Шийдвэр гаргасан хүмүүс огцрох байтугай гэмт хэрэг бус уу

Twitter Print
2021 оны 09-р сар 18-нд 10:28 цагт
Мэдээний зураг,

Коронавируст халдварын тархалт тасрахгүй зогсохгүй байна. Мэдээж хэрэг шүү дээ. Учир нь хүмүүсийн контакт тасрахгүй байна. Өөрөөр хэлбэл хүмүүсийн хөдөлгөөн хязгаарлагдахгүй, хүмүүс хоорондын контакт тасрахгүй байгаа нөхцөлд вирус баталгаатай тархах нь дамжиггүй. Энэ бол ойлгомжтой.

Өчигдөр энэ улсын “ТӨР ЗАСАГ” эдийн засгаа сэргээж, эрүүл мэндээ аврах үйл ажиллагааныхаа хүрээнд “ДИЖИТАЛ ҮНДЭСТЭН-DIGITAL-NATION21” гээч үйл ажиллагаа зохиож, иргэд үйл олноороо цугларчээ. Сошиал дээр тавигдаж байгаа зургуудаас цугларсан олныг хараад бүр гайхаж, өөрийн эрхгүй айдас төрснийг нуугаад яахав.

Энэ халдварт өвчний тархвар зүйн зүй тогтолоос харахад эндээс хойш 7-10 хоног өнгөрөхөд одоо өдөрт батлагдаж байгаа шинэ халдварын тохиолдлын тоо 2-3 дахин нэмэгдэх болно. Шинэ халдварын мэдээлж байгаа тоогоо нуугаагүй тохиолдолд шүү дээ. Тэрнээс хойш 7 хоногийн дараагаар хүндэрсэн өвчтөний тоо заалттай юм шиг нэмэгдэнэ. Хүндэрсэн өвчтөний тоо нэмэгдэх тусам нас баралтын тохиодлын тоо өснө. Ийм л зүй тогтолоор энэ халдварт өвчин тархаж байгаа.

Хоёр жилийн өмнө энэ халдварт өвчин анх дэгдэхэд халдварт өртсөн хүмүүсийн 80 орчим хувь нь хөнгөн тусаж, үлдсэн 20 орчим хувь нь хүндэрч байгаа эмнэлзүйн онцлогтой байсан. Тэр 20 орчим хувиас 5 хувь нь нэн хүнд хэлбэрлүү шилжиж, 2-3% нь нас барж байсан.

Гэтэл одоо вирус 3-р үеийн мутац хувилбарууд руу шилжиж, вирусийн тархалт маш хурдацтай дээр нь хоруу чанар өндөртэй, бас вакцины дархлаанаас зайлсхийх эсвэл дархлаа нэвтэрч халдварлах чадвартай болсон. Өөрөөр хэлбэл манай улсын нийт шинэ халдварын тохиолдлын дийлэнх хувьд нь батлагдаж байгаа коронавирусийн дельта хувилбарын нэг онцлог нь өмнөх Ухань эх омог болон анхны буюу 2-р үеийн омогуудаас биемахбодид ачаалласан вирусийн хэмжээ маш ихтэй байгаа явдал юм. Дээр нь хүн амын тоондоо харьцуулахад тохиолдлын эзлэх хувь ч тэр, нас баралтын түвшин ч усадулс орнуудаас өндөр байгаа.

Вирусийн хэмжээ маш өндөр байгаа нь тэр чинээгээрээ халдвар авах эрсдэл өндөр байгаа гэдгийг харуулж байгаа гэсэн үг. Тэгэхээр дельта хувилбарын бусад хувилбаруудаас ялгаатай нь вакцин хийлгэсэн ч гэсэн бусдыг халдварлуулах бусдын халдварт өртөх боломжтой явдал.

Өчигдөр оройны үйл ажиллагаанд оролцсон хүмүүс жишээ нь вакцин хийлгэсэн байсан ч гэсэн халдварт өртөх эс бөгөөд халдвар тархаах бүрэн боломжтой хүмүүс байсан гэсэн үг.

Тиймээс үүнээс хойшид халдварын шинэ тохиолдлын тоо огцом нэмэгдэхэд гайхах зүйлгүй шүү, хүмүүс минь.

Засгийн газар, УОК, НОК нөгөө халдварын тархалтыг хянах, барьж тогтоох зорилготой хорио цээрийн улаан шар өнгийн дэглэм яалаа гэж асуумаар байна.

Гэсэн ч өөрсдөө болохоор “ДИЖИТАЛ ҮНДЭСТЭН-DIGITAL-NATION21” хийж, хорио цээрийн өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэм барихгүй байхыг уриалж байгаа юм байна гэж ойлгогдлоо.

Тэгсэн мөртлөө иргэд, үйлчилгээний байгууллагыг болохоор халдвараас сэргийлэх хүчин чармайлт гаргахыг уриалах уу.

Энэ чинь олон нийтийг төөрөлдүүлж, төр засагт үл итгэх хандлагыг бий болгож байгаа биш гэж үү.

ТӨР ЗАСГААС үүнийг асуумаар байна. Өнөөдрийг хүртэл нэг ч гэсэн өвчтөнг аюулаас аврах гэж нойр хоолоо хасан байж, өдөр шөнө алгасалгүй тэргүүн эгнээнд ажиллаж байгаа эмч сувилагч, эмнэлгийн ажилтнуудын маань хүч

хөдөлмөр юу ч биш байсан гэж үү. Энэ халдварт цар тахалд өртсөн 270 гаруй мянган Монгол улсын иргэний өвчин шаналал, энэ өвчний улмаас цаг бусаар энэ хорвоог орхисон 1000 гаруй Монгол хүний амь нас, ар гэрийн уй гашуу юу ч биш байсан гэж үү. Үүнийг асуумаар байна.

Даанч арай биш үү. Шийдвэр гаргасан хүмүүс огцрох байтугай гэмт хэрэг бус уу. Санаатайгаар халдвар тархааж байгаагаас ялгаа байна уу. Юун Энх-Саран цаашаа!

Ойдовын Батгэрэл Ph.D

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.