлэж бараалдаг байхад ялангуяа манай эрэгтэй тамирчид юу юугүй л төдөн хүүхэдтэй, эднийхээ төлөө би зүтгэх ёстой гээд шал урвуу маягаар явдаг нь хачирхалтай. Спорт гэдэг бол махан бодиос гадна ухаан санаагаа дээд зэргээр хурцалж, секунд долийн хугацаатай уралдаж тэмцэлддэг учраас тэр хооронд гэрийнхээ хоол унд, эхнэр хүүхдийнхээ гутал хувцасны бодол төрөх учиргүй л байхгүй юу. Би энд Их спортын тамирчны тухай ярьж байгааг ойлгоорой. "Би том болоогүй юм шиг байнаа" гэж хэлсэн тэр жаал маань өөрөө ХОЁР ОХИНЫ ЭЦЭГ БОЛЧИХСОН байна.

Монголд хамгийн хөгждөггүй салбар Сэтгэл зүй юмуу даа?

-Тэр дундаа Спортын сэтгэл судлалаар дагнасан мэргэжилтнүүд байгаа үгүй нь бүү мэд. Гадуур дүүрэн мөнгө хөөсөн лекторууд худлаа газар нялуун дуугаар нэээг их сүр сүр лекц уншаад байгаа ч гэлээ лекцнийхээ дараа хэдэн номоо зарахыг л бодохоос биш салбар бүхнийхэнд зориулсан мэргэшсэн лектор байхгүй. Энэ хар л даа, Олимпт ороод ирсэн тамирчин хүн гэхэд ийм аймаар "бөглөрөөстэй" явж байна гэдэг чинь юу гэсэн үг вэ? Ямар сайндаа дээд үеийн агаа нартайгаа архидаад сэтгэлээ тайвшруулах гэсэн биш бүүр бялба нүдүүлээд үхэнгээ алдаж байна шүү дээ.

Сар бүрийн өч төчнөөн сая төгрөгийн цалин гай чиржээ дээ?

-Магадгүй болоод явчихлаа. Цэндбаатар хожигдсоныхоо дараа "Би амьдралаа өөрчлөх боломжоо алдчихлаа ш дээ" гэж уйлсан сураг байсан. Ам султайгаараа энэ хүү л хэлсэн болохоос яг үнэндээ тамирчин бүхэн энэ цалинг насан туршдаа авахын төлөө л зүтгээд байгаа нь нэгэн бодлын маш том дарамт юм шиг ээ. Ядаж байхад тэр нэг дарга орж ирээд "4 өрөө байр өгнө" гэж дуугардаг нь ч юув? Тэгээд хэлчихвэл өнөөх нь гүйж гараад нам цохино гэж тооцоолоогүй байлтай. Хэрхэн тулалдахаа бодоод зогсож байх ёстой хүн чинь тархин дотроо аль хэдийн нөгөө 4 өрөө байраа "аваад, тохижуулаад, эхнэр хүүхдүүдтэйгээ амьдраад эхэлчихэж байгаа байхгүй юу". Тэрээр хэд хэдэн удаагийн ярилцлагандаа "Олимпийн аварга болон медальтай ах нарын амьдрал нүдэн дээр гоё болсон" гэж дурдсан нь битүүхэндээ тэдэн шигээ л болчих санаатай нүдэлцээд яваагаа хэлээд байгаа хэрэг. Хэлж байгаа нь л энэ муу хүү болохоос бүгд тэгж бодож байгаа нь гарцаагүй.

Манай дасгалжуулагчдын залгамж халаа алдарчихаа юу даа?

-Тийм байна. Тэнд тулалдсан Цэндээ хүү битгий хэл ТВ-ээр харж суусан мань мэт хүртэл гадныхан болон манай тренерүүд тамирчиндаа хэрхэн хандаж байгааг төвөггүй хараад ялгаж суулаа. Бүх зүрх сэтгэлээрээ тамирчныхаа төлөө хашгирч, орилж, зэрэг мэх хийж, үсэрч буй гадныхны дэргэд манай хэдэн "байхын бараа" царайлсан юмнууд гөлийчихөөд гартаа барьсан алчуураараа олигтойхон хүчтэй хэд сайхан сэвээд өгчихгүй л байгаа юм даа. Тийм юмнууд элэнцгийнх нь арга техник зааж, санаа оноо хэлж, эсрэг талынхаа алдааг олж хэлж өгөх вэ дээ? За даа, болдогсон бол Шижэрээг сайхан хувилаад нэгийг нь татамины дэргэд суулгачихаад, нөгөөг нь ТВ-ээр тайлбарлуулах юмсан. "Наадах чинь яг ингэх нь ээ, тэгэх гээд байна, тэр үед нь тэгээрэй" гэж мөн ч ганган олж хардаг хүү байна билээ. Түүнийг магтахаар зарим нь атаархаад үхчих гээд байгаа харагдсан, өөрсдөө чадахгүй хэвтэж...

