
1983 онд япончуудын гаргасан энэ өдрийг дэлхийн олон оронд тэмдэглэн өнгөрүүлдэг болжээ. Дэлхийн өнцөг булан бүрт кофены худалдаа эрхэлдэг хүмүүс энэ өдөр кофегоо үнэгүй өгөх буюу ямар нэг урамшуулал зарладаг уламжлалтай юм. Орчин үеийн амьдралын хэвшилд уусдаг кофе илүү тохиромжтой ч энэ нь ашигт чанараа алдсан, хүний биед үзүүлэх сөрөг нөлөө ихтэй байдаг. Харин чанадаг кофе нь тархины үйл ажиллагааг сэргээж, арьсны хорт хавдар, чихрийн шинжингийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг төдийгүй хүнийг аз жаргалтай болгодог юм. Дэлхий даяар өдөрт 2.5 тэрбум гаруй аяга кофе уудаг гэсэн судалгааг гаргажээ.
Кофе бий болсон түүхээс
Мянга гаруй жилийн өмнө хүн төрөлхтөнд танигдсан кофе өдгөө тариалангийн талбайн ажилчнаас “Starbucks”-ийн эзэн хүртэлх 500 сая хүнийг тэтгэгч, амьдрал ахуйг нь залгуулагч болжээ.
Зургаан тэрбум хүнтэй дэлхийд хамгийн түгээмэл ундаа амтат халуун кофе юм. Дэлхийг өөрчилсөн хүнсний бүтээгдэхүүнүүдийн жагсаалтад дээгүүрт бичигдэх кофений түүх үлгэр домгоос ялгагдахгүй. Африкийн хойд хэсэг буюу өнөөгийн Этиопын үржил шимт хөндийд ургадаг кофений буурцгийг 800-гаад оны үед сүрэг ямаа анх нээсэн гэдэг. Ямаан сүргийн эзэн Калди хэмээх малчин амин зуулгын хэдэн ямаа нь шөнө унтаж өгөхгүй байгааг ажигласнаас хамаг хэрэг манджээ. Тэрбээр ямаануудаа танил бус атлаа таатай үнэртэй жигтэй улаан буурцаг идсэнийг мэдээд олдвороо нутгийн ламтантай хуваалцав. Санваартан улаан буурцгийг хоргүй гэдэгт итгэлтэй байсан тул буцалсан усанд хийн найруулан уужээ. Кофе амталсан дэлхийн анхны хүн шинэ ундаагаа нутгийнхандаа, ялангуяа сүмийнхэндээ онцгойлон түгээсэн байна. Лам нар кофений ачаар үдэш, үүрийн мөргөлөөсөө хоцрохоо больжээ.
Хойд Африкаас зүүн Африкийн таатай уур амьсгалт хөндийд ургах болсон кофений буурцаг 1000-гаад оны үед Улаан тэнгисийг гаталсан боолчуудын хамт Иеменд хүрсэн байна. Этиоп кофений төрсөн газар бол Иемэн “өссөн” нутаг нь юм. Тухайн цагтаа шаггүй хөгжилтэй, соёлт нутаг байсан Иемэнд анх кофений аж ахуй, худалдаа бий болжээ. 1300-гаад оны үед кофений буурцгийн анхны тариалангийн талбай бий болсон нь мөн л Иеменд юм. XIҮ зууны дунд гэхэд Арабын хойг бүхлээрээ кофений диваажин болоод байв. XҮ зууны эхэнд кофе үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний төв болоод байсан Мекка хот төд удалгүй эрдэмтэн мэргэд, улстөрийн хүрээнийхний цугладаг кофений тусгай газартай болж эхэлжээ.
Аяга халуун кофе тухайн орчинд таатай уур амьсгал үүсгэдгийн нэгэн нотолгоо нь Европ дахь кофений хүч юм. XҮI зуунд тус тивд нэвтэрсэн кофе ихэс дээдсийн тансаг ундаа болсон төдийгүй, нийгмийн олон салбарт шийдвэр гаргагчдыг цуглуулдаг гол хэрэгсэл болжээ. Лондонгийн Лоид хэмээх даатгалын компани чухал асуудал шийдэх дээд албан тушаалтнуудын уулзалтад зөвхөн кофегоор үйлчилдэг журмыг саяхныг хүртэл мөрддөг байв.
Европ, Азид кофег их хэмжээгээр нийлүүлдэг байсан Арабын ертөнц олон зууны турш кофе үйлдвэрлэлийг хянаж байв. Харин Меккагийн энэтхэг гаралтай нэгэн мөргөлчин Арабын эл монополыг эвдэн, төрөлх нутаг руугаа кофений буурцгийг сэмхэн тээжээ. Арабын хойгоос илүү хөдөө аж ахуйд таатай уур амьсгалтай Энэтхэгт кофений үйлдвэрлэл хэдхэн жилийн дотор гайхалтай хурдан хөгжсөн байна. Нидерландчууд мөн дээрх энэтхэг мөргөлчний адил кофений буурцгийг зүүн өмнөд Ази дахь эзэмшил газартаа үржүүлж, XҮII зууны дунд үеэс кофе үйлдвэрлэлд хүч түрэн оржээ. Тэдний ачаар европчууд өдгөө өөрсдийн гэсэн өвөрмөц кофетэй болсон.
