Гулгиад гаралтай биш, гунхаад л харив

Twitter Print
2020 оны 09-р сар 23-нд 09:14 цагт
Мэдээний зураг,

Хол замд жолоо мушгидаг нөхөд мэднэ дээ. Цадталаа идэхгүй, нозоортлоо халууцахгүй явахад л нойрмоглохгүй, нозоорохгүй, замын холыг завдаж туулдаг. За тэгж яривал бурхны шашин, буддын гүн ухаанд өлөн орших буюу нүгнэй сахих тухай төгс сургаал бий.

Цаг хугацаа өнгөрөх тусам хүн гэдэг амьтан бүх талаараа гахайтай адилхан болоод байгаа нь үнэн л дээ. KFC нийгмийн үүргээ ухамсарлан дохио өгөх гээ юм болов уу даа. Атгасан гарын чинээ ходоодондоо аяга аягаар хоол чихэж, сав саваар ундаа дүүргэж, тархи нойрмог, ухаан унтаа, хэлбэр гахай, явдал нохой болсоныг бүгдээрээ л мэдэж байгаа. Өлөн бай... ядаж л бид Зоригийн хэргийн араас өлөнтөөд нэхээд байсан бол... ядаж л бид нүдэндээ нулимстай хүүхэд бүрт анхаарлаа хандуулсан бол... мэдлэгт өлөн, боловсролд өлөн, зөвд өлөн, шударга үнэнд өлөн, хөгжилд өлөн, үйлдвэрлэлд өлөн...ерөөс өлөн байхын буруу гэж үгүй. Салбарын доройтол, нийгмийн гажуудал, улс орны эзэнгүйдэлд өлөн...яадаг юм, өлөн юм шиг гэж буруутгаж л байг. Тэгж яривал өлөндүүхэн ходоод эрүүл, өлөн тархи сэргэг. Цадталаа идэж, цанхайтлаа хэхэрч, гулгитлаа залгиж, голоо хүндэртэл чихэж... бид ямар гахай юм уу, бие маань ямар хогийн сав уу? Үүнийг л KFC сануулж, тэмүүлж амьдрахын учрыг ухуулсан байна.

Өнөөдөр бид нийгмээрээ боловсролоор өлсөж, хангалттай цалингаар өлсөж, цэцэрлэгээр өлсөж, өргөн замаар өлсөж, зөв зохицуулалтаар өлсөж, шударга үнэлэмжээр өлсөж, үнэнээр өлсөж байна. Өлөн байхын нөгөө тал нь тэмүүлэл юм шүү. Тэмүүлж байж урагшаа алхана, урьтаж хөгжинө. Тэмүүлж байж л энэ олон, эцэс төгсгөлгүй өлсгөлөнгөө дарна. Тэмүүлэлд дуудсан KFC-г би л лав ойлгоно. Аа нөгөө тахиа юу, бүтэн зургаан сарын дараа саяхан хүүтэйгээ өлөнтөөд орсон, идсэн. Амт нь яг хэвээрээ, хэмжээ дамжаа нь яг л янзаараа байна билээ.

За тэгээд би бусдыг нь барах ч биш дээ, чаддагаараа твистерээ л авсан. Майонез битгий хийгээрэй гэж хэлэхээ мартаагүй. Яг л болоод явчихдаг юм. Ямар гулгиад гаралтай биш, гунхаад харихад таатай л байлаа. Өлөндүүхэн байхын буруу ерөөс үгүй. Өнөөдрийн бүх хэцүүд оюун санаа бие сэтгэл, хүсэл мөрөөдлөөрөө өлөн байж бүгдээрээ засна шүү. Угаасаа цадтал болоод бүтчихсэн юм алга л байна даг. Өлөн бай...зөв уриалга байлаа!

Р.Эмүжин

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.