Ираны жагсаалын тухай

Twitter Print
2022 оны 07-р сар 17-нд 08:40 цагт
Мэдээний зураг,

Ираны жагсаалын тухай

Сүүлийн үед Иранд өрнөж байгаа бослого тэмцэл дэлхий нийтийн анхаарлыг татаж байна. Өнгөрсөн 9 дүгээр сарын 17-нд орон нутгаас ирээд нийслэл Тегеранд аялж явсан Курд гаралтай, 22 настай Махса Амини хэмээх охин хежаб буюу нүүрний гивлүүрийг буруу зүүсэн гэдэг шалтгаанаар хууль сахиулагчид саатуулагдаж байхдаа гэнэт нас барсан байна. Эрх баригчид охины үхлийн шалтгааныг гэнэтийн зүрхний шигдээс, золгүй тохиолдол гэж мэдэгдсэн бол гэр бүлийнхэн нь охин ямар нэг суурь өвчингүй, цоо эрүүл байсан, зодуур тамлалд өртөж нас барсан байх магадлалтай хэмээн хардаж буй. Охины үхэлд эгдүүцсэн олон мянган охид бүсгүйчүүд, оюутан сурагч, залуус эдүгээ Иранд бараг нэг сарын турш Исламын үзэл баримтлал бүхий Засгийн газраа эсэргүүцсэн жагсаалыг өрнүүлж байна.

Эсэргүүцлийн жагсаал Ираны 31 муж, томоохон хотуудад тархаад байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл 200 гаруй жагсагчид амь насаа алдаад байгаа тухай мэдээ байна. Эрх баригчид жагсаалыг “Ираныг үймээн самуунд автуулах гэсэн гадаадын зохион байгуулалттай явуулга” хэмээн тодорхойлж эрс шийдэмгий тэмцэж зохион байгуулагчдыг олж илрүүлэн хатуу шийтгэл оногдуулахаа зарлаад байгаа. Хууль сахиулагчдын зүгээс жагсагчид руу гал нээх, бүр Иракийн Курдуудыг зохион байгуулагчид хэмээн сэжиглэж пуужингаар харвасан тохиолдол хүртэл гарч энэ нь хөрш зэргэлдээ орон руу халдсан олон улсын асуудал болон даамжирч байна.

Исламын хатуу чанга дэг жаяг, түүнийг чанд мөрдөж хэрэгжүүлэхийг шаардах төр засгийн уян хатан бус бодлого, хууль сахиулагчдын түрэмгий араншин, дээр нь Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой хориг арга хэмжээний үр дүнд жил ирэх тусам хүндэрч буй эдийн засгийн нөхцөл байдал, инфляц, ядуурал, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийн уналт зэрэг олон хүчин зүйлээс үүдэлтэй Ираны нийгэмд өнөөдрийг хүртэл хуримтлагдаж байсан уур бухимдал хижаб хэмээх дарьтай утсанд гал авалцсан даруй дуу дуугаа авалцан дэлбэрч байна уу гэлтэй.

Ираны өнөөдрийн нөхцөл байдлыг углуургаар нь ойлгохын тулд Ираны төрийн тогтолцоо, Дундад Азийн улс төр, геополитикийг харилцааг цогцоор харах хэрэгтэй.

Ираны төрийн байгуулалтыг аваад үзвэл дэлхийд тэр бүр байгаад байдаггүй сонин тогтолцоотой. Ер нь Бүгд найрамдах тогтолцоо бол төрийн эрх мэдэл ард түмний гарт байдаг, нийтээр хүлээн зөвшөөрсөн сонгуулийн зарчмаар сонгогдсон төлөөлөл нь төрийн эрх мэдлийг хэрэгжүүлдэг хэлбэр юм. Гэтэл Иран бол ИСЛАМЫН Бүгд найрамдах Иран Улс. Бүгд найрамдах улсын хэв шинжтэй атлаа төрийн эрх мэдэл ард түмнээс хүсэл зоригоос гадна Аллахын утга санаатай уялдаж явах ёстой гэсэн үг.

Аллахын утга санааг хэрэгжүүлэгч нь Лахбар буюу Дээд удирдагч (Supreme leader)гэх нөхөр. Иранд бүх ард түмний сонгуулиар Ерөнхийлөгчийг сонгодог. Ерөнхийлөгч нь засгийн газраа байгуулж, гүйцэтгэх засаглалаа удирдана. Үүнээс гадна хууль тогтоох дээд байгууллага парламент бий. Тэгвэл дээд удирдагч яадаг хүн бэ гэж үү? Энд л ИСЛАМЫН Бүгд Найрамдах Иран улсын тогтолцооны “нууц” оршиж буй. Дээд удирдагч нь орон даяар шашны нөлөө бүхий хүмүүсээс бүрдсэн Шинжээчийн зөвлөлөөс сонгогдох бөгөөд энэ албан тушаалд бүх насаараа ажиллана. Манайхаар бол Үндсэн хуулийн цэц, Дээд шүүхийг нийлүүлсэн гэмээр функцийг хэрэгжүүлэгч 12 хүний бүрэлдэхүүнтэй Үндсэн хуулийг хамгаалах Зөвлөл (Guardian council)-ийн тэн хагасыг Дээд удирдагч томилно. Дээд удирдагч хийгээд Үндсэн хуулийг хамгаалах зөвлөл онцгой эрхийг хэрэгжүүлнэ. Хууль тогтоох дээд байгууллага, гүйцэтгэх засаглалын байгууллагуудын шийдвэрийг хянан үзэж Исламын үзэл баримтлалд нийцэж буй эсэхэд хяналт тавин, нийцээгүй гэж үзвэл буцаах хүртэл арга хэмжээ авна.

