Коронавирусын халдварын дэгдэлттэй холбоотойгоор Ази гаралтай америкчууд галт зэвсэг ихээр худалдан авах болжээ

Twitter Print
2020 оны 03-р сар 17-нд 12:23 цагт
Мэдээний зураг,

Коронавирусын халдварын дэгдэлттэй холбоотойгоор нийгэмд эмх замбараагүй байдал үүсч болзошгүй хэмээн эмээсэн америкчууд галт зэвсэг ихээр худалдан авч байна.

АНУ-ын баруун эргийн хотуудад галт зэвсэг худалдаалдаг дэлгүүрүүдийн гадаа иргэд урт дараалал үүсгээд байна. Калифорни мужийн Калвер Сити хотын нэгэн бууны дэлгүүрээр үйлчлүүлэгч LA Times сонинд өгсөн ярилцлагадаа, "Улс төрчид болон галт зэвсгийн эсрэг байр суурьтай хүмүүс бидэнд буу хэрэггүй гэж их олон жил ярьсан. Гэхдээ яг одоо хүмүүс айдастай байна, тийм учраас хүмүүс буу авах эсэхээ өөрсдөө шийднэ." гэжээ. Америкийн хамгийн том бууны сүлжээ дэлгүүр болох Хайат Гаанс дэлгүүрийн эзэн Ларри Хайат The Guardian сонинд өгсөн ярилцлагадаа, "Энэ бизнесийг эрхлээд 61 жил болж байна.

Энэ хугацаанд иргэд ингэж олноороо галт зэвсэг худалдан авч байсан хоёр дахь тохиолдол болж байна." гэжээ. 2012 онд Америкийн Коннектикут мужийн Сэнди Хүүк бага сургуульд зэвсэгтэй этгээд сурагч хүүхдүүд болон ажилчдын аминд хүрсэн хэрэг гарсаны дараа иргэд буу худалдан авах явдал огцом нэмэгдэж байжээ. Ларри Хайатын мэдээлснээр худалдан авагчдын дунд AR-15 хагас автомат винтов загварын буу хамгийн их эрэлттэй байгаа гэнэ. Түүний хэлж байгаагаар эдийн засгийн уналт, цар тахал, гэмт хэргийн тоо нэмэгдсэн, улс төрийн нөхцөл байдал тогтворгүй байгаа зэрэг бүх зүйл давхацсан нь иргэдийг галт зэвсэг худалдан авахад хүргэжээ.

coronavirus buy gun-н зурган илэрц

Цахимаар галт зэвсэг борлуулдаг ammo.com сайтын 2-р сарын 23-наас 3-р сарын 4 хүртэлх борлуулалтын мэдээллээс харахад эдгээр 11 өдрийн хугацаанд гар бууны борлуулалт 68 хувиар өссөн байна. Тодруулбал, Хойд Каролина мужид галт зэвсгийн борлуулалт 179 хувиар, Жоржиа мужид 169 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байгаа ба дээрх хоёр мужаас гадна Пенсильвани, Техас, Флорида, Иллинойс болон Нью Йорк мужуудад мөн худалдан авалт нэмэгджээ. Ammo.com сайтын маркетингийн менежер Алекс Хорсман, "Галт зэвсгийн борлуулалтанд нөлөөлөх хэд хэдэн хүчин зүйл бий. Ихэнхдээ улс төрийн үйл явдлууд, эдийн засгийн тогтворгүй байдлын үед хүмүүс эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдөнө гэж боддог гэтэл анх удаа халдварт өвчний вирус гар бууны борлуулалт огцом нэмэгдэхэд хүргэлээ." гэжээ.

The Trace сонинд бичсэнээр Вашингтон болон Калифорни мужуудад ялгаварлан гадуурхалт, түүнтэй холбоотой хүчирхийллээс эмээсэн Ази гаралтай америкчууд гар буу худалдан авах нь нэмэгджээ. Лос Анжелесийн захад гар буу худалдаалдаг Дэвид Люгийн хэлсэнээр Ази гаралтай хүмүүс ямар нэгэн бослого гарах вий, коронавирус анх Хятадад гарсан учраас хүмүүс хятадуудыг байгаа болгох вий гэсэн айдастай байгаа аж. Галт зэвсэг ихээр борлуулагдаж байгаатай холбоотойгоор мэргэжилтнүүд хүүхдүүдийн аюулгүй байдалд санаа зовниж байна.

coronavirus buy gun-н зурган илэрц

Өрх гэрт галт зэвсэг хадгалах нь хүүхдүүдийн аюулгүй байдлыг эрсдэлд оруулдаг нь судалгаагаар батлагдсан ба АНУ-д галт зэвсэг нь хүүхдүүд золгүй байдлаар амиа алдах хоёр дахь том шалтгаан болдог байна. Мичиганы Нийгмийн эрүүл мэндийн сургуулиас хийсэн судалгаагаар галт зэвсгээс үүссэн шарх, бэртэл гэмтэл нь 14-17 насны хүүхдүүд золгүйгээр амиа алдах хамгийн том шалтгаан болдог аж.

Эх сурвалж: Ammo.com 

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.