Ким Жон Ун чухам хэн бэ?

Twitter Print
2016 оны 12-р сар 05-нд 08:45 цагт
Мэдээний зураг,

Америкийг элдвээр сүрдүүлэн даажигнах болсон Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун  хувь хүнийхээ хувьд чухам хэн юм бол? Хэр бэлчээртэй эр вэ? Кимийн гэх гэр бүлийн дархан эрхийг дээдлэн шүтсээр ирсэн Умард Солонгосчууд "маршал маань эрүүл мэндээ үл хайхарч, ард түмнээ удирдах өндөрлөг өөд галын урсгал мэт зогсолтгүй урагшилсаар..." гэх мэтээр удирдагчийнхаа сул тал, өвчин зовлонг олон нийтээс нууж ирсэн Умард Солонгосын төрийн хэвлэл мэдээллийн хатуу зарчим бий. Нөхөр Ким Жон Ун үйлдвэр завод, хөдөө аж ахуйн нэгдэл, цэргийн анги нэгтгэлээр орж эх орныхоо хөгжил цэцэглэлтийг сэтгэл дүүрэн харж явдаг, сард хэдэн арав дахин давтдаг байсан дүрс бичлэг л өнөөдөр Солонгосчуудад "урам зориг өгч" коммунизмын төгс ялалт өөд удирдан залсаар.

Гэвч тэдний залуу халуун удирдагч чухам юуг эрхэмлэн зорьж яваа ямар зан суртахуунтай хүн бэ? Энэ жил 32-ны ой нь тохиож байгаа тэрээр эгээ Жерри хулгана мэт бяслагт дуртай болсон сул талтай. Швейцарт сурч байхдаа "Эмменталь" бяслагт их хорхойсдог болж, жил ирэх тусам улам их хэнээрхэн идсээр байгаад хэт их таргалсан, үүнээсээ болж стресстэй болсон гэх мэдээ бий. Энэ зэрэгцээ хэт их жин нэмэснээс үе мөч нь ачаалал даахаа больсон, өөх тостой хүнс их хэрэглэдгээс зүрх судасны өвчтэй болсон, жин ихтэй хүмүүс чихрийн шинжинд нэрвэгдэх нь зүй гэх мэтийн олон онош тавиад байгаа аж.

Түүнийг юу бодож сэтгэж явдаг, зан авир, сэтгэл санаагаар нь үнэлэн дүгнэхэд ямар нэгэн дүр төрх гарч ирнэ. Япон тогооч Кенжи Фужимото харин түүнийг хэн болохыг бүр балчир ахуй цагаас нь сайн мэдэх аж.

Пеньяний хүрээлэлийн сонин хачиныг түүнээс илүү мэдэх гадны өөр ямар ч хүн байхгүй. Тэрээр 2001 онд Умард Солонгосоос оргон зугтахаасаа өмнө Ким Жон Ирт арван жил хүчин зүтгэж, нэгэнт итгэлийг нь олоод байсан аж. Өдгөө 66 настай Кенжи Фужимото залуу Кимыг бүр зургаан настай байх үеэс харж хандаж байсан бөгөөд түүнийг барууны хэвлэлүүд дээр бичдэг шиг цөмийн пуужин хөөргөх товчлуур дээр дарах солиотон биш, эсвэл Холливудын эргүүтэж гүйцсэн, эрхийн тэнэг залуу байхааргүй хүн гэж бодож явдаг байна.

Кенжи Умард Солонгосын ирээдүйн удирдагчыг долоон настай байхаас нь «мерседес» машин жолоодож сургаж байсан, «Супермарио»,  «Тетрис» зэрэг тоглоомд тэрээр дуртай байсныг, архийг шилээр нь хөнтөрч, илчит галт тэрэг мэт тамхи баагиулдаг байсныг сайн санадаг гэнэ.

 - Ордонд надад хоёр төрлийн ажил байсан хэмээн Фужимото өгүүлээд, нэгдүгээрт Ким Жон Ирт суши бэлтгэж өгөх, хоёдугаарт Ким Жон Уны асрагч гэхээр ажилтай байсан учраас бяцхан Кимтэй байнга хамт тоглож, хүүхэд насных нь хамгийн ойр хүн, хүүгээс минь ялгаагүй байсан юм гэж дурссан байна.

Тэд хамтдаа хооллож, тоглож наадаад зогсохгүй, нэг оронд унтдаг байсан бөгөөд маш тансаг гэрлийн бүрхүүлтэй, уудам тохилог өрөө, зүсэн зүйлийн тоглоом өрсөн орчинд тэд хамаг цагаа өнгөрөөдөг байж. Энэ тэндгүй радио удирдлагатай тоглоомын машин, бильярдын хөөрхөн ширээ, өрөөнөөс гараад явбал асар том усан сан, кинотеатр, биеийн тамирын танхим гээд дутах зүйл юу ч үгүй байв. 

