ДЭМБ амны хаалт зүүхийг зөвлөж байна

Twitter Print
2023 оны 01-р сар 11-нд 12:00 цагт
Мэдээний зураг,

КОВИД-19 өвчнийг үүсгэгч Омикрон вирусын шинэ дэд хувилбар тархаж байгаатай холбоотойгоор ДЭМБ олон цагийн нислэгийн үеэр зорчигчдод амны хаалт зүүхийг зөвлөж байна.

ДЭМБ болон Европын холбооны албаны хүмүүсийн мэдээлснээр Европт Омикроны XBB. 1.5 дэд хувилбарын халдварын цөөн тохиолдол бүртгэгдсэн ч уг вирусын халдвар хурдацтай тархах эрсдэл өндөр байгаа аж.

ДЭМБ-ын Европыг хариуцсан ахлах мэргэжилтэн Кэтрин Смоллвууд олон цаг үргэлжлэх нислэг нь коронавирусын халдвар тархах өндөр эрсдэлтэй орчинд тооцогдох ба тухайн онгоцоор зорчиж буй иргэдэд амны хаалт зүүхийг зөвлөх нь зүйтэй гэдгийг онцолжээ.

Омикроны XBB.1.5 хувилбар нь өмнө нь бүртгэгдсэн Омикроны дэд хувилбаруудаас хамгийн хурдацтай тархах чадвартай нь бөгөөд 1-р сарын 7-ны байдлаар АНУ-д бүртгэгдсэн халдварын нийт тохиолдлуудын 27.6 хувь нь уг хувилбарын халдварыг авсан нь тогтоогджээ.

XBB.1.5 хувилбар нь халдварын томоохон давалгаа үүсгэх эсэх нь тодорхойгүй байгаа ч коронавирусын эсрэг вакцинд хамрагдах нь КОВИД-19 өвчин хүндрэх, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, нас барах эрсдлүүдээс хамгаална гэдгийг мэргэжилтнүүд онцолсоор байна.

ДЭМБ улс орнууд гадаад руу зорчих гэж буй иргэдийн коронавирусын шинжилгээний хариуг үндэслэн авах арга хэмжээгээ тодорхойлох хэрэгтэй хэмээн зөвлөж байна.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.