Энэ тогтолцооны гол филисофи нь хүмүүний үйл буюу бүгд найрамдах тогтолцооны зарчмаар гаргасан шийдвэрийг бурхны номоор буюу Аллахын итгэмжлэгдсэн төлөөлөгч дээд удирдагчаар дамжуулан хянаж буй хэлбэр юм л даа. Үүгээр тогтохгүй Дээд удирдагч, болон Үндсэн хуулийн хамгаалах Зөвлөл Ерөнхийлөгч болон Парламентын сонгуульд нэр дэвшигч нарыг ч хянан үзэж хэнийг дэвшүүлэх, хэнийг болиулахыг шийдэх эрхтэй. Ингээд харахаар Ираныг бүгд найрамдах тогтолцоотой, ардчилсан улс гэж хэлэхэд нэлээн хэцүү харагдана. Гэвч тэд өөрсдөө ИСЛАМЫН Бүгд найрамдах улсын онцлог хэмээн тайлбарлана.

1979 онд АНУ, Барууны үзэл баримтлалтай 2-дугаар Палави хааныг зайлуулж төрийн эргэлт хийснээс хойш үндсэндээ өнөөгийн энэ тогтолцоо бий болон оршин тогтносоор өнөөг хүрчээ. Энэ цаг үеэс хойш дээд удирдагч хоёр хүн байсны анхных нь Аятолла Хомейни. Жинхэнэ нэр нь Рухолла Хомейни. Аятолла гэдэг нь Исламын шашны Шиа урсгалын санваартны цол хэргэм бөгөөд “Бурхны баталгаа” гэсэн утгатай үг аж. Хомейни 1989 онд нас барснаас хойш өнөөг хүртэл Ираны 3 дахь ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Али Хаминей дээд удирдагчаар тасралтгүй 33 жил ажиллаж байна. Тэрбээр одоо 82 настай.

Дээд удирдагч болон ерөнхийлөгч, хууль тогтоох дээд байгууллагын хооронд үзэл баримтлалын хувьд ялгаатай байх тохиолдлууд нэлээн бий. Дор бүрнээ улс төр хийж нэг нэгнийгээ буруушааж үгүйсгэх нь ч бий. Ялангуяа 2017-2001 онд ажиллаж байсан Ираны 11 дэх ерөнхийлөгч Хасан Рухани Дээд удирдагч Хамейнитэй нэлээн зөрчилддөг байв. Дээд удирдагч ч Иранд байгаа болж бүтэхгүй юм болгоныг Руханий ерөнхийлөгчтэй холбон шүүмжилдэг байв. Харин одоо нөхцөл байдал өөр болоод байна. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Дээд удирдагчийн талын Ибрахим Райси сонгогдон ажиллаж байгаагаас гадна парламентын үнэмлэхгүй олонхийг мань дээд удирдагчийг дэмжигчид эзэлж байна. Хамейни дээд удирдагчийн хувьд одоо аливаа асуудлыг өөр хэн нэгэн рүү чихэх ямар ч боломж байхгүй. Тиим ч учраас өнөөдөр жагсагчдын хамгийн шүүмжлэлтэй хандаж байгаа субьектаар Аятолла Хамейни дээд удирдагч өөрөө тодроод байгаа.

Хуучин ерөнхийлөгч Рухани эмэгтэйчүүдийн хувцаслалт, хижабын асуудал дээр харьцангуй уян хатан бодлого барьдаг байсан бол “хуучинсаг” дээд удирдагч маань нийгмийн аливаа болохгүй юмны үр үндсийг замбараагүй, эрээ цээргүй явдал гэж үзэж үүнтэй хатуу тэмцэх бодолтой. Өөрийнх нь талын хүн Райси шинээр ерөнхийлөгч болмогцоо эмэгтэйчүүдийн зохисгүй хувцаслалт болон түүний илрүүлж таслан зогсоох асуудалд ханцуй шамлан идэвхийлсэн нь өнөөдрийн нөхцөл байдлыг улам дордуулав. Эмэгтэйчүүдийн зохисгүй хувцаслалт гэдэг нь хежаб буюу гивлүүрээр үс, нүүр амаа бүрэн хаагаагүйтэй л холбоотой асуудал болохоос хежаб огт хэрэглэхгүй юм уу эсвэл хэт ил задгай хувцаслаад байгаа тухай ойлголт биш л дээ уг нь.