Кенжи Фужимото залуу удирдагчыг «мерседес» машин жолоодуулж сургахдаа  хөл дор нь зориуд хайрцаг тавьж өндөрлөн суулгадаг байсан бөгөөд хааз, тормозны гишгүүрийг уртасгаж өгдөг байжээ. Залуу удирдагч багадаа төрсөн ах  Ким Жон Чолоос салдаггүй, үргэлж хамтдаа байдаг байж, төрсөн өдрөөрөө гэр орныхондоо концерт хүртэл хамт тоглон сонирхуулдаг байжээ. Тэд  насны нилээн ялгаатай байсан ч хэрэлдэж зодолдохдоо хүрвэл хэн хэнээсээ дутахгүй хор шартай байсан аж. Ким Жон Ун бүр онцгой илүү шартай байжээ. Тэрээр бүр бага байхын л том хүн адил ааш авир гаргадаг, хүүхэд мэт хандаж харьцахыг үзэн яддаг, тухайлбал түүнийг есөн настай байхад нь Ким Жон Ирийн эгч нэгэн удаа «бяцхан генерал» хэмээн өхөөрдсөний төлөө маш их уурлаж, би аль хэдийнэ хүүхэд байхаа больсон шүү гэж хэлж байжээ.

Тэрээр эцгийгээ байнга гярхай ажиглаж, үлгэр дууриал болгож байдаг бөгөөд Жеймс Бонд, Клинт Иствудын кинонуудыг биширдэг эцгийнхээ нэгэн адил тэдгээр киног харж суудаг байсан аж. Сагсан бөмбөгт ч тэрээр багаасаа мөн хорхойсдог байсан бөгөөд NBA-ын тоглолтуудыг алгасаж үзээгүй гэнэ. Оройн хоолны дараа байнга сагсан бөмбөг тоглож өссөн тэрээр Америкчуудыг зөвхөн үүгээрээ илүү гэх нь байдаг аж.

Ким Жон Уны өсвөр нас ийн өнгөрч, жил ирэх тусам тэрээр плейбой хэв маягтай болж байлаа. Түүнд эцгийнх нь бэлэглэсэн усны моторт завь, хоёр ч далбаат завь байв. 14 наснаасаа тамхи татаж эхэлсэн өсвөр насны хүү шөнийн гурван цагт ч Кенжи  дээр тамхи авах гэж ирдэг байсан аж. Дуртай тамхи нь Yves Saint Laurent. Уухын хувьд тэрээр бас жаахнаасаа, насанд нь итгэхийн аргагүй их уудаг байсан гэнэ. Кенжи Фужимотогийн нотолж буйгаар, тэр ганцаараа бүтэн нэг шил архи хөнтөрчихдөг, Оросын хамгийн сайн чанарын архийг онцолж үздэг байсан бол одоо эцгийнхээ нэгэн адил Францын улаан дарс илүүд үздэг болсон байна.

Энэ мэт амьдралын хэв маяг ирээдүйн удирдагчын гэдэс бэлхүүсийг түрээд өгөлгүй яахав хэмээн Mail on Sunday хэвлэлд онцолсон байна. Фужимотогийн өгүүлсэнээр, Ким Жон Ун Лондон хотын төв Севиль Роу гудамжинд байрладаг алдартай Scabal оёдлын газрын костюмд дуртай байсан бөгөөд бүхий л цаг үед тэнд захиалга өгдөг байсан гэнэ. Эндхийн костюмуудын хамгийн  хямд нь гэхэд 2,5 мянган доллар байдаг аж.

Хувийн амьдралын тухайд гэвэл залуу Ким эмэгтэй хүнтэй харьцахдаа тун ичимхий гэж Кенжи Фужимото үздэг байна. Швейцараас ирэхдээ 18 настай байсан ч найз охингүй байсан бөгөөд ахынхаа нэгэн адил «таашаал өгөх бригадаар» үйлчлүүлдэг байжээ. Гэхдээ залуу Ким эцгийгээ олон хүүхэнтэй орооцолдоход тун дургүй байсан бөгөөд энэ үндсэн дээр ч хүргэн ах Чан Сон Тэкийг цаазалсан гэж үздэг байна. Учир нь тэрээр эцэгт нь таашаал үзүүлэх баригадын хүүхнүүдийг сонгон олж өгдөг байсан гэдэг билээ.

Харин өнөөдөр залуу удирдагч Ким Жон Ун эцгийнхээ үеийн тансаглалын хэм хэмжээнээс хол хаясан их зардал гаргадаг болсныг НҮБ-ын Хүний эрхийн Тусгай Комиссоос олж тогтоосон байна. 2012 онд гэхэд Умард Солонгос  тансаг зэрэглэлийн эд хэрэглэл худалдан авахад зориулж 645,8 сая доллар зарцуулж байсан бол Ким Чен Ир хүүгээсээ нэг дахин бага зардал буюу 330 саяыг зардаг байж, хөөрхий. Дорнын нэгэн их гүрний эзэн хаан мэт амьдралаа гэж.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.