Цэндээ Лодойд ярьсан шүү дээ, надад ядаж хожиж явааг минь олигтойхон хэлээд өгчихөөгүй гэж. Үнэхээр түүнийг дагаж гарсан хоёр нөхөр бол хожиж явааг нь хэлэх нь бүү хэл хоёр сайн сэвээд ч өгчихөөгүй. Эрт урьдны тамирчны амнаас би сонссон л доо, "Яг шамирчихсан байхад хэд сайхан ус үсэртэл сэвээд, сэгсийтэл бие арчиж өгөөд гаргахад сэпхийтэл сэргээд эргэж гараад алалцах сайхан шүү" гэж байсныг нь би мартдаггүй юм. Гэтэл өнөөгийн тренер нь хожигдсон тамирчнаа "Арчаагүй п..." гэж хараасныг сонсох ямар гунигтай агаад үзээрийн сонсогдов оо! 

Хүчний спортынхон асуудлыг хүчээр л шийдэх юмаа, тэ?

-Хүн ер нь мэддэгээрээ л харьцана шүү дээ. Хар нялхаасаа спорт хөөгөөд, тэрүүгээрээ дагнаад хоолоо олоод явж байгаа тамирчид нээх сүрхий боловсролтой энэ тэр байдаггүй юм даа. Осолтгүй л 4 аргын тоо мэддэг байх, гадаад нь ч адилхан байх. Угаасаа гэр хороололд хатуу борог амьдралаар өсөж өндийсөн болохоор нэг байтугай нэлээн олон цохилт даана, тэдний дунд туяхан согоонууд байхгүй. Тийм болохоор Цэндээ ч агаа нартаа ухаан мэдрэлээ алдтал зодуулчихсан мөртлөө "Гомдолгүй ээ" гэж сууж байгаа юм...

Түүнтэй тохиолдсон явдал манай өнөөгийн нийгмийн нийтлэг дүр төрх юмаа даа?

-Монголын нийгмийн бодит зураглалыг харъя гэвэл түүнтэй тохиолдсон энэ явдлыг үзэж сонсоход л хангалттай. Ах нар нь хэрхэн мангас болов, найзууд нь хэрхэн дайсан болчихов, амьтны өгсөн аягатай шингэнийг амссаны дараа хүйтэн шөнөөр нүцгэн чавган гүйж Шархадны эмнэлэгт ухаан оров, нэг л их амьдралынхаа төлөө зүтгээд байгаа атлаа санасандаа хүрч чадахгүй болохоор архи ууж стрессээ тайлах гэхээр бүүр эсэнгийн юм болж зодоон нүдээн, цус нулимсандаа хутгалдаж төрөл арилжихаас наахнуур юм болно, ганц сайн чаддаг юмаа хийж байна гэж бодож явсан ч нэг л өдөр гудамжинд гарахын цагт яахаа үл мэдэх залуу нас, атаархагчдын армийн довтолгоо хутгасан хоронд өөрийн мэдрэлгүй хутгалдаж, эцэст нь архичин нэр цолтойгоор амьдралаа алдаж дууссан мянга мянган бүтэлгүйчүүдийн армид элсэх шинэ гишүүн болох нигуртай гээд тоочоод байвал дуусахааргүй олон гай зовлонг энэ жаахан хүү үүрч явна, зайлуул.

Хэлж бичмээр ажигласан олон зүйлээ орхилоо. Яагаад гэвэл цаад учир шалтгаанууд нь гинжин хэлхээтэй учраас олон хүмүүсийн хэл амны бай болохыг хүссэнгүй. Тэрнээс биш энэ заваан, заваан юмнуудын тухай бичвэл бичнэ, даанч бичихээс цээр хүрээд байна. Хэн ч биш байсан юмнууд өнөөдөртөө сагаж, галзуурч л байг. Бүх юмс үзэгдэл өөрийн цаг хугацаатай...

Залуу хүний хийморьт итгэсэн,

Жанчивын НАРАН

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.