Төрсөн өдрийн мэнд хүргэе, О.Гүндэгмаа

Twitter Print
2015 оны 05-р сар 23-нд 16:26 цагт
Мэдээний зураг,

Эх орондоо үнэнч Отрядын Гүндэгмаа

Манай улс чөлөөт, жүдогийн төрлөөр анх Олимп, дэлхийн аваргаас медаль авч бөхийн орон хэмээн алдаршсан. Харин буудлагын спортоор дэлхийд хүчтэй өрсөлдөгч болон гарч ирэхэд Олимп, дэлхийн медальт гавъяат тамирчин Д.Мөнхбаяр, О.Гүндэгмаа нарын хувь нэмрийг үнэлж баршгүй билээ. Монгол улсаас Олимпийн наадамд анхны медаль хүртсэн эмэгтэй тамирчин Д.Мөнхбаяр өдгөө Герман улсын нэрийн өмнөөс тэмцээн уралдаанд оролцож байгаа бол О.Гүндэгмаа 20 шахам жил буудлагын спортод үнэнч зүтгэж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явна.

Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин О.Гүндэгмаа 1978 оны тавдугаар сарын 23-нд Улаанбаатар хотод төрсөн. 1993 оноос эхлэн буудлагын спортоор хичээллэж Олимп, дэлхийн медаль хүртсэн Монголын хоёр дахь эмэгтэй тамирчин болсон аж. 1998 онд Испанийн Барселона хотод болсон буудлага спортын дэлхийн аваргад Д.Мөнхбаяр, Д.Оюун, О.Гүндэгмаа нарын бүрэлдэхүүнтэй Монголын баг хүрэл медаль авсан. Түүнээс хойш О.Гүндэгмаа дэлхийн шилгүүдтэй цэц мэргэнээ сорьж 2006, 2014 оны дэлхийн аваргаас хувийн төрлөөр хүрэл, 2002, 2006, 2014 оны Азийн наадмаас хувийн төрлөөр хүрэл медаль хүртсэн аж. Мөн 2014 онд БНСУ-ын Инчон хотод болсон Азийн наадмын буудлагын багийн төрөлд Т.Баярцэцэг, Ц.Мөнхзул нарын хамтаар оролцож хүрэл медаль энгэртээ зүүсэн юм.

Түүний оргил амжилт нь 2008 онд тохиож Олимпийн мөнгөн медаль хүртсэн. Манай урд хөршид зуны Олимпийн их наадам болоход О.Гүндэгмаа 25 м-ийн гар бууны дасгалд амжилттай буудаж рекорд амжилтыг давтсан ч хоёрдугаар байр эзэлсэн. Энэ төрөлд БНХАУ-ын мэргэн бууч Олимпийн рекорд шинэчлэн тогтоож алтан медалийн эзэн болсон бол Германы нэрийн өмнөөс оролцсон гавъяат тамирчин Д.Мөнхбаяр хүрэл медаль хүртсэн нь түүхийн ховор тохиолдол байлаа.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.