Их гүрнүүд хийгээд их нүүдлийн ачаар кофе дэлхийн өнцөг булан бүрт түгсэн бөгөөд өдгөө Ямайкийн Хөх уулс, Хавайн арлуудын Кона дүүрэг, Индонезийн Ява арал, Бразилийн ширэнгэд хүртэл кофений талбай бий. Кофений үйлдвэрлэл эрхэлдэг 25 сая ферм бий гэх судалгаа байдаг. Сонирхуулахад, Бразил өдгөө кофений хамгийн том үйлдвэрлэгч болжээ.
Хамгийн үнэтэй кофе
Дэлхийн хамгийн үнэтэй кофе бол нэг кг нь 320-400 долларын үнэтэй «Kopi Luwak» гэдэг кофе юм. «Kopi» гэдэг нь индонезиор кофе гэсэн үг ажээ. Харин «Luwak» гэдэг нь кофены үрээр хооллодог нэгэн төрлийн сүүн тэжээлт амьтан ажээ.
Лювак нь кофенд маш дуртай бөгөөд хамгийн шимтэй, амттай, сайхан үнэртэй кофег иддэг байна. Энэ амьтан кофены үрийг маш их хэмжээгээр иддэг бөгөөд зарим нь түүний ялгадсаар гардаг ажээ. Хэн нэгэн түүний энэ зуршлаар мөнгө олохыг сэдэх хүртэл нутгийн оршин суугчид энэ амьтныг «байгаль сүйтгэгч хортон « гэж үздэг байв.
Одоо уг амьтны ялгадсаар гарсан кофены үрээр дэлхийн хамгийн үнэтэй кофег үйлдвэрлэн гаргаж байна. Кофены үр нь лювакын ходоодоор дамжихдаа онцгой амттай болдгийг судалгаагаар тогтоосон бөгөөд үнэр нь яг л шоколадных шиг ба улаан хүрэн өнгөтэй ажээ.
Кофены биед ээлтэй 10 ашиг тус
1. Антиоксидант буюу үл исэлдүүлэгчээр баялаг. Энэ нь хөгшрөлтийг удаашруулах, хорт хавдраас урьдчилан сэргийлэхэд тустай.
2. Магнигаар баялаг. зарим хүн энэ эрдсээр дутмаг байдаг. Магни нь хүний бие дэх олон ферментийн урвалыг түргэсгэхэд шаардлагатай элемент юм.
3. Нянгийн болон наалдамтгай чанарын эсрэг үйлчилгээтэй. Италийн судлаачид кофе шүдний цоорлоос сэргийлдгийг туршилтаар баталж харуулсан байна.
4. Хоол боловсруулах үйл ажиллагааг дэмждэг. Өөрөөр хэлбэл өдөрт 1-2 аяга хар кофе ууж байвал та бие засах гэж хэдэн арван минут суухаа болиноо гэсэн үг.
5. Тамирчдын тэсвэр хатуужлыг нэмдэг. Түүнчлэн, хөдөлгөөний эвсэл нь сайжирдаг гэнэ. Тийм ч учраас Олимпийн тэмцээнд “хяналтанд авах” бодисын жагсаалтад кофег оруулсан байна.
6. Сэтгэлээс унах байдлыг багасгадаг. Сургуулийн насны хүүхдүүдийн дунд хийсэн судалгаагаар кофе уудаг байсан хүүхдүүд том болоод сэтгэлээр унах түвшин нь харьцангуй бага байсан гэнэ.
7. Паркинсоны өвчнөөр өвчлөхөөс боломжийг багасгадаг. Тусдаа хийгдсэн 6 туршилтаар кофе хэрэглэгчид уудаггүй хүмүүстэй харьцуулахад 80% бага энэ өвчнөөр өвчилдөг гэсэн дүгнэлт гарчээ.
8. Тамхины хор нөлөөг саармагжуулдаг. Архаг тамхичдыг зүрх болон элгээ хордуулах нөлөөллийг нь багасгадаг.
9. Багтраа болон толгойны өвчинг намдаана. Кофейны агууламж нь толгойн өвчнийг намдаахад нөлөөлдөг байна.
10. Элэгний төрөл бүрийн өвчин тусах магадлалыг багасгадаг. Өдөр бүр 2 аяга кофе уудаг хүмүүс элэгний циррозоор өвчлөх эрсдэл 80% бага байдаг.
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.