Гэр хорооллоос хог ачих давтамжийг нэмэгдүүлнэ

Twitter Print
2020 оны 03-р сар 23-нд 12:49 цагт
Мэдээний зураг,

Дэлхий нийтэд тархаад буй коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан захирамж гаргаж, хотын гудамж талбай, ялангуяа олон нийт ихээр зорчдог барилга байгууламж, автобусны буудлуудад ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг нэгдсэн зохион байгуулалттайгаар хийхийг холбогдох албаныханд үүрэг болгосон.

Захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд нийт 180.8 км урттай хатуу асфалтан зам, 9.2 сая метр квадрат нийтийн эзэмшлийн талбай, гэр хорооллын гудамжуудад тусгай зөвшөөрөл бүхий 38 компанийн 164 ариутгагч, 27 моторт төхөөрөмж, 33 мананцар үүсгэгч машин, 176 автомакс, халдваргүйтгэлийн тусгай зориулалтын гурван машин, Хот тохижилтын газрын мананцар үүсгэгч том оврын таван машин техник ариутгал халдваргүйжүүлэлт хийж байна.

Улаанбаатар хотын Захирагчийн албаны тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн мэргэжилтэн С.Аригуун “Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд ариутгал халдваргүйжүүлэлтийг энэ сарын 17-ны өдрөөс эхэлж хийж эхэлсэн. Төлөвлөгөөний дагуу Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдэд зориулалтын техник хэрэгслээр ариутгал хийгдсэн бол өнөөдөр Сонгинохайрхан дүүрэгт, маргааш Баянзүрх дүүрэгт ариутгал халдваргүйжүүлэлт хийгдэнэ.Гэр хорооллын нарийн гудамжаар орох боломжгүй асуудал гарч халдваргүйжүүлэлт хийгдээгүй цэгүүдэд дахин очиж халдваргүйжүүлэлтийг давтан хийгдэнэ” гэв.

Гэр хорооллын өрхүүдийн нүхэн жорлон болон эзэмшлийн 0,7 га газруудад халдваргүйтгэл хийх ажлыг дүүргүүдийн удирдлагуудад даалгажээ. Гэр хорооллын хог тээвэрлэлтийг сард хоёр удаа хийдэг ба нийтийн байранд оршин суудаг иргэд хогоо ил задгай хаях үзэгдэл их гарч байгаа аж. Тиймээс гэр хорооллоос хог ачих давтамжийг нэмэгдүүлэх үүргийг Хот тохижилтын газарт өгч ажиллаж байгааг дуулгаад, хогоо ил задгай хаяхгүй, хуваарьт өдрүүддээ хаяхыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас анхаарууллаа.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.