Үүнээс гадна эрх баригчид барууныхны эсрэг нэлээн хатуу байр суурьтай бөгөөд цөмийн хөтөлбөртэй холбоотой хориг арга хэмжээг яриа хэлэлцээний зарчмаар шийдвэрлэх талаар арай уян хатан байсан өмнөх ерөнхийлөгчөө ч үгүйсгэж байгаа.

Ираны жагсаалыг хэрхэх бол хэмээн олон хүн анхааран ажиглаж байна. Гэхдээ одоогийн байдлаар эрх баригчид болон жагсагчид аль нэг нь буулт хийх, яриа зөвшилцөл хийх оролдлого байхгүй байгаа бөгөөд цаашид ч зөвшилцлийн замаар тодорхой үр дүнд хүрэх магадлал багатай байна. Учир нь нэг талаас жагсаал тодорхой зохион байгуулалттай, нэгдсэн удирдлагатай, жагсахаас гадна яриа хэлэлцээний замаар асуудлаа шийдвэрлэхээр ажиллаж байгаа гэхээсээ одоогийн байдлаар нийлж бухимдлаа илэрхийлэх хэлбэртэй байгаад байна. Нөгөөтэйгүүр жагсагчдын тавьж буй асуудал чөлөөтэй хувцаслах эрх олгохыг хүссэн энгийн шаардлага шиг хэрнээ углуургаар нь аваад үзвэл Исламын Бүгд найрамдах Иран улсын оршин тогтгохын үндэс шашин үзэл суртлын асуудалтай холбогдож байгаа учраас эрх баригчдын хувьд энгийн асуудал хэмээн үзэж найр тавих хүлээн авахад бас төвөгтэй юм. Мэдээж засгийн бодлогыг эсэргүүцэн жагсаж байгаа нэг хэсэг байхад шашны үзэл сурталтай нь цуг сүсэглэн дагадаг нөгөө хэсэг ч бий.

Нийгмийн сүлжээ хэмээх орон зайд бичиж байгаа болохоор нэг удаагийн бичвэрийг нэг мянга орчим үгэнд багтаачих гэж хичээдэг юм л даа. Гэтэл яагаа ч үгүй байхад л мянга гараад явчих юм. Тэгээд олон тасалж цувралаар бичихээр холбож уншихад төвөгтэй байдаг бололтой. Пэйжээс маань өгч байгаа мэдээллээр миний бичвэр дунджаар 10 орчим мянган хүрдэг бололтой. Дээд тал нь (Тайваний тухай бичвэр)150 мянга хүрж байсан л даа. 10 мянган хүнд хүрэхэд эрхбиш ганц, хоёр зуун хүн бүрэн уншдаг байх гэж бодоход урамтай л байдаг юм.

Эцэст нь хэлэхэд Исламын Бүгд найрамдах улс болоод ч тэр үү? жагсаал цуглаан болоод байгаа болохоор ч тэр үү? Саид Моллайгаас ч болоод тэр үү? Иран гэхээр маш хаалттай, чанга дэглэмтэй эгээл Афганистаны Талибуудын шиг улс гэж боддог улсууд цөөнгүй бололтой. Мэдээж ардчилсан тогтолцоотой улсуудтай харьцуулахад тийм боловч Дундад Азидаа “харьцангүй” нээлттэй, чөлөөтэйд тооцогдох улс юм. Шашин шүтлэг, оршин суугаа газар, гэр бүлийн хүмүүжлээ дагаад эмэгтэй хүний эрхийн тухай ойлголт харилцан адилгүй байх нь бий боловч сурч боловсрох, ажиллаж хөдөлмөрлөх, жолоо барих, нийгмийн харилцаанд орох асуудлаар эмэгтэйчүүдэд харьцангуй нээлттэй гэж ойлгож болно. Мэдээд ойролцоо Дундаж Азийн улсуудтай харьцуулахад шүү дээ. Саудын Арабт л гэхэд эмэгтэй хүн саяханаас л ханхүү Мухамед Бен Салманы шинэчлэлийн бодлогын үр дүнгээр жолоо барьдаг болсон гээд бодоход шүү дээ.

Ираны түүх, Саудын Арабтай хийж буй улс төр, геополитикийн мөчөөрхөл, АНУ-ын Дундад Ази, Иран дахь ашиг сонирхол, Обама, Трамп, Байдены байр суурь, ОХУ, Хятадын Дундад Ази дахь ашиг сонирхол, Ираны цөмийн хөтөлбөр гээд цааш нь цувралаар Ираны тухай бичих асуудал ундраад л байх юм байна. Та бүхэн сонирхвол жаахан явуулна аа.

Ж.Гантулга

 

 
 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.