Афганистаны өсвөрийн хөлбөмбөгийн охидын шигшээ баг Пакистан руу дүрвэжээ

Twitter Print
2021 оны 09-р сар 16-нд 12:13 цагт
Мэдээний зураг,

Афганистаны хөлбөмбөгийн өсвөрийн охидын шигшээ багийн тамирчид хөрш Пакистан улс руу зугтжээ. Шигшээ багийн 32 тамирчин охид гэр бүлийнхнийхээ хамтаар өнгөрсөн нэг сарын турш талибуудаас нуугдсаны эцэст Пакистаны хилээр амжилттай нэвтэрч чаджээ.

Афганистаны хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчид өнгөрсөн сард Кабулаас ниссэн ба өсвөрийн багийн тамирчдын заримынх нь бичиг баримт дутуу байснаас болж нисч чадалгүй үлдсэн байжээ.

Пакистаны зүгээс "Энх тайвны төлөөх хөлбөмбөг" нэртэй сайн үйлсийн аян зарласны ачаар охид гэр бүлийнхнийхээ хамтаар Пакистан улсын хилээр амжилттай нэвтэрч, Пакистаны Хөлбөмбөгийн холбоо эдгээр 81 хүнийг Лахор хот дахь төв байрандаа байршуулахаар болжээ. Түүнээс гадна Афганистанаас нэмж 34 хүн ирнэ гэдгийг Пакистаны Хөлбөмбөгийн холбооноос мэдэгджээ.

Тамирчин охидыг гэр бүлийнхнийх нь хамтаар гуравдагч орон руу илгээх хүртэл 30 өдрийн турш өндөр хамгаалалтанд байлгах аж. The Independent сонинд бичсэнээр охид Пакистаны Ерөнхий сайд Имран Ханд захидал бичиж, Пакистан руу нэвтрэх хүсэлтээ илэрхийлжээ. Түүнээс гадна тамирчин охид Талибан хөдөлгөөний дарамт шахалтанд өртөх өндөр эрсдэлтэй байгаагаа онцолсон байжээ.

Талибууд өнгөрсөн сард Афганистаны төрийн эрхийг атгаснаас хойш Хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагч асан Халида Попал тамирчдаа талибуудаас хамгаалах зорилгоор тамирчиддаа нийгмийн сүлжээнээс хөлбөмбөг тоглож буй зургуудаа устгаж, өмсгөлөө шатаахыг зөвлөжээ.

1996-2001 онуудад Талибан хөдөлгөөн Афганистаны төрийн эрхийг атгаж байх хугацаандаа эмэгтэйчүүдийг спортоор хичээллэхийг хориглож, эмэгтэйчүүдийн эрх, эрх чөлөөг бүхий л талаар хязгаарлаж байсан бол энэ удаад ч гэсэн Талибан хөдөлгөөний төлөөлөгчид эмэгтэйчүүд спортоор хичээллэх нь зохимжгүй хэмээн онцолж байна.

Талибан хөдөлгөөн Афганистаны төрийн эрхэнд гарсантай холбоотойгоор Афганистаны урлаг спортын салбарын эмэгтэйчүүд олноороо эх орноосоо дүрвэж байгаа юм.

Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчдаас гадна өнгөрсөн сард Афганистаны алдартай поп дуучин Арьяна Саийд, нэрт найруулагч Сахраа Карими нар эх орноосоо явжээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.